Д.Дамба: Уул уурхайгаа хөгжүүлэхгүйгээр мөнгө олох боломж бидэнд байхгүй
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д. Дамбатай ярилцлаа.
-Монголын уул уурхайн өнөөгийн төлөв байдлын талаар та ямар бодолтой явна вэ. Ер нь уул уурхайн орчинд өөрчлөлт орж байна уу?
-Уул уурхайн эрхзүйн орчинд тодорхой хэмжээгээр ахиц гараад байна. Нэг ёсондоо 2012 оны мөн үетэй харьцуулбал арай дээшиллээ. Яагаад ингэж тодорхойлж байна вэ гэвэл нэгдүгээрт, Монгол Улс маань эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй боллоо. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчиллээ. Айхавтар хууль гараад жил хүрэхгүй хугацаанд баахан үймүүлээд, хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн шүү дээ. Тэр хуулийг л жаахан өөрчилж арай уян хатан болгосон гэсэн үг л дээ.
Мөн алтны тухайд татварын хөнгөлөлт үзүүлсэн шийдвэр гаргаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихлаа гээд дэвшил гарсан байна. Гэхдээ уул уурхайн салбарын эрхзүйн орчин бүрэн дүүрэн тогтвортой болсон уу гэвэл бас үгүй. Энэ салбарын гол үндсэн хууль болсон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Өргөн бариад л, буцаад л оруулж байгаа хуулийн төсөл нь шаардлага хангахгүй нэлээд маргаантай байна. Урт нэртэй хууль гэж хэцүүхэн хууль байдаг. Баахан алтны компаний үйл ажиллагааг зогсоосон. Энэ асуудал хэвээрээ байна. Тэр хуулийг хэрэгжүүлдэг журмыг өөрчилдөг хуулийн төслийг уг нь өргөн барина гээд байж л байгаа гэсэн. Одоохондоо шийдэгдсэн юм алга. Татварын тухай хуулийг өөрчилнө гэж нэг яриад, үгүй гэж нэг яриад л байж байна.
-Төмөр замын асуудал одоо хэр шийдэгдэхгүй байгаад та ихээхэн шүүмжлэлттэй хандаж байгаа мэргэжлийн хүний нэг. Энэ асуудал тийм хурдан хугацаанд шийдэгдэх боломжтой гэж үү?
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлага байгаа
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ялангуяа нарийн төмөр зам барихыг эрхзүйн талаас нь зөвшөөрөх асуудал шийдэгдэхгүй байна. Үүнээс болоод нүүрсний тээвэрлэлт авто тээврээр явсан хэвээрээ байна. Өртөг өндөртэй, байгаль орчинд халтай, аваар осол ихтэй ийм тээвэрлэлтийг байлгаад байх юм уу? Урд хөрш худалдан авагчтайгаа тээврийн талаар ямар ч проблемгүй харьцах боломж байгаа гээд л байдаг. Гэтэл манай хууль эрхзүй нь болж өгөхгүй юм. Ядаж байхад нүүрсний үнэ ханш уначихлаа. Ингээд муу дээр улцан нэмэр гэдэг шиг юм болчихоод байна. Тэгэхлээр ямар нэгэн байдлаар энэ бүх асуудлыг цогцоор нь шийдсэн нөхцөлд уул уурхайн салбарын үйл ажиллагаа тогтовортой хэвийн явагдах боломж бололцоо эрхзүйн талаасаа бүрдэнэ гэж бодож байна даа.
-Цогцоор нь шийдэхээс нааш уул уурхайн салбар урагшаа явахгүй гэсэн үг үү?
-Миний саяны дурддаг тэр бүх зүйлийг шийдэх ёстой гэсэн үг л дээ. Аль нэгийг нь шийдээд, нөгөөг нь орхивол байдал цаашаа явахгүй.
-2012 оноос эхлэн хөрөнгө оруулагчид гарч явах нь ихэссэн. Хуульд өөрчлөлт оруулсан хэдий ч нэгэнт гараад явсан хүмүүсийн итгэл тийм хурдан сэргэх болов уу?
