Ерөнхий сайд нэг компанийн бие төлөөлөгч шиг ажиллаж болохгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргахаар судалж буйгаа өчигдөр мэдэгдлээ. Түүнтэй энэ сэдвийг тойрон ярилцсан юм.
-Та ямар үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулахаар судалж эхэлсэн хэрэг вэ?
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэлээд хэдэн сар өнгөрлөө. Ард түмэн өмнөх Засгийн газраасаа илүү сайн ажиллана гэж хүлээсэн. Сүүлийн үед Тавантолгой, Оюутолгойг тойрсон олигархиудын хандлага хэрээс хэтэрлээ. Ялангуяа "Энержи ресурс"-ыг Тавантолгойн төсөл дээр ажиллуулахын тулд лобби хийж байна, төриийн ажил явахгүй байна.
П.Очирбат гэдэг хүн яагаад хувийн компаниас 24 мянган ам.доллар аваад сууж байсан юм бэ. Тэгэхээр би үүнийг сонирхлын зөрчилтэй, зөрчилгүй гэж хэлэхийн өмнө Авлигатай тэмцэх газраас энэ тухай лавлагаа гаргуулъя гээд бичиг төлөвлөж байлаа. Гэх мэтчилэн энд тэндээс нууц ноёнтнууд гарч ирээд байна.
Эдийн засаг хямарсан, Олон улсын валютын сангийн "Stand by" хөтөлбөрөөр ажиллахаар болсон байна гэх мэтээр мэдэгдэл хийж байна. Бодит байдлаас харахад Ерөнхий сайд ч гэсэн хоёр толгойг л ажиллуулахгүй бол юу ч хийх боломжгүй мэтээр ажилдаа хандаад байна. Хоёр толгой байхгүй гэж төсөөлөөд үзье. Өмнө нь Монгол Улс олон гарцаар гарч байсан.
Энэ бол нэг аж ахуйн нэгжийн байдаг л нэг төсөл шүү дээ. Засгийн газар хууль тогтоомжуудыг илт зөрчсөн үйлдлүүд газар авч байна. Өмнө нь Хууль зүйн сайд гэж хийрхэлтэй хүнээс болоод Монгол Улс 151 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна. Эрх зүйн шинэчлэл нэрээр байгуулсан Тахарын алба нь татан буугдлаа, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг юу болгов.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэн бүрийг өрөнд оруулах гэж байсан. Эрдэнэс Тавантолгойгоос 200 сая доллар зээлж аваад иргэн бүрт 100 мянган төгрөг тараая гэж хэлсэн. Тэрнийх нь өрийг төлөхийн тулд Чалкогийн өрөнд ордог шиг бид өнөөдөр Тавантолгойгоо тавиад туух гэж байна. Ард түмэн туйлдаж, сөхөрч байна. Хямралаас гарахын тулд ажиллах бүрэн боломж байхад би энэ хоёр төслийг л явуулна гэж суугаад байгаа Ерөнхий сайдын толгойг илээд байлгах нь буруу. Тэр утгаараа энэ асуудлыг өргөн барих ёстой гэж үзсэн.
-УИХ-ын хэд хэдэн гишүүн Таны энэ саналыг дэмжсэн гэж дуулсан?
19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барих эрх үүснэ. Одоо би гишүүдтэйгээ ажиллана. Одоогийн байдлаар 5-6 гишүүн дэмжиж байгаа. Тэд маань 14-15-уулаа болж байж нээлттэй мэдээлэл хийе гэсэн.
-Танай намыг гишүүд үү?
УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл байна. Би өөрөө санаачлан гарын үсгээ цуглуулна гэсэн утгаар энэ мэдээллийг хийсэн юм.
-Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Та багтсан. Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ гаргах гэж байна?
Энэ гэрээ бол эдийн засгийн хувьд жирийн нэг компанийн гэрээ. Ийм гэрээ хийхийн тулд тал дундаас өртэй хувийн компанийг хөрөнгө оруулагч нэрээр оруулж ирээд өрийг нь нэгдүгээр ээлжинд төлүүлэх зорилготой.
Энэ хүрээнд хийсэн бүх гэрээ, ТЭЗҮ зэргийг хямдхан мэт харагдуулахын тулд үндсэн тооцооллоосоо 2-3 дахин бага үнээр гаргасан байна. Гэтэл бодит байдалд өөр дүн гарсан. Тийм учраас 2 сая хувьцаа эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээг шалгах ёстой. Ажлын хэсгийнхэн 76 гишүүдээ мэдээллээр хангаж, УИХ-аар хэлэлцэхэд нь бэлтгэх үндсэн зорилго агуулсан.
Гэрээ хийхийн тулд гэрээлэгч талууд, гэрээний үнэ, эрх үүрэг, харилцаа, гарах үр дагавраа тохирох ёстой. Гэтэл өнөөдөр ямар байна гэхээр Засгийн газар зөвлөгөө авахгүй гэж байна. Нөгөө тал нь зөвлөгөө авахад асар их мөнгө төгрөг зарцуулж өөрт маш ашигтай гэрээ хийх гэж байна.
-Манай улс дотоодынхоо чадварлаг боловсон хүчнүүдэд найдаж, их мөнгө зарцуулж зөвлөгөө авахаас татгалзсанаа мэдэгдсэн шүү дээ?
