“Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагчтай болно”
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо.
2015.06.03

“Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагчтай болно”

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо.  

Тус хуралдаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдээс  гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцсон юм. Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, 2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын хүрээний баримт бичгийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.

-Хүүхэд хамгааллын бодлогод ямар шинэ эрх зүйн  зохицуулалт тусгасан бэ?

Шинэ цагийн хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. 90 жилийн түүх гэдэг бага хугацаа биш. Үе үеийн олон багш, удирдлага хүүхдийн төлөө маш их зүйл хийж бүтээсэн. Хүүхдийн эрхийн талаар эрх зүйн цоо шинэ орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хүүхдийн үндэсний зөвлөлийн оролцоог дээшлүүлэхээр ярьж байгаа. Эрх зүйн хувьд тодорхой заалт оруулна.

Гэр бүлийн тухай, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиудаар хүүхдийн эрх зүйн шинэ орчин бүрдэнэ гэж үзэж байгаа.Хүүхдийн төлөө гэсэн төрийн болон төрийн бус байгууллага олон  байгаа. Тэдний эрх үүргийг тодорхойлох эрх зүйн зохицуулалт бага учраас хүүхэд хамгааллын орчныг зохицуулах нь бага байдаг. 

Тиймээс Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, ажилтнууд тодорхой эрх үүрэг эдэлж, хэрэгжүүлж чаддаг эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилт тавьж байна.

-Хүүхдийн эрх зөрчигдсөн нөхцөлд хамгаалах ямар арга хэмжээ авахаар төсөлд тусгасан бол?

Хүүхдийн эрх зөрчигдөхөд хүүхдийн төлөө байгууллагуудад эрх зүйн чадамж дутагддаг. Тиймээс хүүхдийн  эрхийг хамгаалах  улсын байцаагчтай болохоор хуулийн төсөлд тусгасан.

Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тодорхой арга хэмжээ авах, торгууль ногдуулах, тэр бүү хэл хүүхдийн өмнөөс өмгөөлөл, нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Эцэг эх байх эрх дээр хүртэл асуудал тавин хөндөх эрхзүйн зохицуулалтыг бий болгоно. Ингэж байж хүүхдийн эрхийг хамгааална гэж бодож байгаа.