Өрөөр биш өөрөөрөө амьдарч сурцгаая
Монгол улсын эдийн засаг 2000 оны байдалд эргэж очлоо
2015.03.03

Өрөөр биш өөрөөрөө амьдарч сурцгаая

Орчин үеийн Монгол улсыг өрийн эдийн засагтай улс гэж хэлж болно. 

Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараа тэр үеийн хаант Оросоос 5 сая рубль хүссэнээс 3 саяыг нь зээлж байжээ. 1954 онд 200 сая рубль зээлж социализмыг бүтээн байгуулах нэрээр үрэн таран хийсэн. Харин БНХАУ-ын анхны Ерөнхий сайд Жоу Эньлайний өгсөн 190 сая рублийн буцалтгүй тусламжаар Энхтайвны гүүр, Их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Налайхын зам, Шилний үйлдвэр, 50 мянгат, Хархорины цахилгаан станц зэрэг нэлээд бүтээн байгуулалт хийжээ. 1950-1965 онд Монгол улс Зөвлөлт, Хятадаас авсан 860 орчим сая рублиэр амьдарсан юм. 

1971 оноос Монголчууд Зөвлөлтөөс таван жил тутамд 3 тэрбум шилжих рублийн зээл авч байхаар болж энэ нь 1990 он гэхэд 10 тэрбум рублийн өрийг хуримтлуулжээ. Энэ мөнгөөр одоо бидний нүдэнд харагдаж  байгаа ихэнх бүтээн байгуулалтыг хийсэн. 

1970-1990 оны хооронд манай улсын хөрөнгө оруулалт, улсын төсвийн 70 хувийг гадаад өр эзэлдэг байв.  Гэтэл ЗХУ гэгч цорын ганц тэжээгч улс задран унахад Монголчууд картын бараанд орсон юм.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээр шинэ тэжээгчтэй боллоо. 1990-2000 онд Японоос л гэхэд тэрбум гаруй долларын тусламж авчээ. 15 жилийн туршид ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны мөн ч их мөнгийг зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр авсан. Байсан хэдэн үйлдвэрээ сүйтгэсэн Монгол улс алт, зэс, ямааны ноолуур, зарим нэг ашигт малтмалаас өөр гадагш нь гаргах юмгүй болов. 2000 оны байдлаар ДНБ-ий бараг тал хувийг зээл тусламж эзэлж байжээ. Ардчилсан Монгол Улс нийт дөрвөн тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламж авсны 28 хувь нь Азийн хөгжлийн банкинд, 20 хувь нь Дэлхийн банкинд, 20 хувь нь Японы Засгийн газарт ногдож байна.

2000-оод оны дунд үеэс ДНБ-ийхээ ихэнх хэсгийг өөрсдөө гаргадаг болов. 2010 онд ОУВС албан ёсоор Монгол улсыг ядуу орны тооноос хасчээ.  Монголд эдийн засгийн бум болж байна хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж, гадны хөрөнгө оруулагчид Монголыг зорих болов.  Гэвч үнэндээ монголчууд өөрсдөө хөлсөө гартал ажиллаад мөнгө олсонгүй. Энэ нь зөвхөн баялаг сайтай газар нутгийн ач тус байлаа.

Эрх баригчид мөнгийг баруун солгойгүй цацаж эхэллээ. 2004 оноос хүүхдийн мөнгө олгох болов. Мөн шинээр хуримласан хосуудад 500 мянгыг өгөх амлалт гэрлэлтийн тоог дөрөв дахин ихэсгэв.  Мөнгөний гэрлэлт ч цөөнгүй байлаа.  Уул уурхайгаас олсон мөнгөө хуримтлуулж, дэд бүтцэд  хөрөнгө оруулахын оронд Зөвшилцлийн  Засгийн газар байгуулсан хоёр том нам сонгуулийн амлалтаа биелүүлж байна гээд хүн болгонд эхлээд 70 мянга, дараа нь 120 мянган төгрөг тараалаа. Дараа нь сар болгон 21 мянгыг тараав. Дараа нь сая саяар нь түгээж эхэллээ. “Олон толгойтой” төслөөс нийтдээ 350 сая, дээр нь Эрдэнэт үйлдвэрээс 100 сая долларыг иргэддээ зүгээр л бэлэглэчихэв.

Гэвч уул уурхайд авлига дийлдэхээ байснаар хайгуул, олборлолтын лицензийг хязгаарлаж, дээрээс нь урт нэртэй хууль болон бусад гадаад хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулиуд батлагдав. Үүний дараа хөрөнгө оруулагчид мөнгөө хармаалаад гараад явчихав.

Чингис бондын төлбөрийн тооцоолол. USD/MNT=1440 гэж тооцов.

2012 онд Шинэчлэлийн засгийн газар “Чингис”, “Самурай” нэртэй бонд гаргав. Дээр нь Хөгжлийн банкны 580 сая долларын бондтой нийлээд гадаад өрийн хэмжээ төсвийн тал хувиас хэтэрч эдүгээ бараг 60 хувьд хүрчээ. Энэ мөнгөөр барилга барьснаас гадна бензин, махны үнийг барих оролдлого хийлээ. Гэвч гадаад худалдааны алдагдал нь эдийн засгийн дөрөвний нэгтэй тэнцдэг, гадаадын хөрөнгө оруулагчдыг царайчилсан Монголын эдийн засаг шалдаа буув.

Энэ бүхнээс үлдсэн зүйл нь баахан өр. Зээлсэн мөнгөө үр ашигтай зарцуулж чаддаггүй манай улсын хувьд энэ өр ирээдүй хойчид маш хүнд ачаа болж очно. Доллар 1440 төгрөгийн ханштай байхад монголчууд жил бүр Чингис бондын төлбөрт 75 сая ам.доллар буюу 108 тэрбум төгрөг, өдөрт 208.3 мянган ам.доллар буюу 300 сая төгрөгийг төлнө гэсэн тооцоо гарч байсан. Харин одоо доллар 2000 дөхсөн энэ нөхцөлд ямар тоо гарахыг бодож олоход төвөггүй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг бол буяны байгууллага биш. Цаана нь хөрөнгө нийлүүлсэн эзэд бий.

Өнөөдрөөс бид өрөөр биш өөрөө амьдарч сурах ёстой. Ядаж зээлсэн мөнгөө эргээд мөнгө авчрах зүйлд хөрөнгө оруулмаар. Дээрээс нь өөрсдөө дотооддоо хийж чадах зүйлээ гаднаас худалдаж авдгаа больж, гаднаас оруулж ирэх гэвэл өндөр татвар тавимаар. Үүний тулд үйлдвэрлэгчдээ татвараар дарамталж, хий хоосон лоозогнохын оронд дэмжсэн шиг дэмжмээр. Бүсээ чангална чангална л гэх юм. Үнэндээ энгийн иргэд, дотоодын үйлдвэрлэгчдийн бүс чангарч байгаагаас хаалттай клубын зарчмаар төрийн бодлого явуулдаг эрх баригчдын бүс суларсан юм алга.