УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хуулийн төслүүд өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.07.09

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хуулийн төслүүд өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.07.09/ өргөн барилаа.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зарим холбогдох зүйл, заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээсэн. Түүнчлэн “мал” хэмээх баялагийг тогтвортой ашиглах, хамгаалах, судлан хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг, хариуцлагыг тогтоож, мэргэжлийн үйл ажиллагааг явуулах, зохицуулах, хянах зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, мэргэжлийн ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж чиг үүргийг давхардалгүй, хариуцлагатай болгох зэрэг харилцааг хуулийн төсөлд тусгажээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглүүлэх зорилго тавин ажилласан байна.

Хуулийн төсөлд мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий болон тусгай үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нэгтгэн шинэ бүлэг орууллаа. Тусгай урьдчилан сэргийлэлт буюу мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаан дээр тулгуурлан оновчтой хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор тархвар зүйн судалгаа хийх, мал, амьтны эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг мал эмнэлгийн бүхий л үйл ажиллагааны төлөвлөлтөд ашиглаж байх асуудлыг хуулийн төсөлд томъёолж тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.