С.Ганбаатар: 1990-ээд онд монголчууд өөрсдөө есийн тосоо хийнэ гэхэд хол сонсогддог байлаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.07.07

С.Ганбаатар: 1990-ээд онд монголчууд өөрсдөө есийн тосоо хийнэ гэхэд хол сонсогддог байлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай үндэсний үйлдвэрлэлийн талаар ярилцав.

-Та Дархан хотоос сонгогдсон гишүүн. Их хотын дагуул хотын цаашдын хөгжлийг ямраар төсөөлж байгаа вэ?

Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн парк байгуулагдана. Үйлдвэржилт, ажлын байр ихээр бий болно. Үйлдвэржилтийн хот, үйлдвэр гэдэг чинь угаасаа усаа дагаж байдаг юм. Монгол орны бүх ус Дархан, Сэлэнгийн нутгаар л хойшоо гардаг. Энд л төмөрлөгийн үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, томоо­хон металлургийн үйлдвэрийн цогцолбор баригдана.

Энэ баригдсанаараа жижиг, дунд үйлдвэрлэл, анжис, хүрз, хадаас эд нар чинь хийгдэнэ шүү дээ. Бондыг ид ярьж байхад “Ерөөсөө хадаасаа хийчихье. Хар төмөрлөгийн үйлдвэр барья. Эхний ээлжинд баяжуулах үйлдвэрээ барья.

Хад шороогоор нь хамаг баялгаа гаргахаа зогсоогооч ээ” гэдгийг би их ярьсан. Гэтэл эд нар өнөөдөр бүгдийг нь “Гудамж төсөл” нэртэйгээр мөнгө угаачихав уу даа гэж би халаглаж сууна.

-Үйлдвэржилт гэснээс танай хот үйлдвэржилтийн унаган хот шүү дээ. Одоо ч энэ өнгө аясаа алдаагүй тээсээр яваа гэж боддог. Та үүнтэй санал нийлэх үү?

Тийм ээ. Санал нийлнэ. Олон сайхан үйлдвэр байгаа. Ялангуяа монголдоо нэмүү өртөг шингээсэн ажлын байр бий болгож байгаа үйлдвэрүүдийг хэлэх хэрэгтэй.

Тэд л энэ улс орныг маань авч явах амин сүнс. Дарханчууд их өөдрөг, хүлээцтэй хөдөлмөрч улсууд. Газар газраас ирсэн шилдэг хүмүүс л Дарханд байдаг. Бид хамтарч хийнэ, бүтээнэ. Маш их эрмүүн хүсэл тэмүүлэл, зүтгэлтэй байгаа. Улсын төсөвт орсон мөнгөө дарга нарт идүүлчихгүй шиг Дархан руугаа л оруулж, Дарханчуудтайгаа хамтарч ажиллана.

Түүнээс гадна нэмүү өртөг шингээнэ гэснээс Дарханд ургамлын тосны үйлдвэрлэл их амжилттай ажиллаж байгааг хэлэхийг хүсч байна.

-Ямар үйлдвэр байдаг вэ. Энэ мэт үйлдвэрийг хэрхэн дэмжих ёстой вэ?

Монгол алтан тос гээд үйлдвэр бий. Үнэхээр монголд нэмүү өртөг шингээсэн ажлын байр бий болгосон, үйлдвэр байж болдог гэдгийг харуулж байгаа. Та нар бодоод үз. 1990-ээд оны эхээр есийн тосоо монголчууд өөрсдөө хийнэ гэхэд хол сонсогддог байлаа. Гэтэл өнөөдөр манай Дарханд тосоо үйлдвэрлээд гадагшаа экспортлох хэмжээний тийм өндөр чанартай тосыг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ бол бидний бахархал.

Олон жил монголчууд өөрсдөө есийн тосоо хийгээгүй. Өнөөдөр бид рапсаа тарьж байна. Эцсийн бүтээгдэхүүн буюу ургамлын тос гаргаж буй үйлдвэр нь байна. Одоо боловсруулах шатанд нь дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм.

Тэгэхгүй бол бараг зуун хувь шахуу бүх тосоо гаднаас авч, валютаа урсгаж байна шүү дээ. Өөрсдөө үйлдвэрлээд гадагшаа экспортолвол гаднаас илүү валют орж ирнэ.

 Тариалалтын бодлого, үйлдвэржилтийн бодлогууд хоорондоо уялдаагүй болж эхлэх нь байна.

Түүний тулд аж ахуй нэгжүүдээ хүчтэй дэмжиж төрийн бодлогоор хүчтэй дэмжих шаардлагатай байгаа. Тэгэхгүй бол одоогийн энэ тариалалтын бодлого, үйлдвэржилтийн бодлогууд хоорондоо уялдаагүй болж эхлэх нь байна.

-Үйлдвэржилтийг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээр их л олон ажлыг эхлүүлсэн шүү дээ. Эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд хийгдэж буй ажлууд хэр үр дүнтэй гэж та бодож байна?

Засгийн газар, Эдийн засаг хөгжлийн яамнаас зохион байгуулж сонгон шалгаруулсан 888 төслүүдийг гацаалгүйгээр ажлаа хийгээсэй гэж хүсч байгаа. Тэр гацаад байгаа механизмаа арилгах хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш байж байгаа нь бизнесменүүдэд асар их дарамт, гай болж байгаа гэдгээ ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр гуай ойлгож байгаа гэж найдаж байна.

 Энэ асуудлыг бие даагчдын зөвлөл албан ёсоор засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэдгээ хэлье.

Аливаа улс орон хөгжихийн тулд нэг цэгээсээ хөгждөг. Хятад гэж унтаж байгаа лууг сэрээхэд  Шанхай сэрээгээгүй, Шанхайн хажууд байдаг жижигхэн тосгоныг хөгжүүлээд тэрийгээ загвар болгож, бусад тосгонд дууриалгаж хөгжүүлж ирсэн байдаг.

Мөн Солонгосын хөгжил Гүнни гэдэг жижиг тосгоноос эхэлсэн. Эдгээр улс орон жижиг тосгоноо хөгжүүлээд тэрийгээ загвар болгож бусад нь хөгжсөн байдаг. Дархан бол Монгол Улсын асаагуур гэдэгт би итгэдэг. Үйлдвэр хөгжихийн тулд дэд бүтэц сайн хөгжсөн байх, хамгийн гол нь устай байх ёстой. Монголын бүх ус Дархан, Сэлэнгийн нутгаар хойшоо гардаг. Иймд Дархан хотоо хөгжүүлж, жишиг хот болгохыг зорьж байгаа.

Ярилцсанд баярлалаа.