Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын элжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, өнөөдөр /2015.07.10/ 11 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Бурмаа нар оролцов.
Байнгын хорооны дарга А.Бакей хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд шахуу ажиллаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэнд нь хэрэгжүүлсэн, тухайлахад энэ хугацаанд 158 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсанаас 136 нь хэлэлцэгдэж батлагдсан, түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй нэлээд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж шийдвэрлэснийг онцлов.
Дараа нь тэрээр тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, давхардсан тоогоор 74 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 65, УИХ-ын тогтоолын төсөл 5, байнгын хорооны тогтоолын төсөл 3, хяналт шалгалт, харьяа байгуууллагын тайлан, мэдээлэл 4-ийг хэлэлцэж, санал, дүгнэлт 11, танилцуулга 2-ыг гаргасан байна. Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 3 ажлын хэсгийг шинээр байгуулсан агаад энэ хугацаанд байнгын хорооны нийт 8 ажлын хэсэг 37 удаа хуралджээ.
Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай, Захиргааны ерөнхий хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг давхардсан тоогоор 74 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухайгаа байнгын хорооны дарга товч дурдаад шинээр батлагдсан зарим хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа баталлаа. Нийтийн сонсголын тухай хууль 11 бүлэг 108 зүйлтэй бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Уг хууль нь төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод болгох, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийт оролцож, санал, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн бодлого, шийдвэрт саналаа тусгуулах бодит боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавих тогтолцоо бүрдэж, хууль, захиргааны хэм хэмжээний актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой болсон.
Харин Монгол Улсын Их Хурал 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон юм. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зрхицуулалтыг дээрх өөрчлөлтэй нийцүүлэх үүднээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталлаа.Хууль батлагдснаар хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг тодорхой болсноос гадна тодорхой салбарт хөрөнгө оруулахад хуульд заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлахдаа Хөрөнгө оруулалтын газар холбогдох байгууллагаас санал дүгнэлт авах хугацааг илүү тодорхой болгосноор төрийн байгууллага зөвхөн хуулиар тогтоосон хугацаанд шийдвэр гаргах, ингэснээр хөрөнгө оруулагчдын эрхийг илүү хангах ач холбогдолтой болсон гэдгийг хэллээ.
Мөн Засгийн газраас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” нэртэйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн “Хууль тогтоомжийн тухай хууль” нэртэйгээр баталсан. 11 бүлэг 53 зүйлтэй. Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 06 дугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 20 гаруй жилийн хугацаанд захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан, хууль биелүүлэн төрийн гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагааны журмыг нэгтгэсэн, тэдгээрийн хоорондын ажлын уялдааг зохицуулсан суурь хууль байхгүйгээс захиргааны үйл ажиллагаа өнөөг хүртэл уялдаа холбоо муутай, дур зоргын шинжтэй явж ирснийг уг хуулиар нэгдсэн стандарт, жишигт оруулах, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуулийн зохицуулалтад орж захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээд хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд хялбар, дөхөм, ойлгомжтой болгох, захиргааны байгууллагыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох хуулийн төсөл санаачлагчийн үзэл баримтлалыг УИХ зарчмын хувьд дэмжиж Захиргааны ерөнхий хуулийг баталсан. Энэ хууль нь 11 бүлэг 108 зүйлтэй бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэдгийг мэдээллээ.
Байнгын хорооны дарга дараа нь тус байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар товч мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн хуулийн төслийн явцын талаар танилцуулахдаа, ажлын хэсэг эрчимтэй ажиллаж сонгуулийн хуулийн төслийн гол асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрээд байгаа. Хуулийн төсөлд УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх нам, экспертийн саналыг авч, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Одоогоор сонгуулийн цахим сурталчилгааг хэрхэн шийдэх, мөн УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх эсэх асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлыг тухайн үед нь санал хураалтаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Хяналтын тооллогын тоог хоёр дахин нэмэгдүүлж суманд 2, дүүрэгт 4 хэсэгт хийхээр тусгасан гэдгийг хэлэв.
Байнгын хорооны дарга А.Бакей сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ оны 9 дүгээр сарын 15-нд хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байна, төслийг өргөн мэдүүлбэл ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.