Тарган дэлхий
2010 онд хүн төрөлхтөн түүхэндээ чухал үе шатанд ирэв. Их Британий эрүүл мэндийн The Lancet сэтгүүлд гарсан Дэлхийн хүн амын өвчлөлийн тухай судалгаанд бичсэнээр таргалалт нь өлсгөлөнгөөс ч илүү хурц асуудал болжээ.
Өнөөдөр хүн төрөлхтний 30 хувь буюу 2,1 тэрбум хүн илүүдэл жинтэй, эсвэл тарган байна. Энэ нь өлсгөлөн, хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн тооноос хоёр дахин их юм. Нас барагдсын 5 орчим хувь нь таргалалтаас болж нөгөө ертөнцөд очдог.
Энэ бол зүгээр нэг эрүүл мэндийн асуудал биш, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөх аюул ажээ. Таргалалтаас болж хүлээх алдагдлыг эдийн засгийн үүднээс тооцвол жилд 2 их наяд ам.доллар, эсвэл Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2,8 хувь болно. Энэ нь тамхи, зэвсэгт хүчирхийлэл, дайн, алан хядах ажиллагаанаас гарах нийт хохиролтой тэнцэнэ.
Таргалалтын асуудал улам хурц болсоор. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилвэл 2030 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь илүүдэл жинтэй, эсвэл тарган болно. ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чаны хэлснээр Дэлхийн нэг ч орон аль ч насныхны дунд таргалалтыг бууруулж чадаагүй. 2000-2013 онд таргалалт ихтэй орны тоо 130 байснаас 190 болжээ.
Наурагийн эрэгтэйчүүдийн 94 хувь, эмэгтэйчүүдийн 93 хувь нь илүүдэл жинтэй
Таргалалт нь зөвхөн хөгжингүй оронд байдаг зүйл биш болжээ. Хөгжиж буй орнуудын эдийн засаг сайжраад ирэхээр хүн ам нь таргалж эхэлдэг. Хятад, Энэтхэгийн томоохон хотуудад таргалалт тосгодын хүн амтай харьцуулахад 3-4 дахин их байна. Өмнө нь хүнсний хомсдолтой байж байгаад гэнэт хүнсжсэн орнуудад таргалалт улам эрчтэй явагддаг. Тухайлбал Микронейзийн бүс нутгийн арлын орон Наурад өнгөрсөн зууны дунд үед фосфотын олборлолт эрчимтэй хөгжсөн нь өлсгөлөн байсан уг орныг таргалалт, шихрийн шижинтэй орнуудын нэг болгов. 2005 онд ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Наурагийн эрэгтэйчүүдийн 94 хувь, эмэгтэйчүүдийн 93 хувь нь илүүдэл жинтэй болсон байна.
Таргалах зуршлын үндсэн шалтгаан нь бидний суугаа амьдралын хэв маяг юм.
Дэлхий нийтийн судалгааны институт MGI байгууллага нь туршилтын 500 судалгааны үр дүнг нэгтгэж үзээд таргалалттай тэмцэх 74 аргыг тодорхойлжээ. Тухайлбал дунд сургуулийн хоол тэжээлийн бодлогыг өөрчлөх, хотыг төлөвлөхдөө аль болох явган явахаар төлөвлөх, хүнсний бүтээгдэхүүний шошгыг төгөлдөржүүлэх, калори ихтэй хоол, ундааны рекламыг багасгах.
Хамгийн гол нь хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал. Гэхдээ судалгаанаас харахад мэдлэгтэй хүмүүс ч гэсэн таргалаад байна. Тэгэхээр таргалах зуршлын үндсэн шалтгаан нь бидний суугаа амьдралын хэв маяг юм.
Хүмүүст тусламж хэрэгтэй байгаа гэдэг нь тэдний орчныг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Харин тусламж гэж худалдан авах, хот төлөвлөх зөв дадлыг хэвшүүлж аль болох амьдралын идэвхтэй хэв маягтай болгохыг хэлнэ.
Монголд хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, гурван хүн тутмын нэг нь тарган.
Хэрэв тарган хүн багасаж, хэвийн жинтэй хүмүүс нэмэгдвэл хөдөлмөрийн бүтээмж дээшилж эдийн засагт ач тусаа авчирна. Жишээ нь Их Британи дахь таргалалтыг үндсээр нь өөрчилж чадвал Английн Эрүүл мэндийн яам жилд 1,2 тэрбум доллар хэмнэх болно.
Олонхи орны хувьд таргалалт нь нэг үндэсний хэмжээнээс хэтэрсэн асуудал болжээ. Засгийн газар, жижиглэнгийн худалдаа, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг компани, ресторанууд, ажил олгогчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, багш нар, эмч нар, хувь хүний аль нь ч ганцаар зүтгээд таргалалтыг зогсоож чадахгүй.
Яагаад гэвэл таргалалттай чухам яаж тэмцэх гэдэг дээр нэгдсэн аргачлал гараагүй. Гэхдээ дэлхийн хүн амын таргалалтын өндөр үзүүлэлт ямар нэгэн алхам хийх цаг болсон гэдгийг сануулж байна. Өнөөдөр таргалалтын эсрэг арга хэмжээнд зориулж буй мөнгө ердөө 4 тэрбум доллар. Өөрөөр хэлбэл таргалалтаас хүлээж алдагдлын 0,2 хувь.