17 тэрбум ам.долларыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгаар авчирсан Т.Батаарын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөхөөр ажилласан эхнэр, нөхөр хоёр америк хүнд өгөхөөр төсөвтөө суулгасан Засгийн газар шүү дээ. Тийм байхад эрх зүйн зөвлөгөө өгдөг нөлөө бүхий компаниуд байгаа, тэрийг ажиллуулах л хэрэгтэй.
Тийм учраас манай Ажлын хэсэг Эрдэнэс Тавантолгой компанийн шалгаруулан авсан хараат бус бие даасан зөвлөх компанийг ажиллуулъя гэсэн асуудлыг ярьсан. Би таныг орж ирэхийн өмнө нэг албан бичиг төлөвлөж байлаа. Тэр нь ямар учиртай вэ гэвэл П.Очирбат гэдэг хүн яагаад хувийн компаниас 24 мянган ам.доллар аваад сууж байсан юм бэ. Энэ чинь тангараг өргөсөн хүн шүү дээ.
Тэгэхээр би үүнийг сонирхлын зөрчилтэй, зөрчилгүй гэж хэлэхийн өмнө Авлигатай тэмцэх газраас энэ тухай лавлагаа гаргуулъя гээд бичиг төлөвлөж байлаа. Гэх мэтчилэн энд тэндээс нууц ноёнтнууд гарч ирээд байна.
Хөрөнгө оруулалт зогсчихоод байна уу, хөрөнгө оруулахыг хүсэхгүй байна уу. Энэ дээр нэг зүйлийг бодох хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгой хоёроо орой дээрээ залчихаад энэ хоёроос минь өөр зүйл алга гээд бусад хөрөнгө оруулалтыг үл тоож байна. Энэ төслийг орхиод өөр зүйлд анхаарлаа хандуул л даа.
-Уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөхөөс нааш эдийн засагт эерэг өөрчлөлт гарахгүй нь гэж олон эдийн засагчид хэлж байгаа. Тэгвэл Танд эдийн засагт эргэлт хийх ямар гарц харагдаж байна вэ?
Бид Тавантолгойн төсөл хэрэгжих ёстой гэдэгтэй 100 хувь санал нэгдэж байгаа. Монгол Улсын Засгийн газарт маш их ажил, мөнгө, шийдэх асуудал байна. Гэтэл өнөөдөр зөвхөн энэ төслийг л хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд нэг компанийн бие төлөөлөгч шиг явж болохгүй. Хатуухан хэлэхэд Чалкогийн өр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй нь Ч.Сайханбилэгтэй холбоотой.
-Хөрөнгө оруулалт зогсоод байхад энэ төсөл хэрэгжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил биш гэж үү?
Хөрөнгө оруулалт зогсчихоод байна уу, хөрөнгө оруулахыг хүсэхгүй байна уу. Энэ дээр нэг зүйлийг бодох хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгой хоёроо орой дээрээ залчихаад энэ хоёроос минь өөр зүйл алга гээд бусад хөрөнгө оруулалтыг үл тоож байна. Гэтэл Оюутолгой Монголын талаар энэ тэнд очиж сөрөг мэдээлэл өгөөд хаалт хийгээд яваад байдаг. Энэ төслийг орхиод өөр зүйлд анхаарлаа хандуул л даа.
-Өөр зүйл гэж Та чухам юуг хэлээд байна вэ?
Аялал жуулчлал ч байна шүү дээ.
-Энэ УИХ халаа сэлгээ ярьсаар гурван жилээ авлаа. Ерөнхий сайдыг огцрууллаа гээд юуг өөрчилж чадах юм бэ?
Өнөөдөр энэ Парламент сандал суудал ярилаа гэх шар мэдээллийг л олон нийтэд өгөөд байгаа юм. Та нар нэг зүйлийг бод л доо. Монголын төр тасралтгүй байх зарчимтай. Би байгаа зүйлээ өөрчилж, сайжруулаад л явах ёстой.
Хорт хавдар авахын тулд мэс засал хийх хэрэгтэй. Мэс засал хийхэд өвддөг юм. Гэхдээ авсныхаа дараа сайн болдог. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт улс орон хямралтай байх нь ашигтай байна. Эд нар өнөөдөр цалин хурдан буугаасай гэж хүлээхгүй.
-Ерөнхий сайдыг огцруулах, эсэх нь ч тодорхойгүй байна л даа. Гэхдээ дараагийн Ерөнхий сайд болчих хүн нь хаана байна вэ?
Байлгүй яах юм бэ. Эх орончид цөөхөн ч гэсэн Монголын ард түмэн эх орончдоор дутаж байгаагүй юм. Бид нар улс орноо хөгжүүлье гэсэн бодолгүй хүнийг удаан байлгах нь дээр үү, хийе гэсэн хүсэл зорилготой явж байгаад санамсаргүйгээр алддаг хүнийг тавьсан дээр үү.
Ажил хийж байгаа хүн алдаа оноо гаргана. Сэтгэлгүй байна гэдэг алдаагүй байхаас долоон дор. Энэ Ерөнхий сайд улс орноо хөгжүүлэх биш нүүрсчдийн тухай л яриад байна.
-Улстөрч хүний хувьд Таны цаашдын карьер юу вэ?
Би юм хийсэн улстөрч биш. Тийм цаг ч, боломж ч байхгүй байх. Харин би зөв юм хийж байгаа улстөрч байхыг хүсдэг.