Ц.Түмэнцогт: Төр мөнгө олох гэсээр төсөл удаашрах дүр зураг харагдаж байна
“Женерал Электрик” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой ярилцлаа.
-Ерөнхийлөгчөөс санаачлан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Та бизнес эрхлэгч хүний хувьд энэ мэдээг хэрхэн хүлээн авч байна вэ?
Монгол улсын тэргүүн Ц.Элбэгдорж том төрөөс ухаалаг төр лүү гэсэн уриалга гаргасныхаа дагуу маш цаг үеэ олсон хууль боловсруулжээ гэж бодож байна.
Шинээр төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжийг бүртгэхгүй нь сайн хэрэг. Гэхдээ энэ хуулийн дараа концепцийн хувьд
“Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барина.
хэрхэн өөрчлөгдөхийг бизнес эрхлэгчид хүлээж байна. Өнгөрсөн сард болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгчид төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн санхүүгийн байдлыг авч хэлэлцсэн. Томоохон төрийн өмчит компани бол нэлээн алдагдалтай, ажиллаж байна гэсэн шүүмжлэл гарсан.
Тиймээс төр ямар аж ахуйн үйл ажиллагааг явуулах вэ, ямарт нь оролцох шаардлагагүй вэ гэдгийг ялгаж салгах ёстой. Гадны сонгодог онолоор бол хувийн хэвшлийнхэн хийхгүй, аж ахуйн хэлбэрээр хийх боломжгүй, нийгмийн шинж чанартай, бүх нийтэд хамааралтай тухайлбал байгаль орчин, нийгмийн халамж, батлан хамгаалах зэрэг нийтийн зориулалттай үйл ажиллагааг л төр хийнэ гэж заадаг. Манай улс энэ чиглэл рүү явах ёстой.
- Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хууль нь дахин ТӨК байгуулах нөхцлийг бууруулна. Харин үүний дараагийн алхам ямар байх вэ?
Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулиар шинээр дахин төрийн компани байгуулахыг хязгаарласан боловч одоо байгаа ТӨК-ийн асуудлыг хэрхэхээ бодох нь зүйтэй. Бизнес эрхлэгчдийн зүгээс одоогийн ТӨК-ийг илүү үр ашигтай болгох, үйл ажиллагааг нь ил тод болгохын тулд Хөрөнгийн биржид бүртгэж хувьцааг нь шат дараатайгаар олон нийтэд нээлттэй арилжаалах, хяналттай болгох горим руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Энэ ч үүднээс компанийн засаглалын асуудал чухлаар тавигдана. ТӨК-ийн удирдлага нь мэргэжлийн удирдлага мөн үү, зах зээлийн хүнд нөхцөлд авч явах чадвартай гүйцэтгэх захирал томилогдсон уу эсвэл намын ялалтад үүрэг гүйцэтгэсэн хүмүүс очиж байна уу гэдгийг харах ёстой.
Томоохон төслүүд, салбаруудад дандаа төрийн компаниуд байна. Ингэхээр хувийнхан төртэйгөө өрсөлдөж чаддаггүй.
-Төр томоохон төслүүдэд хувь эзэмшиж орох нь бизнесийн харилцаанд хэр оновчтой шийдэл вэ. Хөрөнгө оруулагчдад ямар байдлаар нөлөөлдөг бол?
Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу орьё гээд сууж байтал төр 51 хувь, чи 20 хувь эзэмших бизнест ор гэвэл чи орох уу. Чи мөнгөө төрд өгөөд менежментээ хийлгэхийг зөвшөөрөх үү. Хөрөнгө оруулагчийг үргээсэн зүйл болно.
Хувийнхан төртэйгөө өрсөлдөж чаддаггүй.
Тиймээс цаашид төрийн оролцоог ямар салбаруудад байлгах вэ гэдгээ зааглах ёстой. Уул уурхайн салбарт төр нь том хувь эзэмшээд хувийн хэвшлийн компаниудтай өрсөлдөж байгаа. Гэтэл уул уурхайгаа амжилттай хөгжүүлсэн гадны улсын туршлагыг харахад төр нь хувь эзэмшихийн оронд хяналтаа сайн тавиад, байгаль орчин нөхөн сэргээлт, татвартаа анхаарал хандуулсан байдаг. Ер нь цаашид тийм зарчим руу орох хэрэгтэй.
