Хямралаас гаргах академичийн санал
Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Академич Т.Намжим гуайг "Экспертийн үг" буландаа зочноор урьж, эдийн засгийн хөгжлийн загвар тогтолцоог шинэчилж, эдийн засгаа хямралаас гаргаж, хөгжүүлэх арга замын талаар ярилцлаа.
-Эдийн засгаа хямралаас хэрхэн гаргах вэ. Та академич хүний хувьд ямар бодол, саналтай байна вэ?
Өнөөгийн нөхцөлд Монгол улсын хөгжил дэвшлийг урагш ахиулая гэвэл Хөгжлийн бодлого, зорилт, төлөвлөлтийн тогтолцоотой болох, бодит эдийн засгийн хүрээнд ялангуяа үйлдвэржилтийн салбарт бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрт зориулж, зээлийн батлагаа гаргадаг болох хууль зүйн орчинг буй болгох явдал нь төр засгийн шийдвэл зохилтой тулгамдсан асуудал болоод байна.
Товчхоноор томъёолбол: Хөгжлийн төлөвлөлт, Бүтээн байгуулалтын төсөл, Хөрөнгө санхүүжилт, Зээлийн батлагаа гэсэн загвар, тогтолцоог албан ёсоор бүрдүүлж, шинжлэх ухааны арга зүй, үндэслэл тооцоотой хэрэгжүүлж сурах явдал нь манай улсын хөгжил дэвшлийн үндсэн арга зам мөн гэдгийг ухамсарлан ойлгох цаг болжээ.
Хөгжил дэвшлийн гинжин холбооны загварыг манай улсад нийгмийн байгуулалтын шинэ хэлбэрт шилжсэн 1990-ээд оноос хойших 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй учраас эдийн засгийн хөгжлийн тогтвортой бөгөөд дорвитой үр дүнд хүрч чадаагүй. Тийм урагшгүй байдлын гол учир холбогдол бол нэгд, манайд хөгжил дэвшлийн гинжин холбооны эхний шат буюу хөгжлийн бодлого зорилтыг тодорхойлон тогтоодог эдийн зсгийн удирдлага төлөвлөлтийн тогтолцоогүй, урсгалаараа явж ирсэн, хоёрт, хөгжлийн түлхүүр асуудал болох бодит үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг зээл, батлагааны буюу эцсийн шатны асуудал шийдэгдээгүй байгаа явдал юм.
Үүнтэй холбогдуулан төр засгийн эрхэм түшээдийн анхаарал ухааралд улс орны нийгмийн бүхий л амьдрал, хүн ардын аж байдлын суурь дэвсгэрийг бүрдүүлдэг бодит эдийн засгийн хөгжлийн гинжин холбооны загварыг зөвлөмж болгомоор байна.
-Ямар зөвлөмж өгөх вэ?
Нэгдүгээрт хөгжлийн бодлого, төлөвлөлт, удирдлагын тогтолцоо. Хөгжлийн бодлого, зорилтыг гагцхүү төлөвлөгөөгөөр тодорхойлохын тулд Монгол улсын төр засаг эдийн засгийн хөгжлийн удирдлага, төлөвлөлтийн тогтолцоотой байх ёстой.
Тэгж байж улс орныхоо хөгжлийн өнөөгийн түвшинг дорвитойхон ахиулах бодит үр дүнд хүргэх боломжтой болно. Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн хөтөлбөр болон дунд хугацааны төлөвлөгөөг ерөнхий тунхаглалын чанартай бичлэгийн хэлбэрээр бус, жинхэнэ ёсоор нь хийж байх тогтолцоог бүрдүүлэе гэвэл, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу хүн ам, ажиллах хүчний өсөлт бүтцийн төсөөлөл, улс орны нөөц баялгийн үнэлгээ, нийгмийн материаллаг болон оюун санааны хэрэгцээ, шинжлэх ухаан-техникийн дэвшлийн прогноз, гадаад харилцааны нөхцөл байдал зэрэг бүхий л суурь хүчин зүйлсийг нарийвчлан судлаж тогтоосны үндсэн дээр, улс орны бодит эдийн засгийн нийт салбарын бүтээн байгуулалтын цогц арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүжилтийн цар хэмжээ, эх үүсвэрийг бүрдүүлэх арга хэлбэр, макро-эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийн үзүүлэлтийн тооцоог хамарсан байх ёстой.
