Муу дүнтэй мөрийн хөтөлбөр
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт
2015.05.11

Муу дүнтэй мөрийн хөтөлбөр

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганаар 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

Гэхдээ огцорсон засгийн газрын мөрийн хөтөлбөрийг шинээр байгуулагдсан засгийнхан оруулж ирсэн нь нэлээд сонирхолтой байлаа. Байнгын хорооны дүгнэлтээр  тус хөтөлбөрийн хэрэгжилт 56.9 хувьтай гарчээ. Биелэлт ийм байгаа нь санхүүжилт бүрдээгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой гэж оношилсон байна.

Харин гишүүд  эдийн засаг хямралтай үед ийм зүйл хэлэлцэх нь зөв үү хэмээн нэлээд бухимдуу байлаа. Тухайлбал Ё.Отгонбаяр гишүүн “Гол гол асуудлаа хэзээ хэлэлцэх вэ. Тэнд Л.Эрдэнэчимэг гэдэг гишүүн Тавантолгой дээр янцаглаад суугаад байхын хэзээ орж ирэх юм бэ.

С.Баярцогт сайдаа одоо үүнийг чинь ярина гэхээр өр өссөн, доллар ниссэн, төгрөг цаас болсон гэсэн зүйлүүдийг ярина ш дээ. Та эсвэл ингэж зодуулж байх сонирхолтой юм уу” хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга руу үгээр бороо оруулав. Үнэхээр хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэх үеэр салбарын сайдууд нь байхгүй байсан ихээхэн хэл ам дагуулав. Харин С.Баярцогт сайд засгийн газрыг хамгаалж нүүрээ тахалж суулаа.

Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн үг

Гэхдээ сөрөг хүчнийхэн бүтээсэн зүйлийг нь нэгийг нь ч ярьсангүй. Ө.Энхтүвшин гишүүн гэхэд “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зааснаар Чойр-Багахангайн ложистик төвийг байгуулна гэсэн байхгүй ээ. Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулж дуусна гэсэн байхгүй ээ. Замын-үүдийн чөлөөт бүс байхгүй. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн байхгүй  ээ” хэмээн аль хэрэгжээгүйг нь сонгон цохож байлаа.

Ө.Энхтүвшин гишүүний хэлсэн үг 

Гэвч мөрийн хөтөлбөр нь бүхэлдээ биелээгүй гэвэл хэт өрөөсгөл болно. Учир нь тухай үед засгийн газар байгуулагдах үед дэлхийн зах зээлд нүүрс болон бусад ашигт малтмалын үнэ унасныг мэдэж байгаа. Тиймээс засгийн газарт хурдан хөрөнгө босгох шаардлагатайг өнгөрсөн засгийн тэргүүн удаа, дараа хэлж байсан.

Тиймдээ ч бидэнд мөнхийн өглөгч байдлаар ханддаг Наран улсаас “Чингис” бондын хөрөнгийг босгон дотоодын зах зээлийг мөнгөөр бөмбөгдсөн гэхэд болно. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин 888 төслийг хэрэгжүүлж хөнгөлөлттэй зээл олгосон. Барилгын салбарынханд ч ялгаагүй л хандсан.

Харин ихэнх хөрөнгөө замын салбарт оруулсан нь хэт түргэдсэн гэдгийг хөндлөнгийн шинжээчид хэлдэг. Аймгийн төвүүдээ хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлж амжилттай үргэлжилж байгаа. Мэдээж зарим хэсэгт удааширалтай байгаа ч үргэлжлэнэ гэдгийг хэлж байгаа. Ямартай ч унасан засгийн мөрийн хөтөлбөрийг чуулганаар хэлэлцэж муу дүн тавилаа.