Өмнөд хөршийн үйлдвэржилтийн нууц юу вэ?
Монголын сэтгүүлчид өнгөрсөн өдрүүдэд Хятадын уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, соёл, мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй танилцсан тухай өмнөх дугаарт мэдээлсэн.
Энэ удаа үргэлжлүүлэн уул уурхайн салбарыг төлөөлөх томоохон групп болон далайн бүсийн нээлттэй хотуудын талаар хүргэж байна.
“Шэньхуа” групп одоогоор 1760 км төмөр зам ашигладаг байна. Жилд 400 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай.
Төмөр замаар нүүрс ачиж, буулгаж, тээвэрлэж байгаа бүх үйл явцыг Бээжингээс мөн хянадаг. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэхийн зэрэгцээ усан тээвэр хийнэ. Гурван усан боомттой. Нүүрсний тээвэрлэлтээ бүрэн шийдсэн гэж хэлж болох аж.
“Шэньхуа” групп одоогоор 1760 км төмөр зам ашигладаг байна. Жилд 400 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай.
“Шэньхуа” группын удирдлагууд нүүрсийг боломжит бүх хувилбараар ашиглаж байгаа талаар мэргэжилтнүүд нь бидэнд тайлбарлалаа. Тэд жилд 70 мянган мегаватт цахилгаан гаргадаг байна. Нүүрснээс гаргаж байгаа цахилгааны хэмжээ 500 мянган мегаватт. Мөн усан цахилгаан станц болон цахилгаанаас гаргасан цахилгаан станц ажиллуулдаг байна. Дотоодын нүүрсний хэрэгцээгээ хангахаас гадна Япон,Солонгос зэрэг улсад экспортолдог гэнэ.
Тус группын хамгийн гол хэсэг нь нүүрсийг шууд шингэрүүлэх үйлдвэр юм байна. Гол бүтээгдэхүүн нь дизель түлш боловсруулах.
Энэ төслийг хэрэгжүүлснээр сая тонноос дээш нүүрсийг шингэрүүлж байгаа дэлхийн цорын ганц үйлдвэр болсон байна.
Орчин үеийн шийдлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэх тус групп хэрхэн байгальд ээлтэй ажилладаг, Монгол улстай ямар харилцаатай байгаа талаар сэтгүүлчид илүү сонирхож байлаа.
Харин тэд хэд хэдэн сонирхолтой мэдээлэл өгсөн юм.
Агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс гарч байгаа нүүрс төрөгчийн хийг багасгах судалгааг хийх судалгааны хүрээлэнг 2005 онд байгуулсан байна.
Гол нь гарч буй нүүрс төрөгчийн хийг дахин боловсруулж ашиглах судалгааг хийдэг. Хамтын ажиллагааны хувьд “Шэньхуа” групп манайхтай тодорхой төслүүд дээр хамтарч байгаа. Тодруулбал, нүүрс олборлолт, төмөр замын тээвэрлэлт. Энэ ажлыг эхлүүлэх гэж удаан хугацаанд хөөцөлджээ. Одоогийн байдлаар хоёр талын Засгийн газраас зөвшөөрөл авч, хамтарсан компани байгуулаад явж байгаа гэнэ.
Ганц модны боомтоос Гашуун Сухайтын боомтын төмөр замыг барих ажлын зураг төслийн шат эхэлсэн байна. Си Зиньпин даргын айлчлалаар тодорхой хүрээнд гэрээ хэлэлцээр хийж чадвал ажил улам урагштай байх болно гэдгийг группын удирдлагууд хэлээд амжив. Сэтгүүлчдийн сонирхож байсан өөр нэг сэдэв нь Монгол Улсаас нүүрс авч, эргүүлээд эрчим хүч нийлүүлэх боломж бий эсэх талаар байв.
Одоогоор Өвөр Монголын нутгийн баруун хэсэгт эрчим хүчний илүүдэлтэй байгаа юм байна. Тиймээс энэ төрлийн зохицуулалт хийх боломжтой. Хамгийн гол нь хоёр улсын Засгийн газар харилцан зөв шийдэлд хүрэх нь чухал гэв. Төмөр замын төслийн тухайд “Шэньхуа” групп ач холбогдолтойг нь онцлов. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай байгаа энэ үед нүүрсийг авто замаар тээвэрлэх нь төмөр замаар тээвэрлэснээс хоёр дахин үнэтэй тусдаг байна. Энэ нөхцөлд төмөр замыг эртхэн ашиглалтад оруулбал үр ашгаа төдий хэрээр хурдан өгөх боломжтой гэнэ. “Шэньхуа” групптэй адил энэ чиглэлийн олон компани манайтай хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. Гэвч хоёр талын Засгийн газрын харилцан тохиролцооноос шалтгаалан гацаанд орсон нь ч цөөнгүй бий. Тиймээс энэ айлчлалаас олон талын үр дүн гарна хэмээн төр болон хувийн компаниуд хүлээлт ихтэй байна.
