Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжив
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
2015.04.08

Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжив

Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Сүүлийн жилүүдэд хууль бусаар мод бэлтгэх нь экологийн гэмт хэргийн дотор хамгийн их хувийг эзлэх болжээ. Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж байгаа юм.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд байгаль орчны салбарын хууль тогтоомжийг 2012 онд багцаар шинэчлэн боловсруулж батлуулсан боловч Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай хууль зэрэгт зарим нэг харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал, хийдэл бий болгоод байгаа ажээ. 

Шинэчилсэн хуулийн төсөлд, “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд 50 мянган төгрөгийн урамшууллыг ажлын 10 хоногт багтаан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Байгаль хамгаалах сангаас олгоно”, мөн “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг тээвэрлэхэд ашигласан тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлж, тухайн орлогын 70 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг тухайн зөрчлийн талаар мэдээлсэн иргэн, эрх бүхий албан тушаалтанд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно” гэсэн зүйл, заалтыг эргэн харж хэлэлцүүлгийн шатанд чамбайруулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргаж, бодит амьдралд нийцсэн хууль гаргах нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.