Өргөдлийн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа
Өргөдлийн байнгын хороо
2015.07.02

Өргөдлийн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2015.07.01/ Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан болон Байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацааны тайланг танилцуулах, чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг хоёр асуудал хэлэлцлээ. 

Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг хийлээ.

Тэрээр, тус байнгын хорооны 2014 оны 02 дугаар тогтоолоор Төрийн байгууллагуудаас иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хуулийн төсөл боловсруулах, мэдээллийн нэгдсэн систем, сан бий болгох, техник технологийн нийтлэг шийдэл, стандарт нэвтрүүлэхтэй холбогдсон судалгааг хийж, санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 07, 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд төрийн байгууллагуудын дунд уулзалт, хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулж, өргөдөл, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилт, учирч буй бэрхшээл, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал солилцсон гэв. Тайлангийн танилцуулга сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийг баталсан бөгөөд хуульд захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг заажээ.

Үүнтэй холбогдуулан иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байхгүй байна гэсэн талаар тодруулга авсны дараа санал хураалт явагдаж уг ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо. Дараа нь тус байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацааны тайланг танилцуулах, чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай асуудал хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүдээс санал, асуулга гараагүй учир Өргөдлийн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг олонхын саналаар баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.