-Хөрөнгө оруулагчдыг татахын тулд сая миний хэлсэн эрхзүйн орчныг л шинэчлээд цаашид тогтвортой мөрдөх ёстой юм. Ингээгүй цагт болохгүй байна. Нөгөө талаар өөр олон бодитой хэрэгжүүлэх зүйл зөндөө байна. Тухайлбал, төр засаг маань банк, санхүүгийн бодлого дээр өөрчлөлт оруулмаар байна. Хувийн хэвшлийг дэмжмээр байна. Юм болгоныг төрийн мэдэлд авах гэдэг, статегийн ач холбогдолтой гэдэг нэр томьёоны дор бүх юмыг төрийн өмчид байлгах гэдэг бодлогоо одоо болих хэрэгтэй. Дэлхийн улс гүрнүүд энэ бодлогоос аль хэдэн зууны өмнө татгалзсан шүү дээ.
Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагааг хувийн хэвшил авч явдаг болчихсон. Ийм нөхцөлд манай улс зах зээлд орох гээд ч байгаа юм шиг, орохгүй ч юм шиг хоёрын хооронд явж болохгүй. Хуучин цагийн төрийн өмчтэй тоталитар нийгмийн зарим шинжийг агуулсан зах зээлийн эдийн засагтай ардчилсан улс гэж байдаггүй юм. Тэгэхлээр энэ бүхнээ нэг мөсөн өөрчилж шийдэх шаардлагатай. Яагаад гэвэл уул уурхайн салбар угаасаа өөрөө маш их эрсдэлтэй салбар.
Эрсдэлтэй гэдэг нь харагдаж байна шүү дээ. Жишээлбэл, ашигт малтмалын үнэ ханш унангуут улсын төсөв хүнд байдалд орж байна. Ийм хүндхэн салбарт төр заавал эрсдэл үүрч орох, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлтэй юм руу хийх шаардлага байна уу, үгүй гэдэг асуудал зүй ёсоор гарч ирж байна. Хувийн хэвшил нь унавал унаад, босвол босоод. эрсдлээ үүрээд л явах хэрэгтэй. Төр ийм юманд орох хэрэггүй л байхгүй юу. Төрийн өмчийг, төрийн оролцоог уул уурхайн салбарт хязгаарлахгүй бол замбараагаа алдлаа.
Ганц ярьдаг юм нь өнөөх стратегийн ордууд. Ямар нь стратеги болчихоод байгаа юм. Хувьд байхаар яачихаад байгаа юм? Улсад байхаар юу нь сайн юм бол? Гоё ирээдүй харагдахгүй байна. Тэр стратегийн орд гэдэг нэр томьёон дотроос гоё зүйл олж харахгүй байна. Харин муу үлгэр жишээ байгааг зарим үйл явц харуулаад байгаа юм биш үү.
Жишээ нь, Таван толгойн ордыг төр өмчилсөнөөс ямар үр дүнд хүрч байгаа юм бэ? Үнэндээ ямар ч үр дүн харагдахгүй байгаа байхгүй юу. Ашиг олохгүй байна. Алдагдалтай байна. Төрийн өмчтэй компани учраас төр мэдэж байна гээд л дайрах юм. Үүнээс болоод төрд ажиллаж байгаа улстөрчдийн шоуны золиос болоод балраад байна. Тийм учраас энэ буруу алхам, буруу практикаасаа бид хурдан салах шаардлагатай.
-Таны ярианаас уул уурхайд төр оролцох шаардлагагүй гэдэг санаа цухалзаад байна. Энэ чинь онцгой салбар биш гэж үү?
