Сонгогчдынхоо саналын дагуу мажоритар тогтолцоог дэмжинэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.03.24

Сонгогчдынхоо саналын дагуу мажоритар тогтолцоог дэмжинэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

-Та тойрогтоо ажиллаж ирээд удаагүй байгаа. Танай тойргийн сонгогчид төр засгийн ажилд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

Тойргийнхоо баруун захын гурван сумаас бусад сум, суурин газарт очиж ажиллаад ирлээ. Малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор Ховд аймгийн баруун гурван суманд хөл хорио тогтоочихсон байгаа. Өвөл өнтэй сайхан болж сүрэг мал тарган онд орсноос гадна цаг агаар таатай сайхан байгаа болохоор малчдын сэтгэл тэнүүн байна. Гэхдээ сонгогчид маань бүх зүйл сайхан байна гээд дуугүй суусангүй.

Упс орны эдийн засаг хямарсан нь иргэдэд мэдэгдэж байгааг хэллээ. Мөн “Эдийн засаг хямрахаасаа илүү та нар хямарчихаад байгаа юм биш үү, улс төрийн хямрал нүүрлэчихсэн юм биш үү" гэж хэлэх хүн олон таарсан. Миний хувийн бодол ч гэсэн ийм байгаа. Бид ашигт малтмалын үнэ өсөлттэй байх үед нэлээд тансагласан. Харин сүүлийн үед ашигт малтмалын үнэ буурч орлого багассантай холбоотойгоор эдийн засаг хямарлаа гээд л бужигнацгаасан.

Ер нь бид УИХ-аа институцынх нь хувьд нэрийг нь хамгаалж явах хэрэгтэй байна. УИХ дотор байгаа тааруухан гишүүнийг шүүмжилж болно. Харин УИХ руугаа нулимж болохгүй. Монгол Улс оршин тогтнож байгаа цагт парламенттай л байж таарна. Парламентаа чадварлаг, нэр хүндтэй байлгахгүй бол иргэдийн төрд итгэх итгэл улам сулрах нь. Энэ нь иргэдтэй уулзаж байхад ажиглагдаж байна. Төр, ард түмний хоорондын итгэл, хүндрэл үгүй болбол улс орон хаашаа явах нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ын гишүүдээсээ эхлээд иргэдийн итгэлийг сэргээх, нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Та нар өөрсдөө хямарчихсан юм биш үү гэдэг нь ямар утгаар хэлж байгаа юм бэ. Одоо УИХ-д суудалтай бүх нам эвсээд ажиллаж байгааг улс төрийн хямралаасаа гарчихлаа гэж үзэхгүй байна гэсэн үг үү?

Эдийн засаг хүндэрсэн ч хямраад тартагтаа тулчихсан зүйл алга. Бид авах ёстой цалин, тэтгэврээ авч байна. Байгаль цаг уур ивээж мал маань сайн өсч байна. Хамгийн гол нь та нар өөрсдөө эдийн засгийн хүндрэлээр далимдуулж их бужигналаа. Мөн сонгууль дөхөж байгаа учраас хэтэрхий их улстөржиж, намчирхаж байна. Энэ чинь нийгмийн сэтгэл зүйд их нөлөөлж байна. УИХ-ын гишүүд хоорондоо хэтэрхий их хэрэлдэх юм. Үүнийг зогсоож асуудалд ажил хэрэгч хандах хэрэгтэй. УИХ-ын гишүүдээсээ эхлээд үлгэр жишээ баймаар байна. Хурлаа битгий тасалж бай, цаг тухайд нь хуралдаа суу гэж анхааруулж байна.

-Таныг сонгогчид чинь юу гэж дүгнэж байгаа вэ. Дээрх бүх шүүмжлэлд ч таныг багтааж байгаа юу?

Миний хувьд тойрогтоо ойр ойрхон ажиллаад байдаг болохоор ам сайтай байгаа. "Таны үндсэн үүрэг бол хууль батлах. Тиймээс хууль батлах үйл явцдаа идэвхтэй оролцож, цаг тухайд нь хуралдаа сууж бидний санал бодлыг хуульд тусгуулахын төлөө ажиллаарай" гэж захисан.

-Тухайлбал, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй томоохон хуулийн төслүүд дээр ямар санал оруулаарай гэж захисан бэ?

Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахдаа нэлээд бодолтой хандаарай гэдгийг захиж байна. Иргэд намд итгэл алдарсан шинжтэй “Аль ч нам нь хэрэг алга” гэж саналаа хэлж байна. Гэхдээ улс төрийн намгүйгээр явдаг тогтолцоог дэлхийн ямар ч улс орон олоогүй л байгаа шүү дээ. Тиймээс улс төрийн намууд нэр хүндээ хэрхэн сайжруулах вэ, иргэдийн итгэлийг яаж буцааж сэргээх вэ гэдэг дээр өөр өнцгөөс харах цаг болсон юм шиг санагдлаа.

