Гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2015.07.09

Гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.07.09/ үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулав. 

Япон Улс 2012 оноос эхлэн “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг гадаад улс орнуудад хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа болон энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэхээр дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа аж. Энэ үндсэн дээр уг хөтөлбөрт тусгагдсан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, мөн шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах, Монгол Улсад жил бүр зохион байгууллагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх, цаашид хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хоёр тал хамтран ажиллах, цэргийн алба хаагчдыг харилцан солилцох, хамтран үүрэг гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Японы талаас санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд өнөөдөр Улсын Их Хуралд өргөн барьсны дагуу холбогдох байнгын хороо ийнхүү асуудлыг шуурхай хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дараа нь “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

 

Марракешийн гэрээ нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн салбарын хамгийн сүүлд буюу 2013 онд батлагдсан гэрээ юм. Уг гэрээ нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүйгээр ном, бусад бичмэл бүтээлийг ашиглах боломж олгох зорилготой аж. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш байх, мэдээлэл олж авах, сурч боловсрох эрхийг ханган хүнлэг ёс, нийгмийн хөгжилд тус дэм болохыг эрхэмлэдэг байна.

Энэ оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар тус гэрээнд Аргентин, Салвадор, Энэтхэг, Мали, Парагвай, Сингапур, Арабын Эмиратын Нэгдсэн Улс, Урагвай зэрэг 8 орон гишүүнээр элсээд байгаа агаад гэрээ хүчин төгөлдөр болоход 20 орон гишүүнээр элсэн орох шаардлагатай аж. 2013 оны 6 дугаар сард Морокко Улсын Марракеш хотноо зохион байгуулагдсан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Дипломат Бага хурлын үеэр “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг байгуулах, гэрээнд нэгдэн орохоор Монгол Улсын Засгийн газраас эрх олгож, Гадаад харилцааны сайдын өгсөн итгэмжлэлээр мөн оны 6 дугаар сарын 28-ний өдөр Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат уг гэрээнд гарын үсэг зуржээ.

Оюуны бүтээл туурвих, түүний үр шимийг хүртэх эрх нь Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд хамаарах тул Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу уг гэрээг зайлшгүй соёрхон батлах шаардлагатай учраас энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Марракешийн гэрээнд нэгдэн орохыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.