Төр өөрийнхөө ачааг багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хувь эзэмшихийн хэрээр том ачаа үүрч, өөрөө маш том санхүүжилтийг гаргах болно. Энэ бол илүү ачаа. Ачаа үүрнэ гэдэг эрсдэл. Хэрвээ эрсдлээ бизнесийнхэнд оруулвал төрд ашигтай.
-Бизнес эрхэлдэг хүний хувьд танай компанид төр бизнес эрхэлдэг байдлаас болоод хохирсон тохиолдол байдаг уу?
Яг манай компанид тохиолдсон жишээ байхгүй. Гэхдээ бусад салбарт харж байхад их бий.
Тухайлбал шинэ төмөр зам барих ажилд төр 51 хувийн эзэмшлээр компани байгуулж оролцож байгаа. Гэтэл нийт төслийн өртөг 6-7 тэрбум. Төр 3-4 тэрбумыг нь гаргаж чадах уу. Тийм хөрөнгө мөнгөний чадал байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Төр мөнгө олох гэсээр төсөл удаашрах дүр зураг харагдаж байна. Эрчим хүчний томоохон төсөл, станцууд ийм учраас л удаашраад байгаа юм.
Төрийн өмчит компаний тоо нь цөөхөн мэт боловч, жин даралтаараа их байгаа. Жишээ нь “Эрдэнэс тавантолгой” компани Тавантолгойн ордын томоохон хэсгийг эзэлж үйл ажиллагаа явуулдаг. Долоон тэрбум тонны нөөцтэй нүүрсний хамгийн том орд нь төрийн мэдэлд байгаа гэсэн үг. Хамгийн том төлсүүдээ төр нь авна гээд байдаг. Гэтэл үр ашиг талаасаа харахад хэцүү.
-Уул уурхайгаа хөгжүүлсэн улсуудад төр нь ямар байдлаар хувь эзэмшдэг юм бол?
Эдийн засгийн чуулга уулзалт дээр Канадын нэг оролцогч төрийн хувь эзэмшлийн талаар ярьж байсан. Канад улс уул уурхайгаа ашиглаж эхлэх үедээ яг манайх шиг асуудалтай нүүр тулсан байгаа юм. Төмөр зам, үндэсний аюулгүй байдлын хүрээнд гээд л дандаа томоохон төслүүдээ өөртөө аваад байж. Гэтэл хэсэг хугацааны дараа дандаа алдагдалтай ажиллаж, татаас авч эхлэсэн.
Ингээд 1970 оноос хувьчлаад, хувьцаагаа зараад олон нийтийн мэдэлд шилжүүлж ашигтай ажиллах болсон. Бид бусад улсын сургамжаас суралцах хэрэгтэй. Бидэнд тулгарсан асуудал эхнийх биш, сүүлийнх биш гэдгийг ойлгоосой. Австрали улсын жишээ бол сонгодог. Бүх томоохон орд нь хувийн хэвшилд шилжиж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож маш үр ашигтай ажилласан. Төр нь хяналтаа тавьдаг. Томоохон уул уурхайн компаниуд нь төрийнхөө мэдэлд байдаг Чилийн хувьд Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилждаг. Бүх зүйл нь ил тод явагддаг учир асуудал гардаггүй. Тиймээс манай улс одоо байгаа компаниудаа нээлттэй болгож, засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй.
-Төртэй зэрэгцэж бизнес хийнэ гэдэг таныхаар яг юу вэ?
Төр зэрэгцэж бизнес хийхээр салбарт байгаа бусад компаниудыг хүнд байдалд оруулдаг. Өөрийнхөө компанийг дэмжээд хөнгөлөлттэй зээл олгоод байхаар бусад нь доошоо ордог.
Хувийнхан нь төртэй яаж өрсөлдөх юм бэ. Шударга өрсөлдөөний зарчим байхгүй шүү дээ. Монгол бага зах зээлтэй. Монгол дотроо орон зайгаа эзлэхэд амаргүй. Гадаад зах зээл рүү гарах нь маш том сорилт, өрсөлдөөнийг даван туулах шаардлагыг бий болгодог. Гэтэл хажууд нь төртэйгээ өрсөлдөнө гэдэг маш том бэрхшээлийг үүсгэх нь утгагүй. Төрийн өмчит аж ахуй нэгжийг хязгаарлах нь шинээр бий болж байгаа компаниудад маш том дэмжлэг гэж бодож байна.