Тийм үндэслэл, агуулга, бүтэцтэй төлөвлөгөө, төслүүдийг хэрэгжүүлсэнээр улс орны эдийн засгийн хөгжлийн түвшинг ахиулах бодит амжилт бүтээл, үр дүн гардаг байна. Манайд 20 дугаар зууны сүүлийн хагаст тухайн үеийн нөхцөл байдалд бүтэж бүрэлдсэн эдийн засгийн бүтээн байгуулалт ч тийм төлөвлөгөө, төслүүдийг хэрэгжүүлсэнээр биелэлээ олсон юм.
Олон улсын хэмжээнд ч тийм зүй тогтолтой байдаг. Тухайлбал, Япон
http://econ272.academic.wlu.edu/2012/10/21/the-off-shoring-of-services/japan-gdp-by-industry-graph/
улсад хөгжил дэвшлийн тэргүүлэх зиндааны өндөр түвшинд хүрсэн гол нөлөөтэй нэг хүчин зүйл бол тус оронд боловсролын түвшин өндөр, үйлдвэржилтийн зөв бодлого байсны зэрэгцээ байнгын оновчтой төлөвлөгөөтэй явж ирсэн явдал гэж томъёолдог юм билээ. Эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Засгийн газарт эдийн засгийн удирдлагын бүтэцтэй байх явдал зайлшгүй шаардлагатай.
Өнөөгийн УИХ, Засгийн газар 2012 онд үйл ажиллагаагаа эхлэхдээ 1990 оноос хойших зохисгүй байдалд дүгнэлт хийж, төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх, уг үйл хэргийг хариуцан гүйцэтгэх Засгийн газрын бүтэцийн нэгж болох Эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа гэж ихэд олзуурхаж байлаа. Тус яам хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны тухай хуулийн төсөл боловсруулж мэргэжлийн хүмүүсээс санал авч байсан.
-Тэр хууль юу болсон бэ?
Нөгөөх хуулиа ч хэлэлцэж батласан юмгүй, нэг удаа ч гэсэн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж амжаагүй байтлаа, мөнөөх яамаа татан буулгачихлаа. Энэ бол буруу шийдэл болсон гэдэг нь мэдээжийн хэрэг юм.
Гэхдээ Засгийн газарт Эдийн засгийн хороо байгуулна гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Ер нь Засгийн газрын бүтцэд улс орны хэмжээнд эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл хэргийг хариуцан гүйцэтгэх Эдийн засгийн төв байгууллага заавал байна гэдэг бол зарчмын чухал асуудал юм. Энэ талаар Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч Д.Содном “Өдрийн сонин”-ы энэ 10 дугаар сарын 7-ны өдрийн дугаарт гаргасан нийтлэлдээ тодорхой бөгөөд тун зүйтэй бичсэн.
Манай төр засгийн удирдлагад гарсан хүмүүс ард иргэдийнхээ үгийг сонсож хамтдаа асуудлыг шийдэж байна гэж байнга ярьж байдаг. Тэгвэл ахмад үеийн хүмүүс ч, судлаач эрдмийн хүмүүс ч манай ард иргэдийн нэгэн хэсэг мөн тул бидний санал зөвлөмжийг анхааран үзэж, ажил хэрэг болгоно хэмээн найдаж байна.
Хамгийн гол анхаарах асуудал нь Эдийн засгийн бодлого төлөвлөлтийн төв байгууллагын удирдлагад болон газар, хэлтэст зохих мэрэгжлийн өндөр мэдлэгтэй, мэрэгшсэн туршлагатай, улс орныхоо амьдралыг сайтар мэддэг, шинжлэх ухааны онол, арга зүйн дагуу судлагаа тооцоо хийдэг авьяслаг чадварлаг бөгөөд бодит логик сэтгэлэгээтэй хүмүүсээр дутмаг байх буюу бүрэлдээгүй нөхцөлд олигтой үр дүн гарахгүй гэдгийг ойлгож хандах явдал.
