МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.06.23

Г.Шийлэгдамба: МАХН-д нөлөөлөх гэсэн улс төрийн ашиг сонирхол их байна

Улс төрийн хүрээнд өрнөөд буй үйл явдалуудтай холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Улс орны эдийн засаг хямралтай байгаа нь юутай холбоотой гэж танай нам үзэж байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилсэн хэвээр байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом унаж, ойрын үед өсөх төлөв ажиглагдахгүй байгаа нь уул уурхайн үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж тэр хэрээрээ нийгэм эдийн засгийн байдлыг хүндрүүлж байна. Ингэснээр манай улсын төсвийн орлого багасч, хөгжлийг эрчимжүүлэх зорилго бүхий төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр хомсдох байдалд орж байна.

Түүнчлэн хүнд суртал, хээл хахууль, төрийн байгууллагуудын шат шатандаа хавтгайрсан байдал, Засийн газрын бонд гаргаж гадаад зах зээл дээр босгосон хөрөнгө мөнгөний  зарцуулалт ил тод биш, үр ашиггүй байгаа нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таагүй орчин бүрдүүлж, бизнес явуулахад тэдэнд саад учруулж байна.

Энэ байдал гадаад таагүй байдлын сөрөг нөлөөллийг улам даамжруулан, Монгол Улсын өнөөгийн улс төр,нийгэм, эдийн засгийг хямралд оруулж байна.

-МАХН-ын удирдах ажилтны зөвлөгөөн саяхан болсон. Зөвлөгөөнөөр эдийн засгийн хямралыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авах санал гарсан бэ?

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд улс төрийн намууд, Засгийн газрын хамтын ажиллагаа чухал. Бид гурван асуудлыг голчилж үзэж байгаа. Улс орны  эдийн засгийг хямраасан бодит шалтгаан юу байна. Аливаа улс орны хөгжлийг чөдөрлөж байдаг авлига, хууль дүрэм хэрэгжүүлдэггүй байдал, бизнес эрхлэгчдийг дарамталдаг асуудал гэдгийг зөвлөгөөнөөс гарсан баримт бичигт  тодорхой тусгасан.

Мөн гүйцэтгэх товчооны өргөтгөсөн хуралдаанаас нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа нөхцөлд МАХН-ын  нэрийн өмнөөс нэр дэвшин сонгогдож, УИХ дахь “Шударга ёс” бүлэгт ажиллаж байгаа гишүүд, намаас томилогдсон Засгийн газрын гишүүд баримт бичигт тусгасан тодорхой асуудлын хүрээнд үлгэр дуурайлал болж ажиллана. Хэрэв тодорхой асуудлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд МАХН зарчмын хариуцлага хүлээлгэх шаардлага тавина.

-Баримт бичигт тусгасан гол асуудлуудыг танилцуулахгүй юу?
- Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг бүтнээр нь болон хэсэгчлэн ард түмэн, тухайн орон нутгийн иргэдийн дундын өмч болгон ашиглах, тэдгээр ордуудаас олсон орлогыг иргэдэд тэгш хуваарилах чиглэлээр идэвхитэй ажиллахыг тусгасан.

УИХ-аар хэлэлцэх хууль эрх зүйн баримт бичиг, тухайлбал Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль, Улс төрийн намын тухай хууль, Өршөөлийн хууль, Татварын хууль зэргийг  хэлэлцэн шийдвэрлэхдээ хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах, шударга ёсыг дээдлэх зарчимд нийцүүлэн баталж хэрэгжүүлэх чиглэл бий.

Мөн зарим улс төрийн өндөр албан тушаалтнуудын даалгавраар хууль хяналтын байгууллагын ажилтан, шүүгчид гэм буруугүй этгээдийг улс төр бизнесийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал гаарч байгаа  бусармаг үйл ажиллагааг таслан зогсоох, ялангуяа улс төрийн хэлмэгдүүлэлт давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэйг хөндсөн.

Өнөөгийн хямралын үед төрийн байгууллагуудын нүсэр бүтцийг задалж, иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэдэг бодит механизмыг буй болгох, улстөрчид давхар албан тушаал хашихаа болих, төсвийн мөнгөөр үнэтэй машин унаж ажлын байраа тохижуулах зэрэг тансаглах байдлаа больж ёс суртахууны санаачлагыг өөрсдөө биеэр үзүүлж бусад намд уриалах зэрэг олон  санал гаргасан. 

-Сүүлийн үед МАХН-ын удирдлагууд руу хандсан сөрөг мэдээлэл их гарч байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Зарим мэдээллийн хэрэгслээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг  аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбогдуулсан  ташаа мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Энэ бол улс төрийн намуудын харилцаанд нөлөөлөх гэсэн зохион байгуулалтай үйл ажиллагаа юм.

Н.Энхбаяр дарга Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгчөөр ажиллаад, ажлаа хүлээлгэж өгснөөсөө хойш одоог хүртэл аль нэг аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшигч, удирдах бүрэлдэхүүнд байхгүй гэдгийг хэлье.

Манай намын зүгээс тэр хүнийг эх орондоо ирэх гэж байгаатай холбогдуулан улс төрийн зорилгоор гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гаргаж байна гэсэн болгоомжлол төрүүлж байна гэж үзэж байна. Тиймээс цаашид иймэрхүү мэдээлэл гарах юм бол хууль хяналтын байгууллагад хандана. 

-Танай намын дарга хэзээ эх орондоо ирэх вэ?

-Ирэх долдугаар сард ирэх байх. Ер нь энэ бүх ташаа мэдээлэл бол намын даргаар дамжуулан бидний үйл хэрэгт нөлөөлөх гэсэн далд санаа гэж үзэж байгаа.

 -Хууль зүйн дэд сайдын асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн хоёр удаагийн  шатны шийдвэрээр хууль зөрчсөн гэж үзсэн. Гэвч өөрөө болон өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан улс төрийн ашиг сонирхолтой холбоотой асуудал яваад байна гэж үзэж байгаа. Тиймээс хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтооно гэж найдаж байна.