Хятадууд Эверестийн доогуур туннель ухна
Эверест
2015.04.10

Хятадууд Эверестийн доогуур туннель ухна

Хятад, Энэтхэг хоёрын хооронд Непалийн төлөөх шинэ тэмцэл эхлэв бололтой. Хятадын албан ёсны хэвлэлүүд Непалийн талын хүсэлтээр Хятад, Непалийг холбох дэд бүтцийн төслийг боловсруулж буй талаар мэдээлэв.

Уулархаг газарт төмөр зам тавина гэдэг амаргүй ажил. Ялангуяа Гималай шиг өндөр уулсын бүсэд. Төслийг боловсруулж буй Хятадын Инженерийн шинжлэх ухааны Академийн шинжээч Ван Мэншугийн хэлснээр төмөр зам тавихын тулд Эверестийн доогуур туннель ухахаас өөр аргагүй болж магадгүй тухай China Daily мэдээллээ.

Ван Мэншугийн тооцоолсноор огцом өндөрлөг, гуу жалгатай нөхцөлд галт тэрэгний хурд 120 км/цагаас хэтрэхгүй аж. 

Хятад-Непалийг холбох төмөр замын төсөл

Хятадуудын санаанд багтамгүй гэмээр ийм төслийг боловсруулах болсон шалтгаан нь мэдээж геополитик. Энэтхэг улсын өөрийн сонирхлын хүрээнд байлгана гэж үздэг Непалийг Хятад улс өөрийн талдаа оруулахыг хичээж байгаа.  2020 он гэхэд Хятадын Цинхай мужийн Синин хотыг Төвдийн нийслэл Лхастай холбох 2000 км урттай төмөр замын ажил Непалийн хилийн наана дуусна гэж тооцож байна. Цаашдаа энэ төмөр зам Эверестийн доогуур “шургана”. Үүний тулд төмөр замыг Катманду хүртэл сунгах хэрэгтэй.  Энэ тухай өнгөрсөн 12 дугаар сард Непалд айлчлахдаа Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн.

Непалийн төлөөх Хятад, Энэтхэгийн тэмцэл эртний түүхтэй. Гималайн бүсэд оршдог Непал нь дэлхийн ядуу орнуудын нэг. Тэнд Хятадын компаниуд олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай зам харгуй, эрчим хүч, харилцаа холбооны дэд бүтцийн объектууд барьж байна. Манай гаригийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын 8 нь байдаг Непалд ирэх хятад жуулчдын тоо ч өссөөр байна.

Хятад-Төвдийн төмөр зам

Энэ байдал нь Энэтхэгийн эрх баригчдын санааг зовоож байна. Хятад улс Пакистантай холбоотны харилцаатай.  Түүнчлэн Шри-Ланк, Мальдив, Непалийг өөртөө татаж Энэтхэгийг “Хятадын нөлөөний тойрогт” оруулахыг зорьж байна.

Мэдээж энэтхэгүүд гараа хумхиад суухгүй. 2014 оны эцсээр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хөрш орнууддаа зориулж гаалийн саад тээгийг арилгах, цуврал төслүүдийг санхүүжүүлэхээ амласан.  Гэвч Дэлхийд хамгийн их валютын нөөцтэй Хятадтай өрсөлдөнө гэдэг юу л бол.