Ч.Хашчулуун: Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байна
Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг хямарч, иргэдийн амьдралд таагүй нөлөөллөө үзүүлсээр байна. Өмнөх жилүүдийг эргээд харахаар эдийн засаг ийм хэмжээнд хүртлээ хямарч байгаагүй санагдах юм. Таны байр суурийг сонирхмоор байна?
-Манай улсын ДНБ, хөрөнгө оруулалтын хэмжээ 2005-2011 оны хооронд өсөлттэй байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засаг 10 дахин өссөн гэж эдийн засагчид дүгнэдэг.
Ийм хэмжээний өсөлт нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт.
2006 оноос манай гадаад худалдаа эрчимтэй өссөн. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь үүнд нөлөөлсөн нэг гол хүчин зүйл гэж хэлж болно. Үүний зэрэгцээ дотоодын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн байдаг.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголд хошуурч ирсэн. Оюутолгойн гэрээг дагаж бусад салбарын хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт татах үүргийг тус гэрээ гүйцэтгэсэн.
Тухайн үед ийм хөрөнгө оруулалт хийгдэж эдийн засаг өсөөгүй бол өнөөдөр байдал илүү дор байх байсан.
Тухайн үед ийм хөрөнгө оруулалт хийгдэж эдийн засаг өсөөгүй бол өнөөдөр байдал илүү дор байх байсан.
Гадаад худалдаа алдагдалтай байсан ч орж ирэх хөрөнгийн хэмжээ өндөр байсан нь алдагдлыг нөхөх бүрэн чадалтай байсан юм. Хөрөнгө оруулалт нэмэгдсэний хэрээр экспорт өсөж уул уурхайн бүтээгдэхүүн голлож байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд экспортын бүтээгдэхүүний нэр төрөл өссөн үзүүлэлттэй.
Өмнө нь зэс голлодог байсан бол нүүрсний экспорт нэмэгдэж улсын төсөв, санхүүгийн бүрдэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн.
Зөвхөн Эрдэнэтийн зэсийг экспортолж байсан бол 2008 онд Оюутолгойн гэрээний бэлтгэл ажил хийгдэж, гэрээ байгуулагдсанаар үйлдвэр хурдан хугацаанд баригдаж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
Төсөв бүрдүүлэхэд одоо ч чухал үүрэгтэй байна. Мөн Цагаан суврагын орд газар манай экспортод том хувь нэмэр оруулна. Ингэснээр зэстэй холбоотойгоор бүх төрлийн орлого нэлээд хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна.
Гэхдээ энэ нь 2020 оноос гүний уурхайн ашиглалтанд орсноор эхлэх ажил. Уул уурхайн салбар хөгжсөнөөр бусад салбарын хувьд ч хөгжих боломжийг олгодог. Худалдаа, тээвэр, харилцаа холбоо, үйлчилгээний салбарыг татаж зүтгүүр болоод аваад явчихдаг салбар. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өсөлт бүхий л салбарт мэдрэгдэж манай эдийн засгийн бүтцэд өөрчлөлт гарсан.
Боловсруулах салбар, харилцаа холбоо, санхүүгийн зуучлал, үл хөдлөх хөрөнгө гээд бүх салбаруудад томоохон өөрчлөлтүүд гарсан. Үүний дүнд хүн ам, өрхийн сарын орлого, цалингийн дундажын өсөлт гарсан. Ядуурал, ажилгүйдэл буурч, дундаж наслалт 70 хүртэл нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан юм. ДНБ хоёр дахин өссөн.
Үүнийг доллараар хэмжихэд ч хоёр дахин өссөн үзүүлэлттэй. Энэ үзүүлэлт нь дэлхийд харьцуулдаг үзүүлэлт учраас маш чухал. Харин ханш өсвөл доллартай харьцуулахаар худалдан авах чадвар буурах сөрөг үр дагавартай.
Санхүүгийн хувьд валютын нөөц нэмэгдэж хамгийн өндөр түвшинд хүрсэн. Зээл их хэмжээгээр нэмэгдэж, хөрөнгийн биржийн үнэлгээ гурав дахин өссөн гэж хэлж болно. Төсвийн орлого байгаагүй хэмжээнд хүрсэн.
Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн хэмжээ бас нэмэгдсэнээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг болсон нь тэр үеийн эдийн засгийн өсөлтийн томоохон ач гавьяа байгаа юм. 2008 онд батлагдсан хөгжлийн цогц бодлогын хүрээнд 2012 оныг хүртлэх Засгийн газар ийм ажлууд хийсэн.
Гэтэл одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ цогц бодлогын талаар нэг ч өгүүлбэр байхгүй.
-Хөгжлийн гэсэн тодотголтой олон хөтөлбөр байдаг. Тэгсэн хэрнээ хөгжихгүй, хөтөлбөр хэрэгжихгүй байгаа нь гол шалтгаан гэж ойлгож болох уу?
-Монгол Улс өөрийн гэсэн дунд, урт хугацааны хөгжлийн бодлогогүй болсон нь их хэмжээний хохирол дагуулж эдийн засгийг хүндрэлд оруулахад нөлөөлсөн. Өнгөрсөн хугацааны бүтээн байгуулалтанд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан.
Хөрөнгийг босгохын тулд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалтыг татах ёстой учраас юуны өмнө төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Концессын хуулийг 2010 онд баталсан.
Ингээд бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, Хөгжлийн банкийг байгуулж, Төсвийн хуулийг шинэчилж хөрөнгө оруулалтын цөм болгосныг та бүхэн мэднэ.
Эрх зүйн талаасаа хөгжлийн бодлого гээд гарч ирвэл түүнийхээ дагуу төр засаг нь улс орноо системтэй бодлоготой уялдуулах бүх нөхцөл бүрдсэн байсан.
Хөгжлийн банкийг байгуулахдаа Монгол Улсын хөгжлийн бодлогын дагуу томоохон ордуудыг ашиглаад энэ салбаруудыг хөгжүүлэх, яваандаа уурхайн нөөц дуусахад улс орны хөгжлийг авч явах инновацид тулгуурласан салбаруудыг бий болгон хөгжүүлэх, зохион байгуулах бүх ажлыг хийж хөрөнгө босгох ажилдаа энэ байгууллага орсон.
Хөгжлийн банк... Харин өнөөдөр юу болов.
Нэгдүгээрт, экспортын орлого их хэмжээгээр буурлаа. Нүүрснийх их хэмжээгээр, зэсийн баяжмал тодорхой хэмжээгээр буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт багасч, хөрөнгө оруулагчдын итгэл алдарлаа. Төсвийн орлого маш их хэмжээгээр тасарсан. Энэ дүгнэлтийг хаанаас гаргав аа гэсэн асуулт гарна.
Монголбанк 2013 оны долдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан гаргасан судалгаандаа ингэж дүгнэсэн юм. Тэгэхээр эрх баригчид бодлогын хувьд маш том алдаанууд гаргасан гэдгээ маш сайн мэдэж байгаа.
Өнгөрсөн онд Хятадын импорт улам өссөн. Тэгэхээр дэлхий нийтээр хямарсан ч юм уу, Хятадын импорт буурсан гэх үндэслэл байхгүй. Хятадын зах зээл дээр манай улсын эзэлдэг хувь эрс буурсан.
Нүүрсний экспортыг Монгол Улс өөрөө гаргаж чадаагүй. Хятадын болоод дэлхийн зах зээл хэвийн, бүр өсөлттэй байсан.
Үүний гол шалтгаан нь нэгд, төмөр зам. 2007 онд барих ёстой байсан. Барих гэж их үзсэн. Гэвч бариулаагүй.
Тухайн үеийн төмөр зам хариуцсан сайд нь янз бүрийн шалтгаан тоочсон. Бариулахгүй байх арга саамыг байнга хийсэн. 2012 оны тавдугаар сард Тээврийн сайд солигдоод зөвшөөрөл өгөөд төмөр замаа бариулъя гэсэн.