Хөрөнгө оруулагчдыг татахын тулд сая миний хэлсэн эрхзүйн орчныг л шинэчлэх ёстой
-Манай уул уурхайн салбар бол цэвэр бизнесийн салбар. Ямар ч улстөр хэрэггүй. Ямар ч улстөрийн бодлого шаардлагагүй. Энэ бол цэвэр эдийн засгийн салбар учраас зах зээлийн эдийн засгийнхаа горим зарчмаар явах ёстой юм. Гэтэл төр оролцоод байна. Бүр буруу оролцоод байна. Жишээ нь, төмөр замын царигийг төр зааж яах юм? Монгол Улс хоёр том хөрштэй. Нэгэнтэй нь харьцдаг царигаа нөгөөд нь тулган хүлээлгэж болохгүй.
Нөгөөхтэй нь мөн л адилхан харьцдаг царигаар нь харьцах хэрэгтэй. Тэр хуульд байгаа цариг заасан заалтыг аваад л хаячихмаар санагдах юм. Тэгж чадахгүй байна. Иргэний зориг ч гэдэг юм уу, алсыг харсан бодлого төрийн удирдлагуудад алга. Явцуу бизнесийн ч юм уу, аль нэг бүлэглэлийн эрх ашиг Монголын төрийн бодлогод амь бөхтэй зууралдаад байна. Үүнийг болимоор байна. Тийм учраас миний дурдсан хэдэн асуудлыг шийдчихвэл уул уурхай хөгжих гээд л байх шиг санагаад байгаа юм даа.
Яах вэ, үнэ ханш унадаг, босдог нь жам ёсны үзэгдэл. Түүнд айхавтар ач холбогдол өгөөд балраад байх юм байхгүй. Жишээ нь өнөөдөр нүүрсний үнэ уначихсан байна. Үүнээс доош унана гэж ер нь байхгүй. Доод цэгтээ хүрчихсэн. Гэтэл бид үүнээс доош нь зардлаа бууруулах боломж байна. Бид зардлаа бууруулах гээд эрхзүйн олон сөрөг заалтаас болоод тээврийн систем хэвээрээ байж байх жишээтэй.
Дэлхийн зах зээл гэж том юм ярихаа больё. Хятадын зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх бололцоо манай нүүрсний салбарт байгаа. Гэтэл тэрийг нээлттэй болгоод өгчих тийм хууль эрхзүй дутагдаад байна. Татварын орчингийн асуудал байна. Шаардлагагүй зарим татвар байна. Үнэ ханш ийм доошоо унасан үед төр зарим татварыг тэглэж болно шүү дээ.
Царцааж болно. Гэтэл тийм бизнесээ дэмжсэн бодлого алга. Зөвхөн улсын төсвийг бүрдүүлэхийн тулд “Татвар аваад бай, аваад бай, бас дахин аваад бай” гэсэн уриатай ажиллаад байна. Тэгэхлээр уул уурхайн салбар, аж ахуйн нэгжүүд хөл дээрээ тогтож чадахгүй байна. Дээр нь банк санхүүгийн асуудлаа шийдэх цаг болжээ. Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байна. Зээл олгох чадвар муу байна. Том төслийг санхүүжүүлээд явчих ийм чадавхтай банк манай арилжааны банкууд дотор алга.
Гадаадын том банк оруулаад ирье гэхээр янз бүрийн юм яриад хардаж сэрдээд болохгүй юм. Гадаадын зарим том банкийг тодорхой чиглэлээр оруулж ирэх бололцоо уг нь байгаа. Заавал арилжааны банк шиг байлгах албагүй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр, төсөл санхүүжилтийн чиглэлээр ч юм уу тодорхой чиглэлээр эрхийг нь өгөөд оруулж ирж болно.
Манай бизнесмэнүүд гадаад орнуудаар л аялаад байдаг. Тэд яах гээд тэгж тэнээд байдгийг би сайн ойлгодог. Мөнгө л хайгаад яваад байгаа нь тэр шүү дээ. Төслөө хэрэгжүүлэх хүү багатай, боломжийн нөхцөлтэй мөнгө хайгаад л тэгж яваад байгаа хэрэг. Монголд гадаадын том банк ороод ирвэл том бизнесмэнүүд маань тэгж гадагшаа явж зардал чирэгдэл болох шаардлагагүй л байхгүй юу.