Иргэд ч үүн дээр саналаа хэлж байна. Тухайлбал, дотроо байгаа нэр хүнд муутай хүнээсээ салах, баян компаниудын барьцаанаас гарахыг анхааруулж байна лээ. Улс төрийн намууд төвөөсөө сум, баг хүртэл нүсэр бүтэцтэй болчихож. Энэ бүтцээ санхүүжүүлэхийн тулд бусдаас хандив авч байнгаа. Улмаар буцаад тэр санхүүжилт өгсөн хүмүүсийнхээ барьцаанд орж тэдэндээ зориулсан шийдвэр гаргах өнгө аяс их бий. Энэ мэт зүйлээс болж иргэдийн дунд намуудын нэр хүнд унаж байна. Бас нэг асуудал бол намын хатуу гишүүнчлэлийг болиулах хэрэгтэйг иргэд анхаарууллаа.

Аймаг бүр жижигхэн сум хүртэл нам намаараа талцаж хуваагдаж байгаа нь яавч сайн зүйл авч ирэхгүй гэдгийг сонгогчид их ярьж байна. Намын хатуу гишүүнчлэлээсээ татгалзаж иргэд өөрсдөө сумын Засаг даргаа сонгодог болох тогтолцоог иргэдийн олонхи нь дэмжиж байгаа нь ажиглагдлаа. Түүнчлэн иргэд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлэхдээ, хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ дахь төлөөллөө шууд сонгодог байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар сонгогдох байдлыг эсэргүүцэж байна.

-Та УИХ-д сонгогчдоо төлөөлж хуулийн төслүүдийг хэлэлцэх үед сонгогчдынхоо энэ байр суурийг дэмжиж оролцоно гэсэн үг үү. Тухайлбал, намын жагсаалтаар сонгох саналыг дэмжихгүй юү?

Чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж байгаа нь иргэд сонгогчдынхоо саналыг сонсч түүнийг нь дараагийн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүддээ тусгуулах шүү дээ. Тиймээс сонгогчдынхоо дийлэнх олонхийнх нь хэлж байгаа саналуудыг хуульд тусгуулах тал дээр анхаарна. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор явж болохгүй л дээ. Сонгогчдынхоо дийлэнх олонхийн хэлж байгаа саналыг хуульд тусгуулах нь чухал. Тиймээс би сонгуулийн мажоритар тогтолцоог дэмжинэ.

-Ховдын сонгогчид таныг сонгохдоо хаанаас нэр дэвшиж байгааг чинь давхар харж сонголтоо хийсэн байх. Тиймээс иргэд танаас яагаад намаа сольсон тухай их асуудаг уу?

Иргэдтэй уулзалт хийж байхад хоёр сумын уулзалт дээр л “Намаа яагаад сольчихов оо" гэж асуусан. Манай Ховдынхон намайг хуучин АН-ын гишүүн байсан, намынхаа байрыг бариулах зэргээр намынхаа төлөө зүтгэж байсан гэдгийг мэднэ. Тиймээс би энэ асуултад хариулахдаа, “Эргээд АН-даа орж бодлого гаргахад нь идэвхтэй оролцохыг хүсч ийм шийдвэр гаргасан. Нөгөөтэйгүүр АН-ын зүгээс олон удаа надад санал тавьсан” гэж хариулсан.

Ер нь УИХ-ын гишүүн болохоос ч өмнө АН надад “Намдаа буцаж ирээч, АН-аас нэр дэвшээч” гэж санал тавьж байсан. Ер нь сонгогчид маань намайг намаа солилоо  гэж шүүмжлээгүй, тайван хүлээж авсан. Энэ хүн угаасаа АН-ын хүн гэж ойлгодог юм шиг байна лээ. Тиймээс хагарч бутрах биш нэгдэж нийлээд ажиллах нь зөв гэж үзэн харин ч дэмжиж байгаа нь мэдрэгдсэн.

-АН томоохон шийдвэрүүдээ Үндэсний зөвлөлдех хороо (ҮЗХ)-ны хурлаараа гаргадаг. Тиймээс ҮЗХ-нд гишүүнээр орох нь чухал. Гэтэл та нөхөн сонгуулиар Ховдоос ҮЗХ-нд орох гэсэн боловч ялагдчихлаа. Яагаад ялагдчихав, маргаантай зүйл бий юү?

АН-ын ҮЗХ-ны нөхөн сонгуульд ороод унасан. Яагаад унасан бэ гэвэл, нэгдүгээрт, нам дотор өрсөлдөөн их байна. Жишээлбэл, ҮЗХ-гоор дамжин УИХ-ын сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүн олон байна. Хоёрдугаарт, намуудад “мөнгөний соёл” их бий болсон. Би үүний золиос болчихов уу даа гэж бодсон. Үүнийгээ маш тайван хүлээж авч байгаа. Нам доторх сонгуульд ялагдах явдал зөндөө л байдаг учраас ялагдлаа гээд нам дотроо хагалан бутаргах үйл ажиллагаа хийхгүйгээр явна.

Сая тойрогтоо ажиллах үеэрээ аймгийнхаа намын хорооны гишүүдтэй уулзахад, “Бид алдаа гаргалаа. Таныг уначихна гэж бодсонгүй. Тухайн үед сайн сурталчилгаа" хийсэн гишүүдээ дэмжээд явж байтал та уначихлаа. Хойшид ийм алдаа гаргахгүй, таныг дэмжиж ажиллана. Та бол АН-аас УИХ-д Ховд аймгийг төлөөлж суугаа ганц гишүүн. Цаашдаа тууштай дэмжих болно” гэсэн.