Гишүүд Шийдлийн Засгийн газрын талаар ийнхүү ярьж байна
Засгийн газар
2015.07.02

Гишүүд Шийдлийн Засгийн газрын талаар ийнхүү ярьж байна

Ардчилсан намынхан “Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээгээ Ардын намынхан биелүүлэхгүй ажилд садаа болж байна ” гэж үзэж, Ардын намыг Засгийн газраас гаргах эсэх асуудлыг хөндөж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.

                       Ажлаа хийх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батцогт

-Засгийн  газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг их хугацаа үлдсэнгүй. Нэгэнт л чадна гэж хамтарсны үндсэн дээр Засгийн газар байгуулсан юм чинь ажлаа хийх хэрэгтэй гэж би хувьдаа харж байгаа.

    Энэ талаар ярих нь зохимжгүй

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ

-Асуудал тодорхойгүй байхад асуудалд дүгнэлт хийх нь зохимжгүй  болов уу. Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулаад явж байгаа улс төрийн эгзэгтэй байгаа энэ үед үнэлэлт, дүгнэлт өгөх цаг нь биш.

Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал нэг мөр болсны дараа ярьж болох юм. Засгийн газрын үйл ажиллагаа хийгээд тэнд хамтарч байгаа Ардын намын талаар ярих юм байгаа ч гэсэн асуудал нэг тийш нь шийдэгдсэний дараа байр сууриа илэрхийлэх нь зөв байх.

Засгийн газрын балгийг цэвэрлэх гэж хичээж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Бид энэ  талаар  дотооддоо нэлээд, ярьсан. Ардын нам ард түмнийхээ эрх ашгийг бодож Засгийн газарт хамтрах урилгыг хүлээж авсан. Үүнээс хойш өмнөх Засгийн газрын тарьсан балгийг цэвэрлэх гэж хичээж байгаа.

Хэрвээ, Засгийн газрын бодлогыг дэмжихгүй, ажил цааш явахгүй бол Ардын нам Засгийн газарт байх шаардлагагүй. УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа Ардын нам Засгийн газраа дангаараа бүрдүүлээд асуудлаа шийдээд явж болно. Эдийн засгийн хүнд нөхцөлөөс гарах эрс шийдэмгий бодлого гаргахгүй л бол МАН засагт байх шаардлагагүй.

 

Албан тушаалд хүн томилох ажил хийж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Намын удирдлагууд Засгийн газарт хамтарсан намуудтай байгуулсан  гэрээг эргэн харж, дүгнэх үүргийг намын гүйцэтгэх зөвлөлд өгсөн.

Ажлын хэсэг томилон, гэрээг дүгнэсэн. Гүйцэтгэх зөвлөл “УИХ-д суудалтай нам болон намын бүлэгтэй байгуулсан гэрээний хэрэгжилт хангалтгүй. Ардын нам Засгийн газарт хамтран ажиллах болсноор Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хууль гэх мэт чухал хуулиудыг явуулалгүй, албан тушаалд хүн томилох л ажил хийж байна” гэж дүгнэсэн. Би хувьдаа хамтарсан Засгийн газарт муу дүн тавьж байгаа.