Одоогийн парламент, засгийн газарт ард түмэн ч гадаадын хөрөнгө оруулагчид ч итгэхгүй байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.05.22

Одоогийн парламент, засгийн газарт ард түмэн ч гадаадын хөрөнгө оруулагчид ч итгэхгүй байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсэг төслөө хараахан бэлэн болгоогүй байна. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх болсон гэж та үзэж байна уу? 

Өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг шаардаж байна. Энэ парламент байгуулагдсанаас хойш УИХ-аас Л.Цог гишүүнээр ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдгийг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Тус ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналыг гаргасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бичих ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт анхны Үндсэн хууль батлалцаж байсан болон парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганд багтаан хэлэлцэх ёстой 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нэлээн тооцоо судалгаатай, ард иргэдийн болон эрдэмтэн судлаачдын саналыг сонсож, тусгах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар яригдаж эхэлснээс хойш онол практикийн хурлууд зохион байгуулагдаж байна. Г.Занданшатарын санаачилсан “Үндсэн хууль Зөвлөлдөх ардчилал” олон улсын хуралд Америк, Герман, Швейцар гэх мэт олон орны эрдэмтэд оролцож байр сууриа илэрхийллээ. 

Мөн хэд хэдэн судалгааны баг байгуулагдан ажилласан. Тухайлбал УИХ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтраад “Иргэдийн оролцоотой хууль тогтоох байгууллагыг дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэгт эрдэмтдийн баг байгуулж дүн шинжилгээ хийлгэсэн. Тус эрдэмтдийн баг Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой. Ингэхдээ анхны хууль хэрэгжихдээ юун дээрээ алдав, ямар заалтад өөрчлөлт оруулах вэ гэдэгт дүгнэлт гаргасан. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганд багтаан хэлэлцэх ёстой гэж бодож байна. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ судалгаа шинжилгээтэй, нухацтай хандах ёстой гэж хэллээ. Гэтэл яагаад заавал энэ хаврын чуулганд багтаан өөрчлөлтөө батлах нь зүйтэй гэж? 

Манай улс нийгэм эдийн засгийн уналтын хүнд байдалд орж байна. Үүнээс гарах гарц нь энэ парламент түүхэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь энэ парламентын түүхэн үүрэг гэж би харж байгаа. Наадмаар парламент тараад намар сонгууль хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэ парламент байгуулах юм. 

Учир нь бидэнд эрх жилийг хүлээх хугацаа алга. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 2016 оны сонгуулийг бүгд хүлээж байна. Засгийн газраас оруулж ирсэн 2016-2018 оны Төсвийн төсөөллийг оруулж ирэхэд дандаа муу гарч байна. Тэгэхээр бид дахиад нэг жил цаг нөхцөөгөөд, уналтыг зогсоож чадахгүй байдлыг улам дордуулж байхаар эргээд сонгогчдодоо очих ёстой. 

Ард түмэн дүнгээ тавиад, цаашдаа улс орноо авч явж чадах хүмүүсийг сонгох нь зүйтэй. Шинэ парламент байгуулагдаад Үндсэн хуулийн дагуу шинээр засаг төрөө байгуулан ажиллах нь хамгийн зөв гарц гэж харж байна. 

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийснээр эдийн засаг болон нийгмийн хямралаас гарч чадах вэ? 

Дөрвөн үндсэн чиглэлээр өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна. Нэгдүгээрт төрийн эрх мэдэл хуваарилж байгаа зарчмаа эргэж харах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр дэлхийн нийтийн сонгодог загвар буюу хууль тогтоох, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал гэж бий. Гэтэл манай гүйцэтгэх засаглал нь чадавхаа алдчихсан. 

Гүйцэтгэх дотроо Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн хоёр институд бий. Бид сонгодог парламент руу явж байгаа учраас цаашдаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаад, гүйцэтгэх засаглалын томилгоонд оролцдог эрх мэдлийг арилгах хэрэгтэй. Засгийн газар, Ерөнхий сайд дээрээ ачаалал өгөх нь зөв. Ерөнхий сайд, сайд нараа өөрөө сонгодог нэг ёсондоо гүйцэтгэх засаглалын хурдыг нэмэгдүүлж хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. 

