Монголын төр баялаг бүтээгчиддээ боломж олгох цаг нь болжээ
"Монголын төр"
2015.02.24

Монголын төр баялаг бүтээгчиддээ боломж олгох цаг нь болжээ

Гишүүдийн байр суурь

Х.Тэмүүжин: Зайлшгүй авах ёстой арга хэмжээ

Эдийн засгийн Өршөөлийн хууль нь Монгол Улсад зайлшгүй авах ёстой  арга хэмжээ болоод байгаа юм. Энэ эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалтын хомсдолтой холбоотойгоор асуудлууд ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсч байна вэ гэхээр Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгө хөрөнгийн тодорхой хэсэг нь далд хэлбэрт явагдаж байна.

Өөрөөр хэлбэл хууль бус, зөвшөөрөгдөөгүй гэсэн үг. Тэр мөнгөөр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, ил гарах юм бол хууль хүчний байгууллагууд шууд орж ирээд хөрөнгө оруулалтыг нь үгүйсгэж, боймлодог, ажлын байрыг нураадаг нөхцөл байдал байна.

Тийм учраас гаднаас хөрөнгө оруулалт татахаас гадна дотроо  нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж, айдасгүй болгохгүй бол эцсийн дүндээ баялаг бүтээгчид маань хуримтлал үүсгэсэндээ, бизнес эрхэлсэндээ, ажлын байр бий болгож ард иргэдийг орлоготой болгож байгаадаа өөрөө гэмт хэрэгтэн буруутгах нөхцөл байдал руу орж эхэлж байна. Дээр нь манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү улайран, дайрдаг болж эхэлсэн.

Хуулийн байгууллагуудын туслалцаатайгаар зарим бизнес, улстөрийн бүлэглэлүүд өрсөлдөгчөө онилж эхэлж байна. Бид одоо хуулийн шинэтгэл хийж байгаа бол одоо нэг зураас татья. Энэ зурааснаас өмнө энэ хуулиуд үйлчлэхгүй, одоо дүрмээрээ тогльё гэсэн цэгээ гаргаж өгөхгүй бол үнэхээр саармаг үр дагаврууд үүсч байна.

Н.Энхболд: Дэмжиж байна

Аливаа том бодлого хоёр талтай байдаг. Зарчмын хувьд зөв хууль гэж бодож байна. Үүний цаана хэн хамрагдах вэ гэдгээс илүү, эдийн засагт ямар үр дүн авчрах вэ гэдгээ чухалчлах хэрэгтэй. Зах зээлийн тогтолцоогоор цөөхөн жил явсан, анхны хуримтлал бий болгохын тулд мэдэх, мэдэхгүй олон зам туулсан бидний хувьд нэг удаад ийм хууль гаргах нь болохгүй асуудал биш.

Ийм хууль гаргасан улс орнуудад эдийн засгийн дүнгээрээ том нөлөө үзүүлж байсан юм билээ. Өршөөлийн тухай хуульд байгаа хамгийн том заалт нь хохирлыг төлүүлсэн байх тухай байна лээ.

Энэ бол маш зөв заалт. Ингэснээр татвараа шударгаар төлсөн нь барьцахгүй. Мөн эрүүгийн хуулийн ямар ямар заалтаар ял сонссон юм. Өмнө нь өршөөлд хамрагдчихаад дахин үйлдсэн бол өршөөхгүй гэх мэт заалт орсныг чухал гэж харж байна. Ийм ийм заалтаар хууль зөрчсөн бол гэх мэтээр заалт нэг бүрээр нь тодорхой заагаад өгчихсөн учраас дэмжиж байна.

Х.Болорчулуун: Эдийн засаг сайжирна гэж бодохгүй байна

Миний хувьд уг хууль гараад аж ахуй нэгжүүд өөрийн буруу үйлдлээ ухамсраараа хүлээн зөвшөөрснөөр эдийн засаг сайжирна гэж бодохгүй байна. Гадаад дотоодод байдаг мөнгө төгрөг ил гарна, эдийн засаг сайжирна гэх мэтээр их сайхан сурталчилгаа яваад байгаа.

