Б.Бямбасайхан: Татвар төлөгч, хураагч хоёр хамтдаа эдийн засгийн шийдвэр гаргах эхлэл тавигдсан
Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайханаас ЭЗЭН-100 хөтөлбөрийн үр дүнгийн талаар тодрууллаа.
-ЭЗЭН-100 хөтөлбөрийн хугацаа дуусч байна. Эдийн засгийн зөвлөлийн зүгээс хөтөлбөрийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
Эдийн засгийн зөвлөлийн зүгээс монголын бизнесийн орчныг таатай болгоход чиглэж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг Засгийн газарт хүргэж, хууль эрх зүйн орчин болон бодлогын шийдвэрт нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн.
Өнгөрсөн 5 сарын 13-нд зөвлөлийн анхны хурал болсоноос хойш нийтдээ 17 удаа хуралджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 7 удаа хэвлэлийн мэдээлэл хийсэн. Мөн энэ хугацаанд 20 гаруй илтгэл саналыг хэлэлцэж, 180 гаруй монголын болоод гадаадын компаниудтай уулзсан. Тэр бүгдээс нь бизнесийн орчныг сайжруулах талаар саналыг авч, Засгийн газраас 29 хуулинд өөрчлөлт оруулах санал гарсан. Тус хуулиудад саналыг тусгасан байгаа.
-Компаниудаас чухам ямар санал гарсан бэ?
Гол саналуудыг багцлахад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж батлах, Газрын тосны тухай хуулийг батлах, татварын шинэчлэлийг эхлүүлэх асуудлууд байсан.
Үүн дотроо нүүрсний зохицуулалт, хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх механизм, хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн зарим асуудлыг шийдвэрлэх, татварын шинэчлэл, эдийн засгийн өршөөлийн тухай хууль, төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төсөл, урт нэртэй хуулийн улмаас ажил нь зогссон 106 аж ахуйн нэгжийн холбооны төлөөллийн санал, Өмчийн эрхийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал, Тэтгэврийн сангийн тухай, дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах, нисэх буудлын менежментийн компани байгуулах гэх мэт.
Ийнхүү саналыг нь чөлөөтэй авч, шийдвэр гаргагчдад хүргэдэг болсноороо эдийн засгийн нээлттэй шийдвэр гаргах процессийн үндэс суурийг тавьсан.
Ерөнхийлөгчийн Ухаалаг төрийн санаачилга ч гэсэн бизнес эрхлэгчдээ сонсч, шийдвэр гаргах явдал байсан шүү дээ. Ерөнхий сайд маань ч үүнээс хойш Засгийн газраас гарч буй бүхий л шийдвэрт монголын бизнесийг тухайн шийдвэр хэрхэн дэмжиж байгаа вэ гэдгээр гол шалгуураа болгоно гэсэн.
Харин шалгуурыг тавих процесс, аргачлал, хэрхэн хийх вэ гэдэг дээр зөвлөл ажиллаж байна. Энэ бол том өөрчлөлт. Өөрөөр хэлбэл татвар төлж байгаа болон хурааж буй хоёр хамтдаа эдийн засгийн шийдвэрүүдээ гаргах эхлэл тавигдсан гэж хэлж болно.
-Тэгэхээр Эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэсэн үг үү?
Тийм ээ. Монголын компаниуд өөрсдөө эдийн засаг, бодлоготой холбоотой шийдвэрт өөрсдийн дуу хоолойгоо хүргэж явна.
Энэ талаар бид нар цаашдаа идэвхтэй ажиллана. Ойрын үед маш олон татварын шинэчлэлийн хөтөлбөрүүд, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж байгаа. Энэ талаар тодорхой мэдээллийг Сангийн яам, Татварын газар байнга өгч байгаа.
Шинэчлэлийнх нь гол цөм нь татварын асуудал. Зөвхөн бизнесээс хураах гэдэг ойлголтоор биш, бизнесээ өргөтгөхөд нь хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдгээр Засгийн газарт тодорхой ажлуудыг хийж байгаа.
-Итгэл алдарсан хөрөнгө оруулагчид дахин ирсэн болов уу. Тэднийг хэрхэн татсан бэ?
Итгэлийг сэргээх ажлууд хийж байгаа. Өнөөдөр манай эдийн засаг болон хөрөнгө оруулалтын орчинд итгэл суларсан. Тийм учраас хэд хэдэн тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Үүнд “Business summit”- 2014 зургадугаар сард Их тэнгэр цогцолборт зохион байгуулагдаж нийт 400 гаруй компани оролцож монгол улс дах бизнес, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн. Нийт 23 шинэ төслийг танилцуулсан.
Мөн ДЦС-5 төслийн концессийн гэрээ зурагдаж, 1,3 тэрбум долларын бодит хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Нийт концессийн гэрээ 5 зурагдсан. Ойролцоогоор 15 тэрбум долларын өртөгтэй. Энэ найман сард бас нэг гэрээ зурагдана.
Хөрөнгө оруулалтын сан 300-500 сая доллар нэмэгдсэн, Монгол-Япон хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрсэн, ашигт малтмалын тухай хууль батлагдсан. Эдгээрээс гадна монголын бизнес эрхлэгчид, компаниуд өөрсдөө итгэлээ сэргээх нь маш чухал.