Гүйцэтгэх эрх мэдлийг хүчтэй болгох хэрэгтэй. Одоо бол манайд хаана хэн шийдвэр гаргах нь ойлгомжгүй. Шийдвэр гаргасан хүн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Парламент, сайд, аймаг сумын Засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ч шийдвэр гаргадаггүй. Ерөнхий сайд нь би ийм арга хэмжээ авъя гээд зарлахад маргааш нь УИХ, Ерөнхийлөгч нь өөр зүйл ярьж байна. Үүнээс үүдэлтэй манайх маш тогтворгүй Засгийн газар байгуулж байсан түүхтэй. 110 гаруй хүнтэй парламент байгуулах талаар яригдаад анхны хэлэлцүүлгээр дэмжигдэж байсан 

1992 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын дундаж нас 1.5 жил байна. Маш олон Засгийн газар солигдож үүнийгээ дагаад төрийн бодлого нь савлаж байдаг. Хамгийн тогтворгүй Засгийн газар, хамгийн тогтворгүй бодлоготой, хамгийн найдваргүй түнш гэдэг ойлголт бий болсон. 

Тиймээс үүнийгээ Үндсэн хуулийнхаа хэмжээнд засах ёстой. Парламент төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа. Энэ 76 хүний тоо болж байна уу үгүй юу гэдгийг харах ёстой. Анх Үндсэн хуулийг байгуулж байхад 110 гаруй хүнтэй парламент байгуулах талаар яригдаад анхны хэлэлцүүлгээр дэмжигдэж байсан. Манайх шиг гурван сая хүн амтай, парламенттай улсын жишгийг харахад 120-оос дээш парламентын гишүүнтэй байдаг. 

Энэ нь парламентаас гарж байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрч, парламентад нөлөөлөх асуудал байхгүй болно гэсэн үг. Парламентаас мөнгөний томоохон асуудлууд шийдэгдэж байгаа учраас гадна дотны бүлэглэлүүдийн нөлөөл орох вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс парламентаа цаашдаа хоёр танхимтай болгох ёстой гэж би үзэж байгаа.

Дээд танхим 501 хүнтэй, орон тооны бус, хуучин ардын их хурал шиг сум, Улаанбаатарын хороо бүрээс нэг хүн сонгогддог. Намар хавартаа ирж хурлаа хийдэг, тэгэхдээ төсөв, үндсэн чиглэлээ баталдаг, ард иргэдийн мэдээллийг төр хүргэдэг байх юм. Сүүлийн үед төр ард түмний холбоо тасарч байна. 

Иргэд нь төрдөө итгэхээ байсан тиймээс иргэдийн дунд амьдардаг дэд хурлын төлөөлөгч байх нь иргэдийн дундаас гарсан амьдралд ойр шийдвэр гаргах боломжтой. 

51 хүнтэй доод хурал байна. Энэ нь байнгын ажиллагаатай хуулиа батлаад сууж байдаг. 501 дотроос сайд гарч болно. Харин 51 дотроос сайд хийхгүй. Хоёрдугаарт Үндсэн хуулийн хүрээнд өмчийн харилцааг зохицуулах хэрэгтэй. Гуравдугаарт орон нутгийн эрх мэдэл буюу Засаг дарга нарыг хаанаас сонгож, иргэдийн хурал хаана байх вэ гэдэг асуудал. 

Суманд ИТХ байлгах нь улстөржилтийг хамгийн их бий болгодог Сум, дүүргийн Засаг даргыг ард түмнээр сонгуулж, аймаг нийслэлийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд нь томилдог, аймаг нийслэл дээр л ИТХ-тай байх нь зүйтэй. Нэг ёсны суманд иргэдийн хурал байх шаардлагагүй гэж бодож байна. Суманд ИТХ байлгах нь улстөржилтийг хамгийн их бий болгодог. 

Тэнд хуваарилагдаж байгаа жаахан мөнгийг хуваах гэсэн жижиг феодлын гэмээр тогтолцоо үүсээд байгаа юм. Мөн хот суурин газрын статусыг өөрчлөх хэрэгтэй. 10 мянгаас дээш хүн амтай суурин газрыг хот болгож, нийгэм эдийн засгийн хувьд бие даалгах, хотын соёл, хөгжлийн хандлагыг бий болгох нь зүйтэй. 

