Ч.Улаан: Эдийн засгийг гаднаас хамааралтай байна гэж дүгнэсэн
Сангийн сайд Ч.Улаан
2014.06.26

Ч.Улаан: Эдийн засгийг гаднаас хамааралтай байна гэж дүгнэсэн

Төрийн ордон дөчигдөр Макро эдийн засгийн төлөв байдалсэдэвт хуралдаан боллоо. Гэвч олон улсын байгууллагатай хамтарсан энэ хурал, хаалттай өрнөв. Хуралдааны талаар Сангийн сайд Ч.Улаанаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Манай улсын макро эдийн засгийн төлөв байдал ямархуу байгаа бол. Хаалттай хуралдаанаар юу ярилцав?

-Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлын талаар олон улсын байгууллагатай хамтарч зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /өчигдөр/ зохион байгууллаа.

Уулзалтад Олон улсын валютын сан, Дэлхийн банк болоод Чили, Филиппин, Тайланд зэрэг улсаас төлөөлөгчид ирж оролцлоо.

Бид гадаад зах зээлд баримтлах бодлого, түүнээс авах сургамж, цаашдын төлвийн талаар санал бодлоо чөлөөтэй ярилцсан. Чили, Монгол хоёр уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай гээд адил төстэй орнуудын хувьд ярилцах зүйл олон байлаа.

Ялангуяа, Монгол Улс өндөр хурдацтай хөгжих эдийн чадавхитай орон гэдгээр нь сонирхож байна лээ. Гэхдээ чадавхиа зөв ашиглаж, эдийн засгийнхаа өндөр өсөлтийг хадгалахад ямар бодлого баримтлах уу гэдгийг хэлж өглөө. Хурлаар яригдсан нийтлэг асуудал нь гадаад орчин нөхцлөөс хэт хамааралтай байна гэсэн санаа.

Нөгөө талаас цөөхөн салбараас хамаарсан эдийн засагтай юм байна. Уул уурхай гэх бус эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах ёстой гэлээ. Гуравдугаарт, импортоос хамааралтай байхаа аль болох хязгаарлахыг санууллаа. Ялангуяа, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийг зөвлөлөө.

Дөрөвдүгээрт, нийгмийн асуудалд хэт анхаарч өөрийн боломжоос давсан хөрөнгө хүч хуваарилах нь эдийн засгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдгийг сануулсан. Шилжилтийг туулсан орон учраас яриа хэлэлцээр нь ач холбогдолтой байлаа.

-Эдийн засаг нь гаднаас хамааралтай байна гэдгийг ил тод хэлжээ?

-Манай улс түүхий эдээ экспортод гаргаж байгаа учраас ингэж дүгнэхээс өөр аргагүй. Түүхий эдийн ханш хэзээ ч тогтвортой байдаггүй учраас энэ хамаарлаас гарахыг сануулсан.