Монгол улсын эдийн засгийг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэхийн тулд заавал эдийн засгийн тулгуур судлагааны хүрээлэнтэй байх ёстой. Манай төрийн түшээд цөмөөрөө эдийн засгийг хөгжүүлэх тухай ярьдаг атал, Монгол улсын хэмжээнд эдийн засгийн судлагааны байгууллагагүй байна гэдэг бол хамгийн гайхалтай бөгөөд учир утгагүй явдал мөн гэдгийг ухаардаг хүмүүс тун цөөхөн байдаг бололтой юм.
Тэгэхээр Эдийн засгийн судлагааны хүрээлэнг Шинжлэх Ухааны Академи болон Эдийн засгийн төв байгууллагын давхар харьяалалд байгуулах асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай байгаа болно. Нилээн хэдэн жилийн өмнө миний бичсэн нэгэн нийтлэлийг “Монголын мэдээ” сонин “Манай Монгол сохор хүнд хөтлүүлсэн жингийн цуваа шиг байна” гэж нэрлээд нийтлэсэн нь хүмүүсийн анхаарлыг нилээдүй татсан.
-Монгол улс дэлхийн хамгийн хурдан өсөж буй эдийн засгуудын нэг болоод байна. Энэ өсөлт үнэхээр бодит өсөлт мөн үү. 2010 онд Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай эдийн засгийг өсгөсөн гэдэг. Одоо ийм мега төсөл хэрэгжүүлж дахин өсгөх үү, эсвэл ямар бодлого барих ёстой вэ, Оюутолгойн хэлэлцээр зурагдсаны дараа уул уурхайн хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдэж, 4,9 тэрбумд хүрсэн.
Дараагийн нэг анхаарах асуудал нь бүтээн байгуулалтын төсөл, хөрөнгө оруулалт юм. Улс орны хөгжлийн түвшинг урагш ахиулахад дорвитой нөлөө үзүүлэх үндсэн арга зам бол бодит эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх явдал.
Дараагийн нэг анхаарах асуудал нь бүтээн байгуулалтын төсөл, хөрөнгө оруулалт юм.
Тийм бүтээн байгуулалтын төслүүдийг гагцхүү хөгжлийн урт хугацааны төсөөлөл, дунд хугацааны төлөвлөгөөнд эдийн засгийн үндэслэл тооцооны үндсэн дээр тогтоох, улмаар Техник-эдийн засгийн үндэслэлээр батлагаажуулж байх нь зүйн хэрэг юм.
Өнөөгийн байдлаар ойрын үед хэрэгжүүлбэл зохилтой нилээдүй тооны томоохон төслүүд байна. Тухайлбал, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгойн коксжих нүүрсний ордыг экспортын зориулалтаар ашиглах, Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь хар төмрийн хүдрийн ордыг түшиглэн үрлэн төмрийн үйлдвэр байгуулах, түүний үндсэн дээр Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс, бусад үнэт болон өнгөт металлыг ялгаруулах үйлдвэр байгуулах, улмаар зэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хялбар хийцийн машин техник, металл эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх, Дорно зүгт далайн шинэ гарцын төмөр зам тавих, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн томоохон цахилгаан станцуудыг барих, түүнчлэн малын ноос ноолуур, арьс ширийг бүрэн боловсруулж эцсийн хэрэглээний бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зэрэг томоохон төслүүдийг дурьдаж болох байна.
Гагцхүү дээр дурьдсан бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэе гэхээр манайд хөрөнгө оруулалтын дотоод эх үүсвэр нэн дутмаг, гадаад эх үүсвэрийг авч ашиглах хууль зүйн орчин бүрдээгүй учраас хоосон яриа болсоор олон жилийг өнгөрүүлж байгаа билээ.