Энэ хуулийг нэг удаа ингээд гаргачихвал зарим бизнес эрхлэгчдийн хувьд өмнөх үйлдлээ давтан улам даварч магадгүй юм. Мөнгө төгрөг ийш тийш зохицуулчихсан хүмүүс одоо бол даруулгатай байгаа. 

Эндээс урдахыг нь хамаарахгүй ээ гээд хэлчихвэл бүр л оодорно. Ер нь шударга өрсөлдөхгүйгээр баян болсон хүмүүс энэ УИХ-д зөндөө байна. Бид ийм хууль гаргаад урд дахь нүглээ цайруулна гэдэг нь зүйн хэрэг. Энэ хууль гарснаар Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт би лав итгэхгүй байна. 2004 онд нэг гаргасан юм.

2008 онд НӨАТ-ын өршөөлийн хууль бас гаргаж байсан. Мэдээж энэ төрлийн хуулийг 10-20 жилдээ гаргаж байхаас биш ойр ойрхон гаргах нь тийм ч таатай биш юм. Улс орнууд ч тийм жишиг барьж ирсэн. Энэ хууль гарснаар нөгөө шударгаар өрсөлдөж байсан хэсэг бүлэг гомдоно биз дээ. 

С.Бямбацогт: Авлигачдыг өршөөхөд чиглэсэн хууль 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна.  

Бид зөв жишиг тогтоож, зөв хуулийг баталж тэр нь Үндсэн хууль, шударга ёсонд нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл шударгаар татвараа төлөөд явж байсан хүмүүс хохирч, хууль бусаар хөрөнгө олж, авлига авсан нөхдүүд нь хождог ийм хуулийг бид дэмжихгүй.

Сэтгүүлчийн дүгнэлт

Гудсанд нуусан мөнгөө одоо л гаргаяӨршөөл үзүүлэх хэлбэр хэмжээ, өршөөлд үл хамааруулах, хууль хүчин төгөлдөр болох гэсэн дөрвөн бүлэг бүхий Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл эхнээсээ л маргаан дагуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газар өргөн барихад улстөрчид өөрсөддөө зориулж хууль гаргах нь хэмээн эсэргүүцсээр буцаан татаж байсан удаатай. 

Мэдээж одоо АН-ынхан, Ардын намтай эвсчихсэн байгаа тохиолдолд энэ хуулийн төсөл дэмжлэг авах магадлал өндөр болж байгаа юм. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Н.Алтанхуягийн Засгийн газар энэхүү хуулийн төслийг өргөн барихад дээрх байр суурийг илэрхийлж байсан билээ. Тухайн үед МАН-ын бүх л гишүүн эсэргүүцэж байсан. Учир нь тэр үед МАН сөрөг хүчин байсан учраас эсэргүүцэхээс өөр аргагүй. Гэвч гишүүд энэ хуулийг гарчихаасай хэмээн битүүхэн хүлээж байгаа нь ч тодорхой билээ. 

Хуулийн дөрвөн бүлэгт ямар заалтаар ял сонссон болон шалгагдаж байгаа иргэнийг чөлөөлөх, мөн нуусан хөрөнгөө ил гаргасан бол хариуцлагаас чөлөөлөх, хэвлэл мэдээлэл татвараа ил болгосон аж ахуйн нэгж, иргэнийг дайрч давшлахгүй, луйварчин мэтээр нийгэмд сөрөг мэдээлэл гаргахгүй байх ёстой юм. 

Тэр утгаараа татвараас нуугдчихсан, их хэмжээний мөнгө оффшор бүсэд байрлуулчихсан гишүүдэд энэ хууль ус агаар шиг хэрэгтэй байгаа юм.

Хуулийн нэгдүгээр бүлэгт, ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэхийг, хоёрдугаарт бүлэгт, зарим хугацааг хэрэгсэхгүй болгохыг, гуравдугаар бүлэгт эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгохыг, дөрөвдүгээр бүлэгт зарим этгээдийг өршөөлд үл хамааруулахыг тусгажээ.

