Ахан дүүсийн дайн
Арабын ертөнцөд болж буй дайнуудад ялагч, ялагдагч гэж байхгүй
2015.04.07

Ахан дүүсийн дайн

Лалын орнуудын хоорондын мөргөлдөөн нь шашны гэхээсээ илүү улс төрийн шалтгаантай. Тэд юун түрүүнд нэг нэгнийхээ эрх мэдэл, нөөц, газар нутагт санаархаж байна.  

50-60 аад онд Арабын орнууд тусгаар тогтносны дараа араб хүнээс “та лалын аль урсгалыг дагадаг вэ” гэж асуух нь хамгийн бүдүүлэг алдааны нэг байв. Яагаад гэвэл шашны итгэл үнэмшлээр ялгаварлана гэдэг ёсонд зохицохгүй хэрэг байв. Тэр үед Арабын ертөнцөд чи, би гэлгүй нийтлэг ашиг сонирхол ноёрхож байлаа. Суннитууд, шийтүүд, христүүд нэгэн дор амьдарч бие биетэйгээ гэрлэх нь ердийн зүйл байв. 

Гэвч 1979 онд Иранд лалын хувьсгал гарснаар байдал өөрчлөгдөв. Өмнө нь арабын ихэнх орнуудад цөөнхийг бүрдүүлдэг байсан шийтүүд эрхээ хамгаалах нэрээр босч ирэв.

1980 онд Саддам Хуссейн Иран руу халдсаныг тэр үед арабуудын персүүдийн эсрэг дайн гэж үзэж байв. Энэ нь 20 дугаар зууны арабын ертөнц дахь шашны шинжтэй анхны дайн байсан юм. Дайныг Персийн булангийн нефтийн баян орнууд санхүүжүүлж байв.

Гэхдээ шашны харъяалал нь дайн үүсгэдэг цорын ганц шалтгаан биш. Аливаа дайн байлдаан нь эрх мэдэл, нөөц, газар нутгийн төлөөх тэмцлийн илрэл байдаг. 

Өнөөдөр Йеменд болж буй тэмцэл ч үүний нэг жишээ.  Йемен болон түүний хөрш орнуудад суннитууд ноёрхдог. Гэтэл энэ улсад хуситууд хэмээх шийтийн урсгалын хүмүүс гарч ирсэн нь Арабын хойгийн орнуудад таалагдсангүй.  Тэгэхээр Йемений газар нутаг дээр Саудын Араб, Иран хоёрын бүс нутагтаа ноёрхлоо тогтоох гэсэн тэмцэл өрнөж байна гэсэн үг.

Таван жил үргэлжилж буй Сирийн мөргөлдөөн ч гэсэн энэ ангилалд багтана. 

Исламын бүлэглэлийн хувьд гэвэл хэлбэр нь арай өөр ч Халифатын улсыг сэргээн байгуулах нэрийн дор нөөцөөр баялаг газар нутгуудыг эзлэх гэсэн санаа байгааг төвөггүй харж болно.

Арабын хаврыг эхлүүлсэн Тунист ижил төстэй нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн  Ливи, Марокко, Алжир, Египтэд ч гэсэн шашны ялгаа дайны гол шалтгаан биш. Арабын зарим оронд Лалын хэт даврагсдад эрх мэдлээ алдахгүй гэсэндээ эрх баригчид нь шашны итгэл үнэмшлээ умартахад ч бэлэн байна.

Умард Африкт арабын хавар эхлэхдээ шашны нөлөөнөөс ангид улс төрийн хувьсгал байна гэсэн уриатай байв. Гэвч явцын дунд хувьсгал нь зөвхөн хэлбэрийн төдий болж энгийн иргэдийн найдаж байсан тэрхүү гүн гүнзгий өөрчлөлтийг нийгэмд авчирч чадсангүй.  Үүний оронд шашны тусгаарлах үзэгдэл тодорч ирэв.

Ливаны нэрт сэтгүүлч Талал Салманы хэлснээр “Арабын орнууд нөхөрлөхийн зэрэгцээ дайсагналцах болжээ”.  Шашны дэд урсгал болгон өөрсдийн итгэл үнэмшил, угсаатны эрх ашгийг хамгаалах нэрийн дор ямар ч утгагүй дайн өдөөж байна. Энэ дайнд ялагч, ялагдагч гэж байхгүй.