Ер нь тийм байдлын улмаас 1990 оноос хойших хугацаанд бодит эдийн засгийн хүрээнд, ялангуяа уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, цахилгаан эрчим хүчин, зам тээврийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадалгүй 20 гаруй жилийн хугацаа өнгөрүүлсэнээс хөгжлийн асар их боломжийг алдаад байна.
-Яагаад бид боломжоо алдаад байна вэ. Ямар шалтгаантай байна?
Тийм байдал нь нэгд, Монгол улсын үндэсний компаниудад болон арилжааны банкуудад хөрөнгө санхүүгийн чадавхи хүрэлцээгүй, хоёрт, гадаадын банкнаас зээл авах гэхээр Засгийн газраас зээлийн батлагаа гаргадаггүй зэрэг шалтгаантай байгаа гэдэг нь тодорхой юм.
Хэрэв дөрвөн жил дутам бүрэлдэн байгуулагддаг УИХ, Засгийн газар дээрх нөхцөл байдлыг хэвээр үргэлжлүүлээд байвал цаашид томоохон төслүүдийг Засгийн газрын болон үндэсний компанийн шугамаар хэрэгжүүлэх боломж мөхөсдөж, гадаадын компанийн эзэмшилд орсоор байх бөгөөд улс орны үндэсний эрх ашигт нэн харш үр дагавар дагуулсаар байх болно.
Монгол улсын хөгжлийн томоохон төслүүдийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгөөр, мөн дотоодын арилжааны банкнуудын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр болон Монголын хувийн хэвшлийн компаниудын хуримтлалаар шийдвэрлэх боломж байхгүй гэдэг нь ойлгомжтой юм.
Тэгэхээр хэрвээ гадаадын банкнаас хөрөнгө оруулалтын зээл авахгүй бол улс орны хөгжилд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэлдэхгүй гэдэг нь тодорхой.
Ер нь дэлхий дахинаа олон улсын хэмжээнд хөгжингүй эдийн засгийн түвшинд хүрэх түгээмэл арга зам бол банкны зээлийн хөрөнгөөр л өндөр үр өгөөжтэй бодит үйлдвэрлэлийн болон түүнтэй холбогдол бүхий дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг сонгомол зүй тогтолтой байдаг гэдгийг манай төр засгийн албаны хүмүүс ойлгож байгаа болов уу.
-Томоохон төсөл хэрэгжүүлж, үйлдвэржилтийг сэргээхийн тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Санхүүжилтийн эх үүсвэр үнэхээр банкны зээлээс өөр байхгүй гэж үү?
Олон улсын хэмжээнд бодит эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг банкны зээлээр бүрдүүлдэг дэлхий дахины нийтлэг арга хэлбэр байгаа болно.
Манайд болохоор, гадаадын банкнаас зээл авбал өр үүснэ гэсэн ойлголт хавтгайрсанаас болж, орлого ашгаараа зээлийн эргэн төлбөрийг хийх боломжтой болох нь ТЭЗҮ-ээр тогтоогдсон бодит үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зээлд батлагаа гаргах хууль зүйн орчинг бүрдүүлэхгүй байгаад байвал Монгол улсыг хөгжүүлэх зорилт хэрэгжихгүй, хоосон тунхаг хэвээр үлдэх болно.
Манай УИХ-ын гишүүд, төрийн түшээдийн хэлцэж, маргалдаж байгаагаас харахад, зээл авбал өр болно гэж хэт болгоомжилдог бололтой. Тэгвэл зээл болгон өр болдоггүй гэдгийг ойлгомоор байгаа юм. Үнэхээр эдийн засгийн өндөр үр ашигтай буюу өөрийнхөө орлого, хуримтлалаар зээлийн эргэн төлбөрийг хийх чадавхитай байх нь техник-эдийн засгийн үндэслэлээр тогтоогдсон объектын зээл өрийн дарамт үүсгэхгүй.