Гэтэл сонгуулийн дараахан 11 дүгээр сард хувийн хэвшилд олгосон байсан зөвшөөрлийг бүрмөсөн цуцалж улсын байгууллагаар бариулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл таг зогсож шороо овоолсон байдалтай байсаар. Энэ замыг барьсан бол экспортыг их дэмжих байлаа. Нүүрсний экспортын алдагдлыг тооцвол гурван их наяд гэсэн тоо гарч ирдэг юм. Одоо нүүрсний экспорт буурах хандлагатай байгаа. Жилийн эхний байдлаар харахад ес орчим сая тонн нүүрс гаргасан. Өнгөрсөн хугацаанд жилд 22 сая тонн нүүрс гаргаж байсан. Төмөр замтай болчихсон бол 30 сая дээр 15-20 сая тонн нэмэгдэх байсан байх.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурч, хөрөнгө оруулагчдын итгэл суларсан нь юутай холбоотой вэ?
-АН-ын мөрийн хөтөлбөрт урьд нь байгуулсан гэрээг эргэж харна, бүгдийг шинэчилнэ гэсэн заалт байсан юм байна.
Үүнийхээ дагуу Д.Ганхуяг сайд бүх хөрөнгө оруулалтыг өөрчилнө гэж дайрсан. Ингэхээр хөрөнгө оруулагчид УИХ-аараа батлаад Ерөнхийлөгч нь дэмжээд ҮАБЗ, Засгийн газар нь баталсан Тогтвортой байдлын гэрээг байгуулчихаад жилийн дараа өөрчлөхөөр дайрсанд маш их дургүйцэж манайд итгэх итгэл нь багассан.
Ингээд хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр буурч эхэлсэн. Одоо ч сэргэхгүй байна.
Манай улсад хөрөнгө оруулалт хийхээр 60 банкны төлөөлөгч “зодолдож” байсан тэр явдал түүх болж, хөрөнгө оруулагчид бүгд гарч явснаар үлдсэн цөөхөн хэдэн хөрөнгө оруулалтын төсөл эдийн засгийг авч явж чадахгүйд хүрсэн.
Өнөөдөр Оюутолгой, Эрдэнэт хоёроос өөр хэвийн ажиллаж байгаа газар үлдсэнгүй
Өнөөдөр Оюутолгой, Эрдэнэт хоёроос өөр хэвийн ажиллаж байгаа газар үлдсэнгүй. Энэ хоёр л төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байна. Өөр бусад бизнесийн байгууллагууд бүгд хямарлаа. Энэ байдал ч цаашид үргэлжилэхээр байна.
Нүүрсний салбарын байгууллагууд ажилчдаа зуу зуугаар нь ажлаас чөлөөлөх нөхцөл байдалд хүрлээ. Төсөв бүрдүүлдэг уул уурхайн 25 хувь нь эдийн засгийн хувьд маш эмзэг өөрчлөгдөмтгий боллоо гэдгийг 2012 онд сануулж байсан.
Ийм судалгааг “Бартлес” гэх ОУ-ын судалгааны байгууллага хийж эрх баригчдад сануулсан, бид ажлаа өгөхдөө Ерөнхий сайд Н.Алтанхуягт төсвийн бүрдэлт их хэмжээгээр тасарч магадгүй байгааг анхааруулж тоо баримтыг гаргаж өгсөн.
Нүүрсээ өөрсдөө экспортолж чадахаа болиод “Чалко”-гоос мөнгийг нь авчихаад дараа нь бүтээгдэхүүнээ өгөхгүй гэдэг байдлыг 2013 онд гаргаад Хятадын зах зээлийг тэр чигт нь алдаж, төсөв их хэмжээгэр тасарсан.
2013 оны төсвийн гүйцэтгэлийг харахад төсвийн хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр тасарсан нь харагдаж байна. Хөгжлийн банк болоод бондын хөрөнгө оруулалт явдгаараа явсан болов уу, гэхдээ их хэмжээгээр хугацаа алдсан байх гэж бодож байна. Төсвийн хийгдэх ёстой ажлууд их хэмжээгээр тасарсан.
Сайдуудын ажил үүргийн гүйцэтгэл 60 хувиас доош биелэлттэй гарсан байна. Монголд хийгдсэн гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлийн үнэлгээний нэгдсэн индекс маш эрчимтэйгээр буурсан. Хөрөнгө оруулагчдын алдагдлыг тооцоод үзэхэд дор хаяж 50-70 хувийн алдагдлыг хүлээсэн байна.
