Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагналаа
Улсын Их Хурлын 2015 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын талаар Байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нар өнөөдөр /2015.07.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 15 удаа, төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээрх ажлын хэсгүүд 80 гаруй удаа хуралдсан байна.
Эдийн засгийн байнгын хороо давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10 гаруй ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ.
Чуулганы хугацаанд 13 хууль, 6 тогтоолыг эцэслэн батлуулж, олон улсын 5 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, хоёр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд эдгээрийн хоёр нь шинээр батлагдсан хууль, 11 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль байжээ.
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд шинээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр батлуулсан бөгөөд өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг төрөөс онцгойлон анхаарч, дэмжсэнээр түүхий эдийг дотооддоо иж бүрэн боловсруулах, дотоодын зах зээлийг хангах, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа Байнгын хорооны дарга Ж.Батсуурь илэрхийлсэн юм.
Түүнчлэн тэрбээр, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, дахин төлөвлөн барилгажуулснаар инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газрын үнэлгээ өсөх нөхцөлийг бий болгож байна хэмээсэн.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ДНБ-ий бодит өсөлтийг 5 хувь, инфляцийг нэг оронтой тоонд, ажилгүйдлийн түвшинг 7.0 хувь, нэгдсэн төсвийн алдагдлыг 4 хувьд тус тус байлгахаар тусгаж баталсныг Байнгын хорооны дарга Ж.Батсуурь онцолсон. Мөн Төрөөс аж үйлдвэрийн болон Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг батлан гаргаж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойлсон нь эрчим хүчний болон аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, технологи, өрсөлдөх чадвар бүхий болгон хөгжүүлэх, улмаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад шийдвэрлэх үр нөлөө бүхий тэргүүлэх салбарууд байлгахад чиглэгдлээ гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хяналтын чиглэлээр 7 ажлын хэсэг шинээр байгуулагдаж Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжсэн төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц, байдлыг шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр өмнөх чуулганы үед байгуулагдсан ажлын хэсэг үргэлжлэн ажиллажээ.
Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгийн шалгалтын дүнг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Засгийн газарт хүргүүлэх ажлын хэсэг зохион байгуулсан байна.
Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгасан шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаарх Байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгчээ. Байнгын хорооноос Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих 6 ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд эдгээр ажлын хэсгүүдийн мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.