“Хулхи засгийн хөтөлбөр олон” гэв
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2015.05.09

“Хулхи засгийн хөтөлбөр олон” гэв

Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтболон Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Нэлээд ширүүн уур амьсгалд өрнөсөн хуралдааны онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монголд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниудын нуруун дээр дотоодын аялал жуулчлалын салбар тогтдог”

УИХ-ын гишүүн  Ё.Отгонбаяр “Гол гол асуудлаа хэзээ хэлэлцэх вэ. Тэнд Л.Эрдэнэчимэг гэдэг гишүүн Тавантолгой дээр янцаглаад суугаад байхын хэзээ орж ирэх юм бэ. Тэр зүйлүүд нь хэзээ орж ирэх юм бэ. С.Баярцогт сайдаа одоо үүнийг чинь ярина гэхээр өр өссөн, доллар ниссэн, төгрөг цаас болсон гэсэн зүйлүүдийг ярина ш дээ. Та эсвэл ингэж зодуулж байх сонирхолтой юм уу”

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ард түмэнд үзүүлж байгаа бидний загвар үнэхээр муу байна. Бид монгол улсаа хөгжүүлье хэмээн сайн сайхан зүйл ярьдаг мөртлөө энэ заалнаас эсрэг суртчилгаа хийгээд байна”

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Аудит гэдэг зүйл бий. Тэр нь жижиг аж ахуй нэгжийн тайланд нь шалгалт хийгээд тамга дараад мөнгө авдаг хүмүүс бий болсон”

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “С.Баярцогт бол маш туршлагатай улстөрч. Гэхдээ гишүүн болгонд тааруулсан хариулт хэлчихээд асуудлаас цэвэрхэн гараад байна л даа. Би таныг сайн мэдэж байгаа.”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Тавантолгойг бид урт хугацаанд иднэ гэж бодож байтал нэг жилийн амьдрах аргаар солих гэж оролдлоо. Одоо ч оролдож байгаа”

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зааснаар Чойр-Багахангайн ложистик төвийг байгуулна гэсэн байхгүй ээ. Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулж дуусна гэсэн байхгүй ээ. Замын-үүдийн чөлөөт бүс байхгүй. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн байхгүй  ээ..”

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Худал ч хүний нээрээ олон, Хуурамч хүний хөөрхий олон, Хувхай модны яр олон, ХУЛХИ ЗАСГИЙН ХӨТӨЛБӨР л олон болчихоод байна даа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоо энэ их хурлынхаа байж байгаа байдлыг хардаа. Эдийн засгийн хүндрэлтэй байхад тодорхой шийдвэр гаргахгүй байж хий улс төр хийсэн хүмүүс суугаад байна ш дээ. 15 зууны баруун Европын гудамжны цирк хүмүүс байна. Хар замтай газар цас ухсан, ямааны ноолуур самнаж, тэмээн поло ярьсан ийм л УИХ-тай боллоо шүү дээ”

УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан “Эдийн засгийн өсөлт байж ажлын байртай болж инфляциа удирдана. Хамгийн гол шалтгаан мөнгө дутаагүй. Ёстой залуу баяны цээжтэй, Хөгшин баяны хөл өвчтэй гэдэг шиг аашиллаа. Дэндүү баян айлын хүүхэд шиг байлаа.”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар  “Монголбанк бол өнөөдрийн эдийн засгийн нөхцөлд байдалд онцгой буруутай. Одоо удирдлагуудтай нь хариуцлага тооцооч.”

УИХ-ын гишүүн  Ё.Отгонбаяр “С.Баярцогт сайдаа та телевизийн дуран руу хараад, хэлээ гаргаж байгаад өнгөрсөн дөрвөн сарын нэгэн гээд хэлчихвэл арай л шулуухан байх.