Энэ бол сонгуулийн үр дүн, туйлбаргүй сонголт хийдгийн хамгийн том хохирол гэж хэлж болно. Одоо хөрөнгө оруулалтын хурал хийх гэж Ерөнхийлөгч, Уул уурхайн сайд нь уриад уриад ямар ч үр дүнд хүрэхгүй байдалд орчихлоо.
-УИХ, Засгийн газар “авлигажсан төсвийг өөрчиллөө” гээд л байгаа шүү дээ. Үнэхээр төсвийн бүрдүүлэлт, хөрөнгө оруулалт таны хэлээд байгаа шиг тийм муу нөхцөл байдалд хүрсэн гэж үү?
-Засгийн газрын “Авилгажсан төсөв байхгүй боллоо” гэх уриаг иргэд харж байгаа, сайхан зүйл гэж санагдаж байгаа байх. Гэтэл үнэн хэрэгтээ улсын төсөв өмнөх жилүүдээс үлэмж багассан.
Гадаадын хөрөнгө оруулалт багасна гэдэг нь манайх шиг жижигхэн төсөвтэй оронд маш муу үзүүлэлт.
Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын тал дээр хийсэн томоохон бодлогын алдаанууд эргээд төсвөөрөө дамжаад нийт эдийн засагт нөлөөлж улс даяараа энэ хямралд өртөж байна. Нэг баримт хэлье, 2019 он хүртэл нүүрсний салбар сэргэхгүй гэсэн таамаглалыг Австралийн судлаачид хийж байна.
Зэсийн хувьд харьцангуй тогтвортой байна. Ойрын жилүүдэд айхтар өсөх хандлага мөн л байхгүй байна. Ингээд төсөв алдагдалд ороод төсвөөр төлөвлөсөн ажлууд хийгдэж чадахаа больсон үед Төв банк руу орчихож байгаа юм.
Хуулиар Төв банк бол төгрөг, валютын ханшаа барих ёстой. Өөр бусдаар аж ахуйн зээл өгөх, үнэ тогтворжуулах, мах нөөцлөх мэт үйл ажиллагаа явуулах ёсгүй газар.
Худалдан авагчид энэ нь сайхан зүйл ч зээл олгосон банк, барьцаалсан, барьсан талд аймшигтай нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.
Гэтэл энэ удаад төсөв байхгүй болонгуут Төв банкийг ашигласан гэж хэлж болно. Монголбанк маш их хэмжээний зээлийг аж үйлдвэрт биш дандаа үл хөдлөх хөрөнгийн салбарт өгсөн. Ингээд ирэхээр хөөсрөлт бий болоод байрны үнэ өсдөг. Тэгж байгаад хөөс хагардаг.
Зээл олгосон банкуудын үйл ажиллагаа болоод зээл авсан иргэдийн асуудал маш хүндэрдэг. Саяхан анхны үл хөдлөх хөрөнгийн үнийн индексийг гаргасан байна лээ. Эндээс харахад дөрөвдүгээр сараас эхлээд байрны үнэ буурч эхлэх хандлага гарч байна.
Худалдан авагчид энэ нь сайхан зүйл ч зээл олгосон банк, барьцаалсан, барьсан талд аймшигтай нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. 2012 оны 12 дугаар сараас эхлээд Төв банкнаас арилжааны банкуудад олгосон зээл маш их. Эдийн засаг хэвийн нөхцөлд ийм үйлдэл хийдэггүй.
Ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд төгрөгийг их хэмжээгээр хэвлэх ёсгүй.
Гэтэл 2012 оноос төгрөгийг их хэмжээгээр хэвлэж эхэлсэн. Барилгын салбарт дийлэнх зээлийг өгсөн. Иргэдийн худалдан авалтын чадвар буураад өнөөх зээл чанаргүй болдог. Чанаргүй зээлийн хэмжээ 2013 оны дундаас эхлээд өссөн. Одоогийн байдлаар чанаргүй зээлийн хэмжээ түүхэнд байгаагүй хэмжээнд хүрсэн баримт гарсан байна.
Энэ тухай Монгол банк ярихгүй байгаа нь манай санхүүгийн системд маш аюултай дохио. Дотоодын эдийн засгийн өсөлт 2013 оноос их өндөр байгаа нь үнэн.
