2022.04.06
Д.Өнөрболор: “Нэг тэрбум мод” хөтөлбөрийг газар тариалангийн салбартай уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” хөдөлгөөн бол байгаль экологи, бүс нутгийн болон нийгэм эдийн засгийн чухал асуудлыг хөндөж, улс орны хэмжээнд төр, хувийн хэвшил гээд бүх түвшинд дэмжиж байгаа. Цаашид энэхүү ургуулж байгаа зүйлсээ эдийн засгийн эргэлтэд оруулах талаар бодлого, чиглэл гаргах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэж харж байна.
Сэлэнгэчүүд маань үр тариа, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, мод үржүүлэг, жимс жимсгэний аж ахуйг дагнан эрхэлж байгаагаас голдуу үр тариа, хүнсний ногоо, хүлэмжний аж ахуй дийлэнх хувийг эзэлж байна. Тэгэхээр хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн хөгжлийн дараагийн шат бол мод үржүүлэг, жимс жимсгэнэ байдаг. Тариаланчдын энэ туршлага, газар, тоног төхөөрөмж, хүний нөөц, чадавхи зэрэг дээр тулгуурлаад илүү хурдан хөгжүүлэх боломж байна.
Иргэдэд очих эдийн засгийн үр өгөөж ч их байгаа. Тэгэхээр газар тариалангийн бүсэд, газар тариалангийн салбартай “Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг уялдуулан хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна. Энэхүү хэлэлцэж буй хуулийн төслөөс үзэхэд энэ чиглэлийн өөрчлөлтүүд огт харагдахгүй байна. Засгийн газар, салбарын яам энэ тал дээр ямар бодлого барьж, цаашид ямар ажил төлөвлөж байгаа вэ?
Түүний асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ хариуллаа.