Эндээ л асуудлаа шийдчихнэ. Тэртээ тэргүй гадаадын томоохон банкны төлөөлөгчийн газар Монголд байна шүү дээ. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг бий нэрлэхийг хүсч байна. Гадаадын банк манайд юу хийгээд байгаа юм бэ? Санхүүжилт л хийгээд байна шүү дээ. MCS групп энэ банкны санхүүжилтээр л босоод ирчихсэн. Тэгэхлээр энэ гадаадын том том банк оруулж ирэх асуудлыг албан ёсны болгочих хэрэгтэй. Татвараа өгдөг, Монголд ил тод үйл ажиллагаа явуулдаг болж яагаад болохгүй гэж, тийм үү?
Ингэснээр манай банкуудын хөгжих, өрсөлдөх чадвар нь дээшлэх юм. Японы сумод гадаадын бөхүүд орж ирснээр л тэр спорт мундаг хөгжсөнтэй адилхан гэсэн үг. Тэр дундаа монголчууд арлын үндэсний спортыг дэлхийд гаргалаа шүү дээ. Түүнтэй адилхан банк санхүүгийн байгууллагаа хүчтэй болгоё гэвэл гаднын банкийг оруулж ирэх л хэрэгтэй.
-Ашигт малтмалын тухай шинээр батлагдах хуулийг харж байж шийдвэрээ гаргах сонирхолтой хөрөнгө оруулагчид бий. Гэтэл тэр хуулийн төсөл маань аж ахуйн нэгжүүдээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. Хууль санаачлагчид та бүхнээс санал авсан уу?
-Яг үнэндээ бидний санал муу тусч байна. Биднийг санааг төдийлөн аваагүй. Хэрэгтэй хэрэггүй олон зүйл хуулийн төсөлд туссан байна лээ. Үндэсний геологийн алба байгуулна л гэнэ. Тэр геологийн албагүйгээр Монгол Улс яахчихаад байгаа юм? Бас нэг төрийн данхайсан аппарат бий болгож яах юм. Ийм хачин хуулийн төсөл хийгээд байхаар чинь хэрэг алга. Геологийн алба байгуулагдах нь хувийн аж ахуйн нэгжид ямар ч ач холбогдолгүй. Харин ч дарамт нэмэгдэнэ. Мэдээ тайлан нэхээд л. Ийм мэтийн юм оруулаад хуулийг гацаагаад байна.
-Байгалийн баялгаа үр хойчдоо үлдээе гэдэг үзэл бодлыг хэрхэн ойлгож, хүлээж авдаг вэ? Уул уурхайгаас өөр манай эдийн засгийг аваад явчих ямар салбар байна вэ?
-Ерөөсөө тодорхой. Бүх юм ойлгомжтой. Нарийн ярьвал Монгол нэг ширхэг хадаас ч үйлдвэрлэдэггүй орон. Ямар ч үйлдвэрлэл байхгүй. Уул уурхайн баялаг дээрээ л тулгуурлаж хөгжихөөс өөр ямар ч боломж бидэнд байхгүй. Бид ямааны ноолуур, хонины ноос гаргаад хөгжих байсан бол хөгжихөөр болсон. Өчнөөн жил малын түүхий эд дээр тулгуурлаж явлаа. Хөгжиж чадахгүй байна. Үйлдвэрлэл хөгжихгүйгээр улс явахгүй.
Уул уурхайгаа яаж хөгжүүлэх вэ, олж байгаа орлогоо юунд зарцуулах вэ гэдэг л асуудал байна шүү дээ. 21 мянга шиг талханд өгөөд дуусгачихвал ямар хэрэг байх вэ. Өнөөдрийн байгаа байдал тийм л байна шүү дээ. Сонгуульд ялахын тулд, ард түмэнд сайн хүн болж харагдахын тулд мөнгө амлаад бүх иргэдэд 21 мянган төгрөг тарааж өгөөд өрөнд орсон. “Эрдэнэс Таван толгой” яагаад босохгүй байгаа вэ гэхээр тэр өрийг одоо болтол хааж чадахгүй байгаагаас болоод л тэр байхгүй юу. Идчихсэн. Идээд дуусчихсан.