Гадаадын банкнаас зээл авахын тулд мэдээжийн хэрэг хаанахын ямар банкнаас ямар нөхцөлтэй зээл авах талаар тун сайн судласаны үндсэн дээр оновчтой хэлбэрийг сонгох нь зүйтэй болно. Тухайлбал, Япон улсад ЖАИКА (JICA) хэмээх Японы Олон улсын Хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар 40 жилийн хугацаатай, 0.6 хувийн хүүтэй зээл олгодог байхад, мөн улсын Японы Олон улсын Хамтын ажиллагааны Банк (JBIC)-наас тухайн төслийн хөрөнгө оруулалтын 85 хувьд 10 жилийн хугацаатай, 3 орчим хувийн хүүтэй экспортын зээл олгодог бол Арилжааны банкны зээл нь 5-7 жилийн хугацаатай 4.5-5.0 хувийн хүүтэй байдаг аж.
-Өр зээлийн асуудалд нэлээн нухацтай хандах нь зүйтэй. Өнгөрсөн хавраас эхлээд Өрийн удирдлагын хуулийг яриад эхэлсэн. Манайд өр зээлийн асуудлыг зохицуулдаг хууль эрх зүйн орчин байхгүй шүү дээ?
Дэлхий дахинаа аливаа банкнаас төр засгийн болон хувийн хэвшлийн шугамаар зээл олгохдоо Засгийн газраас батлагаа гаргуулдаг нийтлэг журамтай байдаг тул Монгол Улсын Их Хурал тийм эрх зүйн нөхцлийг бүрэлдүүлэх хууль батлан гаргах явдал нь нэн тулгамдсан зорилт болоод байна.
Манайд өр зээлийн асуудлыг зохицуулдаг хуулиар гадаадаас авсан бүх зээлийг өр гэж томъёолдог, нийт зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалтыг тогтоосон байдаг, өнөөгийн байдлаар тийм хэмжээнд хүрсэн гэдэг нь тодорхой байгаа.
Тийм болохоор Засгийн газраас зээлийн нийт хэмжээг ДНБ-ий 60-70 хувь хүргэхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах, мөн зээлийн батлагаанд зориулж, мөн ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний зээлд батлагаа гаргаж байх эрхийг Засгийн газарт олгох зэрэг заалт бүхий хуулийн төслийг УИХ-д оруулсан.
Монгол улсын хөгжлийн төлөөх эрх ашиг тэрхүү хуулийн төслийг УИХ-аар нэн даруй хэлэлцэж батлагаажуулах явдлыг шаардаж байгааг УИХ дахь эрх баригч болон сөрөг хүчний аль аль нь сайтар ойлгож хандана гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв нийт авсан зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрвэл дааж давахгүй өртэй болох юм шиг хэт болгоомжилоод байвал, улс орны хөгжлийн түвшинг ахиулах өндөр үр өгөөжтэй, стратегийн үндсэн ач холбогдолтой бодит эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл хэргийг боймлосон хэвээр, улс орны үндэсний эрх ашиг хохирсоор байх болно.
Тийм болохоор, Монгол улсын төсөв санхүүгийн чадавхийг дорвитой өсгөн аривжуулах, эдийн засгиийн өсөлтийг зөвхөн худалдаа наймааны хүрээнд төдийгүй, бодит үйлдвэрлэлээр хангах хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэзээ ч хэрэгжүүлж чадахгүй, бахь байдгаараа өмнөх шигээ бас дахин 25 жилийг өнгөрүүлэх, нийлбэр дүнгээрээ хагас зуун жилийн хугацаа өнгөрсөн байж мэдэх юм гэдгийг манай төр засгийн эрхэнд гарсан, цаашид гарах эрхэм хүмүүс ухаарвал зохилтой байх сан.
-Гадаад банкнаас ихээхэн хэмжээний зээл авахад зээлийн баталгааг их чухал. Манай улс ямар баталгаа гаргаж чадах вэ. Тэр шалгуурт хэрхэн тэнцэх боломжтой вэ?
