Иргэд цахилгааны төлбөрөө өндөр тарифаар төлдөг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
2015.06.10

Иргэд цахилгааны төлбөрөө өндөр тарифаар төлдөг

Нийслэлийн гэр хорооллын иргэдээс цахилгааны төлбөртэй холбоотой өргөдөл гомдлууд ихээр ирж буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нөхцөл байдлыг судалсан байна.

Уг ажлын хүрээнд ШӨХТГ-ын дарга, албан хаагчид нийслэлийн гэр хорооллын хороодуудаар явж иргэдтэй уулзалт хийхэд нэг хашаанд ах дүү хамаатан саднаараа гурваас таван айл амьдран суудаг бөгөөд хашааны эзэн айлын нэр дээр цахилгааны тоолуур байдаг аж. Иймд нэг хашаанд байдаг айлуудын цахилгааны төлбөр 150 квт-аас дээш гардаг, өдөр шөнийн тарифаар ялгаж боддоггүйгээс илүү төлбөр төлдөг, битүү хайрцган дотор таваас зургаан айлын тоолуурыг түгждэгээс хяналт тавих боломжгүй зэрэг зөрчлүүд маш ихээр гардаг ажээ.

Мөн дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийн хувьд уг төлөвлөлтөөс болж амьдрах орчин нөхцөлөө сайжруулж болохгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай гомдлыг ихээр тавьж байлаа. Учир нь дахин төлөвлөлтөнд одоогоос хоёр жилийн өмнө орсон хэдий ч өнөөдрийг болтол байшингийн сууриа ч ухаагүй байгаа нь тэр бүсэд амьдран сууж буй айл өрхүүдэд тодорхойгүй байдал үүсч итгэл алдрарч байгаагаа хэлж байлаа. Тийм учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг шалгаж өгөхийг ШӨХТГ-аас хүсчээ.

Өөр нэг томоохон асуудал бол иргэдийн аюулгүй, тайван оршин суух нөхцөл байдалд аюул үүсгэх болсон эзэнгүй, тэнэмэл нохойг устгах, хог хаягдыг тээвэрлэх үйл ажиллагаа болон зарим худаг усны эрүүл ахуйн асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гомдлыг ШӨХТГ-ын улсын байцаагч нарт өгчээ.

Дээрх асуудлуудыг хянан шалгах, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан гэр хорооллын цахилгаан төлбөр, дахин төлөвлөлт, хог хаягдлын менежментийн асуудлаар хяналт шалгалтын гурван ажлын хэсэг байгуулж ажилд нь оруулжээ.