Боловсролыг шинэчлэх зээлийг авна
УИХ-ын чуулганаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан бол төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Г.Батхүү танилцуулсан юм. Энэхүү хуулийн төслөөр боловсролын салбарт зориулан авч байгаа зээлийг юунд авч байгааг лавлаж, зээлийн босго давчихсан байхад зээл авч байгааг шүүмжилж байна. Өрийн босго тулчихсан байгаа үед эргээд ашиг олох зүйлд зарцуулж болохгүй юм уу гэдгийг ч хөндөв.
Энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Бага ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн. Үүний араас хийх ажил нь сурах бичгийн чанар, багш нарын чадавхийг дээшлүүлэх шаардлагатай байна. Ингэхэд зарцуулж буй мөнгө маш бага байна. Тиймээс гурван жилийн өмнө асуудлаа базсан. Энэ мөнгийг дөрвөн зүйлд зарцуулна. Хамгийн түрүүнд бага ангийн хүүхдийн сурах бичгийн хүртээмжийг сайжруулна. Уялдаа холбоог хөгжүүлэхэд нөгөө хэсгийг нь, дараагийн ээлжинд багш бэлтгэх, стандарт шаардлагыг дэлхийн түвшинд авчрахад хөрөнгө хэрэгтэй. Үүний дараа хэрэглэгдэхүүнд зарцуулна. Багш нар хувийн мөнгөөрөө хичээлийн хэрэглэлээ авч байна. Дараа нь системийн шинэчлэлд зарцуулна. Эдийн засаг хүнд байгаа үед боловсролоо сайжруулж, өрсөлдөх чадвартай болоход л гол анхаарлаа хандуулдаг. Тийм хүмүүсээ бэлдэх нь маргаашийн эдийн засгийн өсөлтийг сайжруулдаг. Хамгийн үр ашигтай учраас үүнийг дэмжиж өгөөчээ гэж хүсч байна” гэсэн хариултыг өглөө.
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Дарга нарыг дэмжих ямар шаардлагатай байгаа юм. 2,2-т байна шүү дээ. Дотоод нөөц заалтаа ашиглаж болдоггүй юм уу” гэсэн бол сайд Л.Гантөмөр “Сургуулийн үйл ажиллагаа захирлаас шууд хамаарч байна. Тиймээс сайн менежменттэй болгохын тулд энийг хийх хэрэгтэй” гэж тайлбарлав.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Энэ зээлийг авснаар өрийн тааз хэдэд хүрэх вэ” гэсэн асуултанд, “30 сая долларын хувьд шууд энэ жилийн өрөнд нэмэгдэхгүй. Хөгжлийн зээлийн үйлчилгээний зардал нийт зээлийн 10 хувьд хүрдэг. Энэ зээлийн хувьд тухайн жилийн ашиглалтаараа явна. Таван жил хэрэгжүүлнэ. Тэгэхээр нэг жилд ойролцоогоор 6 сая ам.доллар гэсэн үг. Энэ жилийн хувьд оройтож батлаж байгаа учраас харьцангуй бага мөнгө зарцуулна” гэж Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулав.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Бусад оронд 6 настай хүүхдийг сургуульд авсан ч орчин нөхцөл, заах арга барил нь огт өөр байдаг юм билээ. Хичээлээ голдуу тоглоомд түшиглэж явуулдаг. Биднийхээс өөр байдаг юм билээ. Бид 12 жилийн тогтолцоонд шилжүүлчихээд нарийн шилжилтийг хийхгүй байна. Энэ зээл багш нарын цалинг нэмж, чадавхийг сайжруулахад чиглэж буй бол би дэмжинэ. Хичээлийн байр хүрэлцэхгүй, дотуур байрны дутагдлаас болоод 12 жилийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бүхнийг нь шийдээд өгвөл зөв. Энэ талаар боловсролын яам маань хандаад байдаг. Энэ зээл аргагүй боловсролын салбарт хэрэгтэй. Ганц үүгээр бүгдийг хангахгүй. Өөр ямар боломжийг хайж байна. Захирал гэхээсээ илүүтэй бага ангийн багш нарыг бэлтгэх нь чухал. Гадны оронд туршлага судлуулахад чиглүүлмээр байгаа юм.
Боловсролын, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:
-30 ажил багш дээр, нэг нь захирал дээр хэрэгжинэ. Нийгмийн ганцхан дарамт байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хурдан уншуулж сургахыг хүсч байна. Эцэг, эхийн оролцоог сургууль дээр яаж бий болгох вэ гэдэг рүү явна. Дээр нь бид сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах чиглэл рүү явна.
Ингээд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн санал хураахад 56 гишүүн оролцож 42 гишүүний дэмжлэгээр батлагдлаа.