“Стэндбай” хөтөлбөрийг авахгүйгээр хүндрэлээс гарна
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зовлон ярьж мэдээлэл хийдэг боллоо. Одоо нэг нэгээр нь ажлаа хиймээр байна. Энэ зун бүтээн байгуулалтын ажлууд энэ байдлаараа хийгдэхгүй нь. Ард түмэн, аж ахуй нэгжүүд бүсээ чангалсан.
Харин төр бүсээ чангалаагүй байна. Нөгөө талдаа 300 тэрбум төгрөгийн авлага 2013-2015 оны хооронд аж ахуй нэгжүүдэд үүссэн байна. Төртэй гэрээ хийгээд ажил хийчихдэг, төр мөнгөө өгөхгүй байхаар чанаргүй зээл өснө шүү дээ.
Төрийн сан төлбөр гүйцэтгэх чадвартай байна уу. Өнгөрсөн хотын татвар, хөрөнгийн татвар ороод ирлээ. Гэтэл та татвар нэмэхгүй, бууруулахгүй гэсэн. Яагаад таны үг бодит байдалтай зөрөөд байгаа юм бэ. ОУВС-ийн хөтөлбөрөө авбал ямар эрсдэл байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: УИХ-ын чуулганд мэдээлэл хийдэг хэлбэр, давтамж хуулийн хүрээнд явж байгаа. Түүнээс би баахан зовлон тоочоогүй. Эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэхээр Дэлхийн банкнаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ажиллаж байна. цаашдаа авч болох боломж арга замын талаар санал солилцож байна. Зургадугаар сард дахин ирж ажиллана.
Татварын хувьд 2016 он хүртэл ЗГ-аас хувийн хэвшлээ дэмжих үүднээс татвар нэмэхгүй гэсэн. Өнгөрсөн жил 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед дагалдаж орж ирсэн хуулиуд. Үүнийг гуйвуулж улстөр хийх хэрэггүй. 2016 оны сонгууль хүртэл ЗГ-аас татвар нэмсэн асуудал орж ирэхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Төрийн сангийн төлбөр тооцоо хэвийн байгаа. Цалингаа тавьж байгаа. Зарим газар доголдсон бол төсвийн шууд захирагчтай холбоотой байх. Татварын хяналт шалгалтын тухайд 740 орчим тэрбумын чанаргүй зээл байгаа гэсэн тоо байна.
УИХ-ын гишүүн Г.Оюунбаатар: ЗГ дорвитой бодлого баримталж байна уу. Ямар гарц хайж байна вэ. Засагт орсон намууд ямар зоримог алхам хийх гэж байна вэ. Тавантолгой дээр ямар нэг ахиц гарч байна уу. ҮАБЗ дээр энэ талаар юу ярьж байна вэ?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: УИХ-аараа хэлэлцээд цогц бодлогоо баталсан. Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлгөөний дагуу ЗГажиллаж байгаа. Ойрын үед УИХ дээр танилцуулна. Макро түвшинд ахицтай зүйлүүд бий.
Шинээр эх үүсвэр олох нь хүндрэлээс гарах нэг арга. Хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих, хөрөнгө мөнгө босгох гэсэн гурван гарц бий. Тавантолгойн хувьд ахиц дэвшил байгаа. Ямар ч байсан шийдвэрээ гаргаж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Үнэхээр төрийн зүгээс аж ахуй нэгж байгууллагуудад мөнгөө өгөлгүй явсан зүйл бий. Цаашдаа аливаа хөрөнгийн зардлыг шийдэж байж дараагийн ажлаа авахгүй бол ийм байдал үүсээд ыайна. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг барихдаа энэ асуудалд анхаарч байгаа.
Одоо аж ахуй нэгжүүдэд өгөх шаардлагатай 30 тэрбум, Хөгжлийн банк 120 тэрбум бий. Яам судалгаа гаргаж байна. Судалгаагаар 96.4 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Улсын төсөвт туссан хөрөнгө оруулалтын талаарх мэдээг ирэх долоо хонгот гаргана. Татварын буцаан олголтын тухайд дөрөвдүгээр сарын байдлаар 26 тэрбум жилийн хэмжээнд 108 тэрбум олгохоор байна. Үүнийгээ хэвийн олгоно.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Газрын тосны үнэ их буурсан. Газрын тосны орлого биелэгдэхгүй гэж байна. Хэдэн хувиар орлого тасрах вэ. Стэндбай хөтөлбөрийн талаар их ярьж байна. өмнө нь жил гаран болоод гарсан. Одоо харин хямрал жинхэнэ утгаараа хаалга тогшиж байна. орвол хурдан гарч чадах уу. Улс орнууд аль болох орохгүй байхыг хичээдэг. Албан ёсоор хүсэлтээ ЗГ гаргасан юмуу?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Стэндбай” хөтөлбөр авах ямар нэг шийдвэр гаргаагүй. Баг ирж ажилласан. Ирэх зургадугаар сард дахин баг ирж ажиллана. “Стэндбай” хөтөлбөр 18 сар орчим хугацаагаар хэрэгждэг. Монгол Улс таван удаа энэ хөтөлбөртйг авч байсан. Нэг нь амжилттай болсон.
Ер нь бид энэ хөтөлбөрийн талаарх ойлголтуудаа нэг болгох ёстой. Буруу ойлголт явж байгаа. Энэ хөтөлбөрийг авах санал албан ёсоор гараагүй. УИХ-аас гарсан төлөвлөгөө бол хөтөлбөрийг авахгүйгээр хүндрэлээс гарна гэсэн. Энэ хүрээнд ЗГ ажиллаж байгаа.