Том дугуй учраас жижиг тулгуур тавиад зогсохгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.06.24

Том дугуй учраас жижиг тулгуур тавиад зогсохгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Даваа гаригт АН-ын бүлэг мэдээллэхдээ “АН-ын гишүүд МАН-ыг Засгаас гаргавал яасан юм, гэрээгээ эргэж харах хэрэгтэй” гэсэн зүйлийг ярьсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ ?

-УИХ дах МАН-ын бүлэг дээр энэ асуудлыг яриагүй. Ер нь хувь гишүүнийхээ хувьд хоёр намын засаг хамтрах үед байгуулсан гэрээг эргэж харж, дүгнэх ёстой гэж харж байгаа. Миний хувьд хамтарсан засаг байгуулах гээд зөвшицлийн ажлын хэсэг ажиллах байх үед оролцсон гишүүдийн нэг. Тухайн үед хамтарсан засаг байгуулахдаа албан тушаал хуваахаас илүү хамгийн гол нь ажил хийх ёстой, гол юу хийх вэ гэдгээ тэр гэрээнд тусгасан.

Улстөрийн хүрээнд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж, одоо байгаа засаглалаа боловсронгуй болгох тухай, Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулан, Сонгуулийн хуулийг шинэчлэх зэргийн тодорхой хуулиудыг нэр зааж оруулсан. Дээрээс нь эдийн засгийн хямрал, хүндрэлээс гарахын тулд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх, тухайлбал Оюутолгой, Тавантолгой.

Түгжээд, гацаад гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа буруу харалцаад суусан энэ зүйлээ больж, нэг зүгт хардаг больё гэсэн жишгээр төслөө цааш нь явуулж, Тавантолгой, Оюутолгойн төслийг өнөөгийн хүрсэн хууль эрх зүйн түвшинг бууруулахгүйгээр түгжээг мултлах тухай тохирсон. Дараагийн асуудал нь эрчим хүч, зам харилцааны чиглэлийн томоохон төслүүдийг явуулах тухай байсан ч аль нь ч яваагүй.

-Тэгэхээр ажил урагшилахгүй байгаа гацааг хэн хийгээд байгаа юм бэ ?

УИХ дах АН-ын бүлэг. Учир нь ажлын хэсгийг ахалж байгаа нь дандаа АН-ын бүлгийн гишүүд. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойг Н.Батбаяр гишүүн, Сонгуулийн тухай хуулийг Р.Бурмаа гишүүн, Тавантолгойг Л.Эрдэнэчимэг гишүүн ахлаж байна. Тэгэхээр гэрээнд заасан олон хуулиудыг АН өөрсдөө ахлачихаад эдгээр хүмүүсийн зөрчлөөс болон эдийн засаг, улстөрийн бүлэглэлээс болж УИХ дээр асуудал унаад байна.

Өнөөдөр Засгийн газрын дэмжсэн хуулиас УИХ дахь МАН-ын бүлэг ямар хууль унагасныг ард иргэд ч харж, УИХ дээр ч гэсэн цагаан дээр хараар бичсэн байдлаар үзэж болно. Ингээд үзвэл манай бүлэг зөвийг нь дэмжиж, бурууд шүүмжлэлтэй хандаж цаашдаа ч ийм байна. Ер нь хоёр нам үйл ажиллагаагаа  дүгнээд өнөөгийн байдалдаа үнэлэлт өгөх ёстой.

Ялангуяа чуулган дуусахаас өмнө. Хэрвээ ингэхгүй бол жилийн эцсээр бидэнд хүссэн хүсээгүй хүндрэл үүсэх магадлал маш өндөр байна. Учир нь энэ долоо хоногт гишүүдэд 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан эцсийн байдлаар ирсэн.  Үүнийг харахын бол гадаадын хөрөнгө оруулалт О заасан. 2011-2012 оны хооронд жилдээ гадаадын хөрөнгө оруулалт гэж 2-3 тэрбум ам.доллар орж, ажлын байрыг нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдийн бизнесийг хөдөлгөж байсан бол өнгөрсөн гэхэд 832 сая ам.доллар болсон.

