Оросуудын их өр
Сүүлийн 20 жилийн дотор ОХУ бусад улсаас авах байсан 140 тэрбум долларын өрийг тэглэжээ.
2015.04.11

Оросуудын их өр

2003 оны Шинэ жилийн баярын өдөр Монгол улс Орост төлөх 11.4 тэрбум шилжих рублийн өрнөөс салж, 250 сая ам доллар буюу хоёр хувийн төлбөр төлснөөр хойд ахдаа өргүй болсноо зарласан. Гэхдээ Монголоос өөр олон улс Оросод өгөх өрөө тэглүүлж байжээ. Сүүлийн 20 жилийн дотор ОХУ бусад улсаас авах байсан 140 тэрбум долларын өрийг тэглэжээ. 

Зээлдүүлэгч Орос

1996 онд Африкийн Ангол улсаас 3,5 тэрбум долларын өрийг авахаа больжээ. Гэвч 1998 онд Орос өөрөө хямралд орж дефолт зарлав.  Тэр үед Москвагийн банкны холбооны мэдээлснээр Оросын эдийн засаг 96 тэрбум долларын алдагдалд оржээ. Харин жилийн дараа Оросууд Танзани, Мали, Мадагаскар, Мозамбик гэсэн Африкийн хэд хэдэн орноос авах байсан 14 тэрбум долларын өрийг тэглэжээ. 

2000 онд Вьетнамаас авах 11 тэрбум доллараас 9,5 тэрбумыг өршөөв. 2001 онд Эфиопийн 4,8 тэрбум доллараас 3,8 тэрбумыг, 2003 онд Монголын 11 тэрбум долларын өрийг тус тус тэглэсэн байна.  Харин 2004 онд Иракийг дэмжиж 10 тэрбум долларын өрийг, 2008 онд дахин 12 тэрбум долларын өрийг тэглэв.

Түүнчлэн Алжир улс 5 тэрбум, Афганистан 11 тэрбум,  Ливи 4,6 тэрбум долларын өрөө өгөхгүй байх эрхтэй болов.

Хамгийн сүүлд Оросууд Хойд Солонгосын 11 тэрбум, Кубын 30 тэрбум долларын өрийг цайруулсан байна.

Парижийн клубын судалгаагаар Гвиней, Конго, Бурунд, Төв Африк, Молдави, Босни- Герцеговина зэрэг хэдэн арван нийлээд ОХУ-д их, бага хэмжээний 50 өрийг төлөх ёстой ажээ. 

Оросын зарим эдийн засагчид ийм их өрийг тэглэж байгаад Засгийн газрыг шүүмжилдэг.  140 тэрбум гэдэг бол өнөөгийн ОХУ-ын 2015 оны төсвийн зарлагын тэн хагас нь.

Их өрийг тэглэв

Найдваргүй зээлдэгчид

Аливаа улс бусдаас авах өрөө тэглэхдээ оронд нь ямар нэгэн давуу тал олж авахыг зорьдог. Оросын тэглэсэн өрийн ихэнх нь буцаж ирэх ямар ч найдваргүй байв. Тухайн улсын өрийг тэглэснээр зээлдүүлсэн орон эдийн засгийн ашигтай нөхцлийг олж авдаг.  Тухайлбал ОХУ Хойд Солонгосын өрийг тэглэснээр Хойд Солонгос дахь Чучхегийн орд газарт олборлолт хийх эрхтэй болов. Энэ төслийн өртөг нь 25 тэрбум доллар.  Түүнчлэн ОХУ Умардаар дамжуулж Өмнөд Солонгос руу хийн хоолой тавихаар төлөвлөж байна.  Өмнөд Солонгосын Kogas компаний мэдээлснээр 700 км-ийн урттай энэ хоолой 2-2,5 тэрбум долларын өртөгтэй.  Гэхдээ Ким Чен Уны дэглэмээр дамжсан төсөл өндөр эрсдэлтэй байдаг.

Гэхдээ ОХУ өрийг тэглэдэг цорын ганц орон биш. 2004 онд АНУ Иракийн 4 тэрбум долларын өрийг тэглэсэн. Их Наймын орнууд Болив, Гондурас,  Никарауаг зэрэг хэд хэдэн ядуу орнуудын 40 тэрбум долларын өрийг өршөөсөн.  Мөн өнөөх л Куб улс Хятадад өгөх 6 сая доллар, Японд өгөх 1,4 тэрбум доллар, Мексикт өгөх 500 сая долларын өрөө тэглүүлжээ.

Зээлдэгч Орос

1917 оны хувьсгалаас өмнө Хаант Орос нь хамгийн найдваргүй зээлдэгчийн нэг байв.  Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Орос улс дэлхийд хамгийн их гадаад өртэй улс байв. Судлаачдын үзэж буйгаар 60 тэрбум рубль буюу тэр үедээ ДНБ-ийхээ 90 хувьтай тэнцэх хэмжээний өртэй байжээ.

1917 онд Хоёрдугаар Николай хаан ширээнээс буусны дараа Түр засгийн газар гадаад өрийг бага багаар нь төлнө гэж мэдэгдэв. Гэтэл дахиад хувьсгал гарав. 1918 оны нэгдүгээр сард большевикууд Хаант Оросын гадаад өрийг төлөхөөс татгалзав. Лениний бодлоор энэ шийдвэр олон улсын санхүүгийн системд том цохилт болжээ.

Хаант Оросын өрийн асуудал 20 дугаар зууны төгсгөл хүртэл яригдав.  Зээлдүүлсэн орнууд өрөө буцааж авна гэж найдсаар байлаа.  1996 онд ОХУ Францтай гэрээ байгуулж, 2000 онд 400 сая доллар өгөөд зуун дамжсан өрийг хаажээ. 

Харин Их Британид төлөх өрийг дараах байдлаар дарав. Горбачев, Тетчэр нарын тохиролцсоноор Хоёрдугаар Николай хааны Английн банканд хадгалж үлдээсэн 5,5 тонн алтыг Хаант Оросын хувьцааг эзэмшиж байсан Их Британий иргэдэд хувааж өгсөн байна.