“Дараагийн ЗГ-ыг ярьж болохоор байна”
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.05.08

“Дараагийн ЗГ-ыг ярьж болохоор байна”

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж, гишүүд төсөл санаачлагаас асуулт асууж байна. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан бусад сайд нарыг шүүмжлээд авлаа.  Тэрбээр “Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх чухал асуудал хэлэлцэж байхад ЗГХЭГ-ын дарга нь ганцаараа сууж байх юм.  Нөгөө олон сайд нар чинь хаана байна вэ. Тэгээд хариуцлага тооцож, огцруулах асуудал ярихаар бүгдээрээ л сууж байдаг биз дээ. 

С.Баярцогт сайдын ярьж байгаа зүйлийг нэлээн сонслоо.  100 тонн алт Талын мэлтэс гэж газар байдаг юм аа.  Тэрийг л шийдлийн Засгийн газар анхааралдаа авсан юм байна л даа.  Энэ бол шийдэл биш шүү.  Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хямралын үед хүндрэлийг даван туулах бодитой горимд ажиллах ёстой.  УИХ Засгийн газрыг ажиллах бүх нөхцлөөр дэмжиж өгч байгаа. Гэтэл үнэхээр хариуцлагагүй байна.  Дараагийн Засгийн газрыг ярьсан ч болохоор л байна” гэлээ.  Түүнчлэн бусад гишүүд мөн адил Засгийн газрын гишүүдийн ирц хангалтгүй байгааг шүүмжилж байсан юм.