Гэвч зөвхөн барилгын салбарт л өсөлт гарсан. Бусад аль ч салбарт өсөлт бараг гараагүй. 2012 оны 12 дугаар сард бонд орж ирээд валютын нөөц хамгийн өндөр түвшинд хүрсэн. Одоо тасралтгүй буурч байна. Их хэмжээний төгрөгийн нийлүүлэлт үнийн хөөрөгдлийг үүсгэдэг. Дээр нь Дэлхийн банкны тооцооллоор төсөв ДНБ –ний 10 хувиас дээш хэмжээгээр тасарч байна гэж байгаа. Манайхаас албан ёсоор үүнийг тоолдоггүй юм.
Төсвийн тодотгол хийгээд л алдагдалыг засчихаж байгаа. Тэр нь бага гарч байгаа. Үнэн хэрэгтээ төсвийн тодотголыг хоёр удаа хийнэ гэдэг түүхэнд байгаагүй хэмжээгээр засаж байна гэсэн үг. Ингээд Засгийн газрын өр ийм хэмжээгээр нэмэгдэж байгаа.
-Өр гэснээс манай улсын өрийн хэмжээ ДНБ-ийн хэдэн хувьтай тэнцэж байна вэ. Хүн бүр л өөр тоо хэлэх юм?
-Урьд нь бол өр тавьдаг байсан. Зээл авахдаа арилжааны бус тодорхой хөнгөлөлттэй урт хугацааны бага хүүтэй зээл авч байсан.
Одоо бол арилжааны банкууд их хэмжээний зээл авсан, улсын өрийн хэмжээ 70 орчим хувьтай тооцсон байна гэж ОУВС тооцоод байгаа. Тэгэхээр гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасан нь хэтэрчихсэн. “Чингис” бондын өрийг 2020 он хүртэл төлөх ёстой.
Жил болгон төсвөөс 100-гаад сая доллараас доошгүй мөнгийг төлнө. Хүүг нь тооцохоор 2,1 тэрбум долларыг эргүүлж төлөх ёстой болно.
Одоо бол бодлого байхгүй. 888 төслийг чинь бараг гудамжнаас зарлаад түүчихэж байгаа.
Энэ мөнгийг тэгэхээр хэрэгтэй юмандаа зарцуулах ёстой. 2012 он хүртэл манайх өөрийн гэсэн хөгжлийн бодлоготой, тэрнийхээ дагуу мөнгө босгоод, Хөгжлийн банкаар дамжуулаад шинэ салбаруудыг бий болгох бодлоготой байсан.
Одоо бол бодлого байхгүй. 888 төслийг чинь бараг гудамжнаас зарлаад түүчихэж байгаа.
Тэр нь бүр бодлогогүй. Дотор нь бүр хачин хачин юм явж байгаа.
Ялангуяа банкныхны хамгийн дургүйг хүргэсэн зүйл нь Монголд гурван компани гар утас угсарна гэж байгаа.
Ялангуяа банкныхны хамгийн дургүйг хүргэсэн зүйл нь Монголд гурван компани гар утас угсарна гэж байгаа. Америк, Японд ч үүнийг хийдэггүй. Америкт хийж чадахгүй юмыг Монголд хийнэ гээд тендерийн мөнгө авна гэдэг нь юу гэсэн үг байхав.
Манай өрийн бүтэц их өөрчлөгдөж байгаа. Урд нь олон улсын байгууллагуудаас авсан өр нийт өрийн 40 хувийг эзэлдэг. Улс хоорондынх 24 хувийг эзэлдэг, 28 хувь нь дотоодын өр байсан бол ийм их хэмжээгээр арилжааны шинжтэй, хатуу нөхцөлтэй өр юм.
Энд “Самурай” бонд ороогүй байгаа. Тэгэхээр энийг эргэн төлөхөд нөхцөл нь их хатуу учраас ямар нэгэн байдлаар хүүгээ бууруулах, хойшлуулах гэсэн нөхцөл бол байдаггүй. Энэ бол арилжааных учраас тоглоом биш.
-ДНБ-ий өсөлт бас саарсан уу?
-Энэ оны эхний улирралд ДНБ-ий өсөлт 7,4 хувьтай байсан. 8,2 гэдэг чинь хямралын дараах 2010 оных байхгүй юу. 2010 онд маш хүнд жил байсан. ОУВС-тай гэрээ байгуулж тусламж авч байсан.