НЭЭЛТТЭЙ БОДЛОГЫН ҮР ШИМ
Аялалд маань Хятадын зүүн өмнөд хэсгийн хотуудаар явах, үйлдвэржилт хэрхэн өрнөж байгаатай танилцах хөтөлбөр багтсан юм. Гадныхан Хятадыг Бээжин хотоор дүгнэдэг.
Гэтэл жинхэнэ хөгжил нь Хятадын зүүн өмнөд боомт дагуух хотуудаас харагддаг гэдэг нь илхэн байсан.
Ингэхдээ эдийн засгийн онц дүүрэг болгож хөгжүүлэхээр Сямень, Шэньжэнь, Жүхай, Хайнан, Шаньтөү хотыг сонгосон байна.
Үүнээс гадна Хятад улс 1978 оноос эхлэн гадаадтай худалдааны нээлттэй бодлого явуулж эхэлжээ. Ингэхдээ эдийн засгийн онц дүүрэг болгож хөгжүүлэхээр Сямень, Шэньжэнь, Жүхай, Хайнан, Шаньтөү хотыг сонгосон байна. Тусгайлан хөрөнгө зарцуулсан ажил нь амжилттай болж өдгөө эдгээр хот улсынхаа эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх болсон гэнэ. Чухам үүнд л Хятад орны өнөөгийн хөгжлийн нууц оршиж байгаа хэмээн хотын удирдлагууд хэлсэн юм.
Хот болгон эдийн засгаа авч явах өөрийн гэсэн онцлогтой. Сямень хотын тухайд хүнд хөнгөн үйлдвэрүүд олонтой. Нутагт нь олон төрлийн самар, жимс их ургадаг учир хүнсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлжээ. “Yinlu” лаазалсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр гэхэд өдгөө хот төдийгүй улсынхаа цаашлаад олон улсын хэрэгцээг хангадаг гэнэ.
Сямень хотоос цаг гаруй яваад хүрэх тус үйлдвэр нь бараг тусгаар улс гэлтэй. Үйлдвэр нь хотын захад байрлалтай учир ажилчиддаа зориулаад нийтийн болон хувийн орон сууц барьжээ.
Гадаадын айлчин, гийчин хүлээж авах өндөр зэрэглэлийн зочид буудалтай. Логистокоо бүрэн шийдсэн тээвэрлэлт хариуцсан газар, дулаанаа хангах станц гээд дутуу зүйл алга. Нийт 15 мянган ажилтантай тус үйлдвэр 1985 онд байгуулагджээ. 2011 онд “Nestle” 60 хувийг нь худалдаж авснаар хамтарсан үйлдвэр болсон байна. Хүнсний бүтээгдэхүүнээр Хятадын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ Зүүн Азийн орнуудад усан тээвэрлэлт хийдэг. Үйлдвэржилтээ дагаад иргэдийн ахуй амьдрал хүртэл эрс өөрчлөгдсөн гэнэ.
Эдийн засгаа хөгжүүлэх, ардын аж амьдралыг дээшлүүлэх бодлогуудын нэг нь захын дүүрэг дагасан үйлдвэржилтийг бий болгох
Эдийн засгаа хөгжүүлэх, ардын аж амьдралыг дээшлүүлэх бодлогуудын нэг нь захын дүүрэг дагасан үйлдвэржилтийг бий болгох. “Yinlu” компани гэхэд хотоос цаг гаран яваад хүрэх дайны захад байрладаг. Ингэснээр ойр орчмын иргэдийг ажлын байраар хангадаг байна. Анх үйлдвэрийн ажилчдын цалин жилд 175 юань байсан бол одоо 30 мянга болж өсчээ. Үүнтэй адил хэмжээний үйлдвэрүүд Сямень хотод олон байдаг гэнэ.
Хотын эдийн засаг сайжрахын хэрээр иргэдийн амьдрах орчин, чанар хүртэл дээшилсэн байна. Дөрвөн сая хүн амтай энэ хотыг НҮБ-аас дэлхийн хамгийн тохилог, тухтай хотоор тодорхойлжээ. Үйлдвэржилтээ дагаж хөгжил ирдэг гэдгийн жишээг энэ хотын нүүр царай харуулсан гэж хэлэхэд болно. Үүний зэрэгцээ энэ хот ногоон байгууламжаараа улсдаа тэргүүлдэг аж. Хятадууд нэгэн үе эдийн засгаа хөгжүүлэх гэсээр ногоон байгууламж, зүлэгжилтийг хаясан байна.
Тухайн үед нэг хүнд ногдох ногоон байгууламж гэхэд сонины нүүрний хэмжээтэй байжээ. Харин сүүлийн үед төрөөс анхаарах болсноор нэг хүнд ногдох газрын хэмжээ ойролцоогоор 20-30 мкв болсон гэнэ. Ер нь гол бодлогоо үйлдвэржилт болгосон энэ хотоос үлгэр жишээ авах зүйл бидэнд их байлаа.