Хууль зөрчсөн албан тушаалтнаар СӨХ-нд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газар
2015.05.29

Хууль зөрчсөн албан тушаалтнаар СӨХ-нд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газрын хурлын танхимд өнөөдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. 

Энэхүү хэлэлцүүлэгт ШӨХТГ-ыг удирдлагууд болон СӨХ-ны төлөөлөл, иргэд оролцож байна.

ШӨХТГ-т ирдэг нийт санал гомдлын 30 орчим хувь нь СӨХ-ны үйл ажиллагааны асуудалтай холбоотой байдаг ажээ.

Тиймээс орон сууцны тоо нэмэгдэж, СӨХ-дын эрх зүйн зохицуулалтын асуудалд доголдол гарч буйтай холбоотой хуулийн төсөлт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Иргэдээс ирж байгаа түгээмэл зөрчил гомдол нь

1.    СӨХ-г байгуулахдаа иргэдийн санал, гомдол, оршин суугчдын оролцоог хангаж чадахгүй байна,
2.    СӨХ-ийн төлбөр хураамжийн хэмжээг тогтоох, зарцуулалтыг тодорхойлох, хянах,
3.    Гадна тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний асуудал хангалтгүй,
4.    Оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа явдал байна,
5.    Оршин суугчдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусад байгууллагуудад шилжүүлэх,
6.    СӨХ-тэй холбоотой хууль тогтоомжид төрийн болон захиргааны байгууллагуудын эрх үүрэг тодорхойгүй байна,
7.    Мөн хууль дээр заагдсан хариуцлагын хэм хэмжээ сул байна” гэв.

ШӨХТГ-ын зүгээс иргэдэд тулгарч байгаа энэ асуудлууд хууль эрх зүйн орчиндоо байна, эрх зүйн орчинд өөрчлөлт гарахгүй бол гомдол тасрахгүй гэж үзэж байгаа ажээ.

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ямар асуудлыг зохицуулах вэ?

  • Хууль зөрчсөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх нарыг албан тушаалаас чөлөөлөх, хариуцлага тооцох, СӨХ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх,
  • Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох зардлын хэмжээг хэрхэн тогтоох талаар нарийвчилсан зохицуулалт болон төрийн захиргааны төв байгууллага, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох үйл ажиллагаанд мөрдөх журам, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг тус тус баталдаг байхаар зохицуулжээ.

Ингэснээр тааламжтай эрх зүйн орчин бүрдэж СӨХ-ны үйл ажиллагааны доголдол, оршин суугчдын гомдол санал буурах сайн талтай гэж үзэж байгаа юм байна. 

Тэд өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос санал авч хуулийн төслийг улам боловсронгуй болгох юм.