“Изинис эйрвэйз” бол эхнийх нь. Жижиглэнгийн худалдааны борлуулалт буурч байна.
Тэр үед л гэхэд 8,2 хувийн өсөлттэй байсан.
Одоо бол хямраагүй гээд байгаа боловч эдийн засгийн өсөлт доогуур байна. Энэ бол аюулын дохио. Эдийн засаг хямарснаар нийгэмд ямар нөлөө гарч байна вэ. Гэмт хэрэг өссөн. 2012 он хүртэл бууруулж чадсан ажилгүйдэл эргээд нэмэгдлээ.
Тээврийн хэмжээ 15-20 хувиар багасч, зорчигчдын тоо эрс цөөрсөн. Агаарын тээвэр жаахан өсөлттэй гарсан. Гэхдээ 2013 оноос буурсан. Зорчигчдын тоо, ачаа гээд буурсан үзүүлэлттэй. Яг ийм байдлаар явах юм бол тээврийн компаниуд хүнд байдалд орно.
“Изинис эйрвэйз” бол эхнийх нь. Жижиглэнгийн худалдааны борлуулалт буурч байна. Үнэ 30-40 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн индексийг харахад ялангуяа алслагдсан аймгууд улам өндөр байгаа.
-Эдийн засгийг хямралаас гаргах ямар арга байна вэ?
-Манай эдийн засаг онгоц шиг нисэж байгаад бууж байна. Буухдаа хатуу буулт хийх арга байна. Олон улсын валютын сантай гэрээ хэлэлцээр хийж, төсвийн алдагдлыг нөхнө гэсэн үг.
Ханшийг чөлөөлөх ёстой болно. Нөгөөх нь зөөлөн арга. Хятадын Засгийн газар байнга хэрэглэдэг арга. Дэд бүтцийн төслүүдийг их хэмжээгээр ажиллуулж эхлээд эдийн засагт экспорт унасан ч гэсэн дотоодын эрэлтийг бий болгох арга байгаа.
Манай улс хэрэв одоо дахин өр тавих юм бол эдийн засгийн байдал бүр муудна. Яагаад гэвэл өрийн эргэн төлөгдөх ямар ч нөхцөл харагдахгүй байгаа.
Гадны хөрөнгө оруулагчдад Монгол Улс замбараагүй, хөрөнгө оруулагчдаа хүндэлдэггүй, худалдааны гэрээ байгуулаад мөнгийг нь авчихаад бараагаа нийлүүлдэггүй, урьд нь тохирсон зүйлсээсээ байнга буцдаг, яах гээд байгаа нь мэдэгддэггүй, өөрийн гэсэн хөгжлийн бодлогогүй дүр төрхтэй харагдаж байгаа. Ийм учраас 2014, 2015 он бол харьцангуй удаан өсөлттэй жилүүд болох шинжтэй.
2009, 2010 онд эдийн засаг муудаад ирэхээр нь том төслүүдийг хэрэгжүүлж байлаа. Заавал зээлээр хийх биш хувийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах бодлого барьж байв.
Тэр үед төмөр замд хувийн хэвшлийнхэн 600 сая долларын хөрөнгө оруулалт хийе гэж байсан. ТЭЦ-5 дээр 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийе гээд хөрөнгө оруулагчид нь ирээд хоёр жил болж байгаа.
Дарханд нефтийн үйлдвэр барихад 800 сая, төмөрлөгийн цогцолборт 200 сая, Тавантолгойн цахилгаан станцад нэг тэрбум, Тавантолгойн уурхайд хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт хийе гэж 2010, 2011 онд хөрөнгө оруулагчид жагсаад ирж байсан.
Энэ бол 2008-2012 оны хооронд эхлүүлсэн төслүүд. Харахад нийт хөрөнгө нь зургаан тэрбум доллар байгаа. 2012 оноос хойш аль нь ч хийгдээгүй. Тавантолгойн уурхайд 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийе гэсэн боловч одоогийн Ерөнхий сайд ахалж байсан зөвшөөрөөгүй. Одоо хэн ч манай нүүрсний уурхайд ийм хөрөнгө оруулалт хийе гэж ирэхгүй.
Тэгэхээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ашиглахгүй, дандаа өр тавих нь гэсэн үг. Бодох л асуудал.