Энэ хуулийн авлигач, улстөрчдөд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээс илүү бизнес эрхэлж байгаа, төрийн дарамт шахалтад байсан бизнес эрхлэгчдэд ямар нөлөөтэй вэ гэдгийг нь одоо чухалчлах шаардлага үүсээд байгаа юм. 

Бизнес эрхлэгчид нь энэ талаар яриад эхэлчихсэн байна. Хөрөнгө оруулалт буурчихсан, гаднаас доллар орж ирэх суваг нь байхгүй болсон ийм үед далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийг ил болгосноор найман их наяд төгрөг эдийн засагт ил гарч ирнэ гэсэн тооцоог ч эдийн засагчид гаргасан байна. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, эдийн засагч  Б.Лхагважав “Манайд өмнө нь гарсан Татварын өршөөлийн хоёр ч хуульд ААН, хувь хүн аль алиныг нь 100 хувь хамруулж чадаагүйгээс олон боломжоо алдсан. 

Нэг үе эдийн засаг 17 хувь хүртэл өсөхөд өршөөлд хамрагдаагүй этгээдийн орлого хоёр дахин багасч, өршөөлд хамрагдсан нь санхүүгийн эрх чөлөөгөө эдлээд орлогоо 3-5  дахин нэмсэн. Тэр үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарсан” хэмээн ярьсан байна. Энэ хуульд  ердөө 2856 компани, 2000 гаруй иргэн хамрагдсан нь тэдний бизнесийг өргөжүүлэх боломж олгосон гэдэг. 2009 онд нийт борлуулалт 10 их наяд 900 тэрбум төгрөг болсноос 3.8 их наяд төгрөг нь татварын өршөөлд хамрагдсан компаниудынх юм байна.

Тэгвэл тухайн үед ашиглаж чадаагүй өршөөлийг дахин бүрэн эдэлж чадсанаар дээр хэлсэнчлэн актив хөрөнгө 7-8 их наядаар өсөх, өрийн таац автоматаар 2-3 их наядаар өсөх зай гарч, энэ орон зайд Ерөнхий сайд ажлаа хийх боломж бүрдэнэ хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм. 

Тиймээс нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хуулийн төсөл дээр эргэж харах асуудлаа цэгцэлж, чамбай хуулийн төсөл боловсруулан гаргах шаардлага бий болоод байгаа юм. Гудсан дор нуусан хөрөнгөө нь одоо л ил гаргахгүй бол, тэр мөнгийг нь эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол дахиж ийм боломж гарах ч юм билүү. Өмнө бичиж байсанчлан эдийн засгийн өршөөл үзүүлэх энэхүү хуульд авлига авсныг нь бус өгснийг нь өршөөх заалтыг илүү тодорхой тусгаж өгвөл олон зуун бизнес эрхэлж буй иргэд авлигын бугшсан нууж хааж явсан их хэмжээний авлигын хэргүүдийг илчлэх сэжим болохыг ч үгүйсгэхгүй. 

Тиймээс өнөөдрийн эдийн засгийн хүнд цаг үед Эдийн засгийн өршөөлийн хууль ус агаар мэт хэрэгтэй болоод байна. Баячуудыг тойглох хууль гэхээс илүү баялаг бүтээгчдэд боломж олгох хуулийн төсөл гэдэг утгаар нь улстөрчид маань харж өнөө маргаашгүй хэлэлцэж дэмжинэ гэх хүлээлт нийгэмд бий болчихлоо. Нарантуулын наймаачид, 10-100 хүнтэй олон арван аж ахуйн нэгжид энэ хууль өгөөжөө өгч, тэр хэмжээгээр улсын эдийн засагт их хэмжээний мөнгө эргэлдэх боломж бүрдэх учраас өршөөх үү, эс өршөөх үү гэдгээ сонгох  цаг болжээ.