Харин оны эхний хагасын байдлаар л гэхэд 74.2 сая ам.доллар байна. Жилийн  эцэс гэхэд өмнөх ондоо ч хүрэхгүй байх магадлалтай. Түүнчлэн төсвийн алдагдал 600 тэрбум руу орчихсон.  Өнгөрсөн жилийн алдагдал тодотгоод байхад л нэг их наяд руу орсон.

Тэгэхээр энэ нөхцөл байдал чинь өөрөө хүссэн хүсээгүй АН , МАН хожихгүй. Харин ард түмэн хожихын тулд нийгэм эдийн засгийн томоохон шийдлүүдээ гаргах цаг нь болсон гээд засаг хамтарсан. Ингэхийн тулд л ажлаа хий гээд байгаа юм.

-Ер нь хэн нэгэн нь засгаас гарлаа гээд юу өөрчлөгдөх юм бэ ?

-Засгаас гарах гарахгүй нь бараг арав дах асуудал. Засаг дээр хэн нэгэн нь сайд болохгүй асуудал бол АН-ын мөрөөдлийн л зүйл. Одоо бол улс орон яаж эдийн засгийн дампуурлаа зарлачихгүй, ард иргэдийн амьдрал одоогийнхоос дор орчихгүй байх уу гэдэг л асуудал.

Ингэхийн тулд гол гарц нь юу вэ гэхээр “Үндсэн хуулиндаа” нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Үндсэн хуулиасаа болоод засаг тогтворгүй болох олон үйлдлүүд гараад байна гэж судалгаагаар нотлогдоод байна. Улстөржилт, талцал бол хэрээс хэтэрлээ.

Одоо бол ард түмэн төрдөө итгэх итгэл асар ихээр суларч байна. Энэ чинь нийгмийн сэтгэл зүйд маш сөрөг нөлөөтэй. Ийм нөхцөлд бид Сонгуулийн хуулиа ойлгомжтой, сонгогчидод итгэл төрүүлэхүйцээр бий болгох ёстой. Бас эдийн засгийн том зүйлүүдээ шийдэхгүйгээр цааш явахгүй. Хүссэн ч эс хүссэн ч тулчихсан байгаа асуудлыг шийдээд явахаас өөр гарцгүй. Магадгүй засгаас гарах гарахгүй нь зарим хүмүүст сонирхолтой байж магадгүй.

-АН-ын зүгээс МАН-ын бүлгийнхэн улстөрийн томилгоотой асуудал дээр л сайн оролцож бусад зүйлд хойш суусан гэж ярьсан ?

-Мэдээж Ч.Сайханбилэгийн засаг байгуулагдаад олон ажил хийх гэж оролдож байна. Тэгэхээр засгийн газрын түвшинд гүйцэтгэж байгаа ажлуудын автор хэн дээр очих вэ гэхээр одоогийн засгийн газарт л очино. Гэхдээ ардз иргэдэд хамгийн ашигтайгаар хүрч байгаа шийдвэрүүдийг гаргаж байгаа сайд нар нь хэн байна гэдгийг хараарай. Тухайлбал ипотекийн зээлийг авахын тулд 30 хувийг төлдөг 10 хувь хүртэл болгох гээд Барилгын сайд ажиллаж байна.

Олон улсын эдийн засгийн судлаачид манай улсыг таван төсөвтэй гэж хэлж байсныг Сангийн сайд нэг төсөвтэй болгосон. Тиймээс тодорхой шийдвэрүүдийг МАН-ынхан гаргаж, засаж л байгаа. Гэхдээ том өнхөрч буй дугуй учраас жижиг тулгуур тавиад зогсохгүй л дээ.

-Засгийн газар мэдээж танхимын зарчмаар ажиллаж байгаа байх. Гэтэл нөгөө талдаа МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газартай уялдаагүй, бодлогыг нь унагаадаг шийдвэрүүдийг гаргаад байгаан биш үү ?

Аль ч намын засаг байсан буруу зүйл хийж байгаа УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шүүмжилнэ. Тиймээс гаргаж байгаа шийдвэрүүд нь ард түмний язгуур эрх ашигт муугаар нөлөөлвөл бид байр сууриа илэрхийлэнэ.