Үйлдвэрлэл хөгжихгүйгээр улс явахгүй.
Баабарын хэлдэгээр жорлон руу орчихсон. Тэгээд яаж хөгжих юм бэ? Уул уурхайгаас олсон орлогын тусгай сан байгуулаад тэр сангаасаа боловсролоо, эрүүл мэндээ, дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Зүгээр мөнгө тарааж болохгүй. Ард түмэнд зүгээр мөнгө өгнө гэдэг устгахын л бодлого. Индианчуудад зүгээр мөнгө өгсөөр байгаад л дуусгачихлаа. Одоо Америкт Индиан үндэстэн бараг байхгүй. Байвал хэдэн архичин л байх шиг байна. Монголыг ингэж устгах хэнд хэрэгтэй юм. Мөнгө өгөөд байвал хүн зүгээр арчаагүй амьтан л болж хувирдаг байхгүй юу. Хөдөлмөрлөж байж, зүтгэж байж амьдрал явдаг болохоос биш зүгээр мөнгө аваад, идээд жаргана гэдэг түүхэнд байхгүй. Дахин хэлэхэд мөнгө тараана гэдэг бол улс үндэстэн мөхөөдөг л арга. Байгалийн баялгийг хойч үедээ үлдээнэ гэх юм. Юу яриад байгаа юм вэ? Тийм юм энэ хорвоо дэлхийд байдаггүй. Тэгээд юугаар амьдрах юм.
Аялал жуулчлалаар амьдрах юм уу? Тэр бол зүгээр л үлгэр. Бид жуулчдад юу үзүүлэх юм? Манайх шиг байгаль дэлхий хаа сайгүй л байдаг. Ой мод, говь цөл, өвс ургамал байж л байгаа. Тэгэхлээр уул уурхайгаас өөр байдлаар хөгжинө гэдэг бол хийрхэл. Улстөрчид хөрсөн дээрээ бууж ярих хэрэгтэй. Уул уурхайгаа хөгжүүлэхгүйгээр бидэнд хаанаас ч мөнгө олох вариант байхгүй. Бонд босгож зээл авч байгаа нь хүзүүгээ олсонд углаж байгаа хэрэг. Урд нь социализмын үед ЗХУ-аас авсан өрөө тэглэж бөөн баяр болсон. Одоо дахиад энд тэндхийн бонд нэртэй өр тавиад хэрэггүй. Зүгээр л үйлдвэрлэлээ явуул. Хэдэн ашигт малтмын баялагаа олборлох тэрийгээ хөдөлгөх, босох асуудлыг л болох ёстой.
-Засгийн газар огцрох нь хөрөнгө оруулагчдад тийм ч таатай нөлөөлөхгүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Засгийн газрыг огцруулах нь тийм ч сайн сайхан, баяртай үйл явдал биш. Энэ бол тухайн улс орон тогтворгүй байгааг дэлхий нийтэд харуулж байгаагийн илэрхийлэл. Нөгөө талаар овоо нэг зөв зам руу орох гээд чадан ядан яваад байхад нь дэгээдэж унагаана гэдэг бол зүгээр л хорлож байгаа хэрэг. Би хувьдаа энэ Засгийн газрыг унагаахыг тийм ч сайхан хэрэг биш гэж ойлгож байна. Н. Алтанхуягийн Засгийн газарт хайртайдаа биш Монголын төр, төрийн бодлого тогтвортой байх ёстой юм. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэгж байж манай бүтээгдэхүүнийг хүн авна. Итгэж найдаж эхэлнэ. Украйныг хар л даа.