Гадаадын банкнаас манай улсын төр засгийн болон хувийн хэвшлийн хүрээнд эдийн засгийн өндөр үр ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зээл авахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас зээлийн батлагаа гаргахдаа дараахи үндсэн шалгуур, зарчмыг баримтлах нь зүйтэй байгаа юм. Үүнд :
1) Монгол улсын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гадаад улсын Засгийн газрын болон арилжааны банкнаас төрийн болон хувийн хэвшлийн аль ч шугамаар авч ашиглах хөрөнгө оруулалтын зээл нь 7-10 жилийн урт хугацаатай, 4-5 хувиас хэтрэхгүй, аль болох бага хувийн хүүтэй зээлийг авах явдлыг дэмжиж, Монгол улсын Засгийн газраас батлагаа гаргадаг болох.
2) Монгол улсын Засгийн газраас батлагаа гаргах хөрөнгө оруулалтын зээлээр хэрэгжүүлэх төсөл нь ДНБ-ий дорвитой өсөлтийг хангахуйц хэмжээний Нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт ахиухан хэмжээний орлого оруулах өндөр үр ашигтай болох нь, мөн хөрөнгө оруулалтын зээлийг өөрийнхөө үйлдвэрлэлийн ашгаас эргүүлж төлөх чадавхитай болох нь Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр тогтоогдсон байх.
3) Төслийн ТЭЗҮ-д санхүүгийн шинжилгээг, хөрвүүлсэн мөнгөн урсгалын аргаар хийсэн үр дүнгээрээ хөрөнгө оруулалтын нөхөн төлөх хувь (Internal Rate of Return on Investment-IRR), Өөрийн хөрөнгийн нөхөн төлөх хувь (IRR on Equity) буюу банкны зээл, хүүг төлөх чадавхи өндөр болохыг нотлосон байх.
4) Томоохон төслийн техник-эдийн засгийн үндэслэл нь хөрөнгө оруулалтын зээл олгох боломжтой гадаадын банкны санхүүжилтээр, мэрэгжлийн томоохон корпорацийн хүчээр, шинжлэх ухааны бодит арга зүйн өндөр түвшинд боловсрогдсон, тухайн банк нь уг ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрсөн байх явдлыг чухалчлан харгалзах.
5) Өндөр хөгжилтэй улсын орчин үеийн тэргүүний техник технологийн үндсэн дээр, чанар стандартын дээд түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг хангасан ТЭЗҮ бүхий төслийг санхүүжүүлэх зорилгоор гадаадын банкнаас хөрөнгө оруулалтын зээл авахаар батлагаа гаргаж байх.
6) Хэрэгжүүлэх төслөөр байгуулагдах үйлдвэрлэл нь байгаль орчинд халгүй, ТЭЗҮ-д нь Монгол улсын байгаль орчны хуулийн болон Дэлхийн банк, бусад улс орны зээл авах банкнаас байгаль орчинд тавигддаг шаардлагыг хангасан байх.
7) Тухайн төсөл нь Монгол уллсын хөгжлийн бодлогын зорилгод нийцсэн, зохих өндөр үр ашигтай байх түвшинд бодитойгоор хэрэгжих нөхцөл боломж бүрэлдсэн байх, төр засгийн зүгээс тийм эрх зүй, эдийн засгийн нөхцлийг татварын бодлогоор бүрэлдүүлэх.
8) Томоохон төслүүдийг санхүүжүүлэхийн тулд гадаадын банкнаас хөрөнгө оруулалтын зээлийг төр засгийн болон хувийн хэвшлийн хүрээнд авахын тулд Засгийн газраас батлагаа болгох барьцааны арга хэлбэрийг олон улсын нийтлэг журамд нийцүүлэн бодитойгоор тогтоох нь чухал байгаа юм.
Гадаадын банкны зээлийн батлагааг ашигт малтмалын ордын нөөцийн тодорхой хувь хэмжээгээр, мөн экспортонд гаргадаг бүтээгдэхүүнээр, эсвэл зээлээр барьж байгуулах тухайн үйлдвэрийнх нь бүтээгдэхүүний тодорхой хувь хэмжээг улс худалдаж авч түүгээр барьцаа болгох зэрэг арга хэлбэрээр гаргаж болох юм.