Дөрөвдүгээрт 2000 онд хийсэн долоон өөрчлөлтөөр өрсөлдөөний ардчиллын хэлбэрийг Монголд бий болгосон. Энэ долоон өөрчлөлт орохоос өмнө парламентын 76 гишүүний 51 нь буюу гуравны хоёр ирж байж хурал эхэлдэг байсан. Өнөөдөр 39 гишүүн ирж хурал эхэлж байгаа. Хэрвээ энэ долоон өөрчлөлт хийгдээгүй байсан бол 2012 оны сонгуулийн дараа хоёр нам зөвшилцөөд ажиллахаас аргагүй байсан. Хэн нэг нь хүч түрээд явах боломж байхгүй. 

Өрсөлдөөний ардчилал бий болсноор нэгийгээ нухчин дарах гэж л хичээх болсон. Нэг суудлаар илүү байсан ч нөгөөгийнхөө үгийг сонсохоо байсан. Цөөнхөө сонсдог, олонхоо хүндэтгэдэг ардчиллын хэлбэрийг хөгжүүлэх ёстой. Нэг үгээр, 10 гаруй зүйл асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм. 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад парламент заавал тарах ёстой юу? 

Хэдийнээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх вэ гэдэг асуудал байна. Шинэ Үндсэн хуулиа батлаад сонгууль хийсэн. Тиймээс бид заавал парламентын хугацааг дуусгана гэвэл эдийн засгийн хүндрэл улам нэмэгдэнэ. Тэгэхээр дахиад л ард түмэн дээрээ очоод дүнгээ тавиулчих хэрэгтэй. Өнөөдрийн Үндсэн хуулиар ч тийм болж байгаа. 

-УИХ-ын гишүүний насыг 35, Ерөнхийлөгчийнхийг 55 болгох талаар яригдаж байгаа гэсэн. Залуучуудаа төрд ажиллах боломжийг хаах юм биш биз дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

Анх Үндсэн хууль баталж байсан үеэс Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт орсон бэ гэдийг бодох хэрэгтэй. 1992 онд Үндсэн хууль баталж байхад хоёр сая гаруйхан хүнтэй, гадаад дотоодын хөрөнгө оруулалт бараг байгаагүй. 

Ер нь гишүүдийн насыг хэлэлцэж байгаад шийдэх хэрэгтэй. Гэхдээ манайх шиг хүүхэд залуучууд хүн амын талаас илүү хувийг эзэлдэг орны хувьд тэр насны төлөөлөл парламентад байж, дуу хоолойгоо хүргэж байхад буруу зүйл үгүй. 

Харин Ерөнхийлөгчийн насыг 55 настай байх нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаад, илүү бэлэг тэмдгийн шинжтэй, ард түмний эв нэгдлийг хангуулагч, олон улсад Монгол Улсыг төлөөлдөг байх нь зүйтэй гэж бодож байна. Энэ хүн нүднийх нь хор, суудлынх нь хий гарсан байх ёстой. Олон улсын жишиг ч тийм л байна. 

Ерөнхийлөгч байсан хүмүүс нь дахин нам байгуулж, улстөрд орохгүй байна шүү дээ. Тухайн орны лидер, соён гэгээрүүлэгч болоод явж байна. Тиймээс энэ соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Түүнээс 45 настай Ерөнхийлөгч болоод хоёр удаа сонгогдоод яагаа ч үгүй ажлаа өгөх болдог. 55 болгоход зөв. 

Ер нь Үндсэн хууль органик хууль шиг өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулахаас илүү ирж байгаа цагийн гол луужин байдаг. Нэг үгээр хууль гэхээсээ илүү тухайн орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байдаг бодлогын баримт бичиг. 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийг хугацаанаас нь өмнө явууллаа гэхэд эдийн засгийн хүнд байдлаас гарах боломж бий юу? 

Энэ парламент, Засгийн газарт ард түмэний ч гадаадын хөрөнгө оруулагчидын ч итгэл байхгүй болсон. Тиймээс ард түмнээрээ шинэ парламентыг цаг алдалгүй сонгуулах нь зөв гэж бодож байна. Цаг явах тусам гарц их мухардаж байна.