Одоо Украйнд хэн итгэх юм? Манай жоншны компаниуд Украйн руу жонш гаргахаа больчихсон байна. Яаж гаргах юм. Мөнгө нь ирэх ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Бөмбөгдчихсөн гэвэл дуусаа шүү дээ. Улстөрийн тогтворгүй байдлыг далладаг байж таарахгүй. Засгийн газраа огцруулах нь одоо Монголд хийх ёстой ажил биш. Бид хийдгээ хийсэн, нийгэм эдийн засгийн байгууллаа сольчихсон, ардчилал руу орчихсон. Одоо харин зарим хариуцлагагүй албан тушаалтнууддаа хариуцлага тооцох хэрэгтэй. Яагаад зарим сайдыг огцруулж болдоггүй юм бэ? Засгийн газрыг заавал бүрэн бүрэлдэхүүнээр л хөдөлгөх ямар хэрэгтэй юм? Сайдууд бүгдээрээ муу биш л дээ. Муутай нь хариуцлага тооцдог механизмтай болох хэрэгтэй байна.
Уул уурхайн сайдыг огцруулсанаар бид мундаг амжилтад хүрэхгүй гэж бодож байна. Уул уурхайн сайд өнөөдөр буруу бодлого явуулаад, бидний үйл ажиллагааг хаагаад дарамтлаад байгаа юм огт алга байна. Өмнөх засгуудын хийсэн гай арилж өгөхгүй байна. Харин тэр алдааг өнөөдөр хурдан засч чадахгүй байгаад л асуудал байна. Миний дурдсан тэр хуулиудыг бушуухан өөрчилж засаад өргөн барьж яагаад болохгүй гэж. Тэгэхгүйгээр шинээр нэг хачин урт нэртэй хууль ч юм уу, 68 хувийн татвар гаргаж тавиад байгаа юм байхгүй шүү дээ.
Тийм учир бид Уул уурхайн сайд Д. Ганхуягийг солих нь өнөөдрийн чухал эрх ашиг огт биш. Харин ч энэ хүн уул уурхайн салбарыг мэдддэггүй өөр мэргэжлийн хүн гэдгээ ойлгодог. Тэр үүднээсээ биднээс асуудаг, зөвлөдөг. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлж эхэлж байна. Энэ нөхцөлд бид энэ хүнийг муу ашиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Мэргэжлийн бус хүн энэ зэрэгтэй ажиллаж байгаа нь их юм. Ер нь цаашдаа энэ салбарыг мэргэжлийн хүн удирдах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ заавал өнөөдөр өөрчлөх гээд хэрэггүй болов уу.
Гол нь бодлого тогтвортой байх ёстой. Гадаад, дотоодын ямар ч хөрөнгө оруулагч хүн төрийн бодлого тогтвортой байхыг хүсдэг. Байсхийгээд өөрчлөөд, огцруулаад дахиад өөр хүн тавих нь хэцүү. Уул уурхайн сайдыг огцруулаад оронд нь ямар ч амьтан гарч ирэх юм, яаж ч үймүүлэх юм, бүү мэд шүү дээ. Би хувьдаа Д. Ганхуяг сайдын оронд нэг их мундаг сайд ирнэ гэдэгт огт итгэхгүй байна.
-1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх шаардлагагүй гэдэг байр суурьтай хүн олон байдаг. Тэр хууль үнэхээр тийм сайн хууль юм уу?
-Ашигт малтмалын хууль анх 1994 он гарсан юм. 1997 онд өөрчилж шинэчилсэн. Тэр хууль зах зээлийн эдийн засагт тохирсон либераль хууль байсан. Энэ ч хуулийн ачаар өнөөдөр Монголд энэ олон том хөрөнгө оруулалт орж ирсэн. “Оюу толгой” зэрэг том төсөл нэвтэрсэн. Миний хувьд тийм муу хууль биш. Өнөөдөр заавал өөрчлөх шаардлага ч байхгүй. Яг үнэндээ уул уурхайн компаниуд дотор энэ хуулийг өөрчлөөд өг гэж хэлж байгаа нэг ч аж ахуйн нэгж байхгүй. Энэ хуулийг өөрчлөх гээд байгаа нь улстөрчид. Засч залруулах юм бий юу гэвэл бий. Яахав, явцын дунд засаад явж болно шүү дээ.