Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед экосистемийг зохицуулагч түлхүүр зүйл болох ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна. Энэ нөхцөл байдалтай шууд холбоотойгоор экологийн эмзэг нөхцөлд оршдог Монгол орны хувьд ойг хамгаалах асуудал бол тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг хариуцлагыг сайжруулахад чиглэсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү санаачлан боловсруулжээ.
Хуулийн үндэслэл, шаардлага
- Ойн тухай хууль 2012 онд шинэчлэн батлагдаж, орон нутагт ойн ангийн бүтэц бий болж эерэг үр дүн гарч байгаа хэдий ч ойг түймрээс хамгаалах талаарх нийтлэг шаардлагыг хуульчлан тогтоож, орон нутагт төрийн нэрийн өмнөөс ойг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалагчийн эрх үүргийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын дулаарлын улмаас хуурайшилт нэмэгдэн улирлын чанартай хэт халалт, хүйтрэлтийн давтамжийн тоо улам олшрох болсон. Энэ үйл явц Монгол оронд илүү мэдрэгдэж уулын эмзэг бүтэцтэй экосистемд хүчтэй нөлөөлөх боллоо. Хуурайшилт, зуны улирлын хэт халалт нь ой, хээрийн түймэр гарах болзошгүй аюулын хугацааг уртасгаж, нягтшил, эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Манай улсад гарч байсан ой, хээрийн түймрийн олон жилийн статистик бүртгэлээс үзэхэд жилийн нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй, галтай болгоомжгүй харьцдаг, хууль биелүүлдэггүй үйлдлийн шалтгаанаар гарчээ.
- Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ойн тухай хууль /2012/ нь нилээд сайн боловсрогдсон, зах зээлийн шаардлагыг тусгасан, олон шинэлэг талтай хууль болсон гэж ойн салбарын мэргэжилтнүүд үнэлдэг боловч хуулийг хэрэгжүүлэх явцад ажиглагдсан, шинээр үүссэн нөхцөл байдал, хоёрдмол утгатай хуулийн хэсэг, заалт, зарим бэрхшээл, тулгамдсан асуудал, цаашид түүнийг арилгах талаар сонгогчид, судлаач, мэргэжилтэний санал, дүгнэлтийг нэгтгэн хуулинд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр төсөлд тусгав.
Хууль батлагдсанаар гарах үр дүн:
Хуулийн төслийг Монгол орны ойн нөөцийн 1/3 хувийг агуулж байдаг Хөвсгөл нутгийн иргэд, ойн мэргэжлийн байгууллага, хамт олон болон байгаль орчны төрийн бус байгууллагаар хэлэлцүүлж, тэдний саналыг төсөлд тусгасан байна.
Хууль батлагдсанаар ойн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого тусгагдан, ойг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын эрх зүйн орчин боловсронгуй болж, ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын үр өгөөж, чанар эрс дээшилж, төрийн байгууллагуудын ажлын зааг ялгаа, эрх, үүрэг тодорхой болж, өмнө байсан хоёр тусдаа хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, улмаар хуулийн чанар, үр өгөөж дээшилнэ.
Төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хариуцлага дээшилж, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэмжээ өссөнөөр тоо, чанарын мэдэгдэхүйц ахиц гарна гэж тооцож байна.
Хуульд орсон өөрчлөлтийн талаар
Хуульд дор дурдсан агуулгатай нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулав.
Үүнд:
- Ойд нөхөж барашгүй хохирол учруулдаг түймэр гарахаас сэргийлэх зорилгоор түймрийн аюултай буюу хуурайшлын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс хориглох үйлдлүүдийг хуульчлан тогтоож, зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулах эрх зүйн орчин бий болгохыг зорьж байна.
- Ойн нөөцийн судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор ойн тооллого, зохион байгуулалтын ажлын хүрээг өргөтгөж, хүлэмжийн хийн шингээх чадавхи, биомассын үнэлгээний түвшинд хийх зохицуулалтыг бий болгож байна.
Өнөөдрийн мөрдөж байгаа Ойн тухай хуульд ой ашиглах эрхийн бичиг олгох , гарал үүслийн гэрчилгээ олгох, ойг гэрээгээр эзэмшигчидтэй гэрээ байгуулах зэрэг ажлуудыг сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэж байгаа нь ойн хуулийг гажуудуулах, ойд явуулах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах боломжийг алдагдуулж байна гэсэн мэргэжлийн байгууллага, иргэдийн саналыг үндэслэн энэ чиг үүргийг байгаль хамгаалагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэн ийм өөрчлөлт оруулах саналыг төсөлд тусгав.
Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед экосистемийг зохицуулагч түлхүүр зүйл болох ойн нөөцийг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байна.
Энэ нөхцөл байдалтай шууд холбоотойгоор экологийн эмзэг нөхцөлд оршдог Монгол орны хувьд ойг хамгаалах асуудал бол тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх үүрэг, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн “Ойн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулав.
Хуулийн төслийг Монгол орны ойн нөөцийн 1/3 хувийг агуулж байдаг Хөвсгөл нутгийн иргэд, ойн мэргэжлийн байгууллага, хамт олон болон байгаль орчны төрийн бус байгууллагаар хэлэлцүүлж, тэдний саналыг төсөлд тусгасан болно.