МУ Чөлөөт зах зээлээс нэн даруй татгалзах хэрэгтэй
Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн захирал, Эдийн засагч Х.Батсуурь
2015.03.09

МУ Чөлөөт зах зээлээс нэн даруй татгалзах хэрэгтэй

Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн захирал, Эдийн засагч  Х.Батсуурьтай эдийн засаг дахь бодлогын төөрөгдөл ба суурь тогтолцооны гажуудал сэдвээр ярилцлаа.

-Эдийн засгийн бодлого хямралын үед, улс орны хувьд, иргэд аж ахуй нэгжийн цаашдын ирээдүйд маш чухлаар нөлөөлдөг. Гэтэл сүүлийн үед эдийн засагчид, салбар бүрийн шинжээчид бидний итгэж ирсэн чөлөөт зах зээлийг шүүмжлэх боллоо. Давосын чуулганаар ч улс орнууд ойрын ирээдүйд засаглалын хямрал даамжирч, төр улсын эргэлт хүртэл үйл явц болно гэж онцолсон. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Аливаа улс орны төр зөвхөн хууль эрх зүйн хүрээнд оршин тогтнох төдий бус, ард түмэн нийтээрээ  хүлээн зөвшөөрөгдсөн байх нь төрийн хувьд легитим байдал мөн.

Тийм ч учраас манай төр засгийн эрх баригчид өөрсдийгөө ард түмний төр, ардын засаг гэж ярьдаг. Тэгвэл өнөөгийн манай төр ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байна уу.  Ард түмний эрх ашгийг хамгаалахын тулд ард түмний хүсэн хүлээсэн үр дүнг бий болгохын тулд төр эдийн засагтаа хэр анхаарч байна вэ гэдэг нь асуултын тэмдэг.  

Эдий засаг нь хүчтэй байж, ард түмний эрх ашгийг хамгаална. Тэр цагт төр легитим байх үндсэн шинж бүрэлдэнэ гэж үздэг. Тиймийн тулд эдийн засгийн тогтолцоо нь зөв байх ёстой.

-Манай эдийн засгийн тогтолцоо, чөлөөт зах зээлийн үр өгөөж нь ард түмний амьдралд үнэхээр сайнаар нөлөөлж чадаж байна уу. Хүн бүрийг сайхан амьдруулж, сэтгэл амар тайван байлгаж чадаж байна уу?

Тогтолцоо нь зөв байж байж эдийн засгийн үр өгөөж гарах ёстой. Гэтэл манай төрийн хувьд сүүлийн 25 жилийн турш хэрэглэсэн тогтолцоо зөв байна уу, үгүй юу гэдгийг бид анхааран судлах ёстой.

Миний бодлоор монголын эдийн засгийн тогтолцоо нь ард түмний хүсэн хүлээж байсан үр дүнг өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл тогтолцоо нь гажуудалтай. Эдийн засгийн бодлогын хувьд төөрөгдөлтэй байна гэж үзэж байгаа.

Энэ дүгнэлтийг гаргахын тулд сүүлийн 25 жилийн турш хэрэгжүүлсэн бодлогыг авч үзье л дээ.

Ерөөсөө лчөлөөт зах зээлийн бодлогыг хэрэгжүүлсэн. Гэтэл чөлөөт зах зээлийн бодлого хэрэгжсэн үндсэн дөрвөн тулгуур зарчим байгаа. Нэгдүгээрт худалдааг чөлөөтэй байлга.

Энэ нь хил гаалийн татварыг тэглэх буюу татваргүй болгох, хоёрдугаарт үндэстэн дамнасан капитал, хөрөнгө оруулалтын урсгалыг чөлөөтэй байлгах.  Санхүүгийн зах зээл дээр хэн дуртай нь орж болно. Монголд жишээ нь гадны арилжааны банкууд байрлаж болно гэсэн үг.

Уул уурхайн компаниудад хэн дуртай нь хөрөнгө оруулж болно гэсэн үг. Гуравдугаарт  төрийн оролцоог багасгах. Аль болох зах зээлд оролцох ёсгүй гэсэн бодлого явагдаж байгаа.  Төрийн өмчийг хүчгүйдүүлж, төрөөс зах зээлийг зохицуулах явдлыг багасгах зорилготой.

Дөрөвт нь өмч хувьчлал. Төрийн өмчийг хувьд гаргана.  Гэтэл дээрх дөрвийг харахаар манай улсад ерөөсөө нийцэхгүй байгаа юм. Ялангуяа монгол шиг хоцронгуй хөгжилтэй орон өнөөдрийн хүндрэлээс хэзээ ч гарахгүй л гэсэн үг.

-Гэхдээ одоо төрийн өмчийг 2012-2016 он хүртэл хувьчлана, төрийн өмчийн хороог татан буулгана, чөлөөт худалдааг нэмэгдүүлэх хэрэгтэй, хөрөнгө оруулалт саарч байгаа учир нэмэгдүүлэх хэрэгтэй гэж л Засгийн газар бодлого бариад байгаа шүү дээ. Тэд энэ бүхнийгээ аврах гарц гэж хүмүүст итгүүлж байгаа?

Гаж бодлого. Энэ дөрвөөс нэн даруй татгалзах ёстой. Үүнээс татгалзахын тулд цаана нь олон асуудал байгаа ч тулгуур зарчмаас татгалзах нь хамгийн эхний алхам.  

Юун түрүүнд санхүүгийн зах зээлийг өөртөө авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бие даасан байх учиргүй Монголбанкийг төр хажуудаа авах хэрэгтэй.

Төв банк бие даасан, хараат бус байна гэсэн бодлого явуулсаны улмаас дураараа 3 их наяд төгрөгийг хэвлэж зах зээлийн хөөсрөл бий болгоод, төгрөгийн ханшийг навс унагасан шүү дээ.

Арилжааны банкуудын зээлийн хүү дунджаар 20 хувь байна. Дэлхийн хаана ч байхгүй өндөр хүү. Гаж илрэл.  Гадаад худалдаа 0-5 хувийн хүүтэй. Хаана ч тийм зүйл байдаггүй.

Улс орон бүр өөрийн улсын онцлогт тохирсон бодлогыг явуулах хэрэгтэй.  Бүх импортын бүтээгдэхүүн хавтгайрсан нэг л тоо буюу 5 хувийн татвартай байгаа. Төр өмчтэй, хүчтэй байх ёстой. Төр зах зээлд зохицуулагчаар оролцох ёстой.

-Төр өмчтэй байх ёстой гэдгийг үгүйсгэгчдийн зүгээс төрийн муу менежер гэж шантаажилдаг шүү дээ?

Төр муу менежер гэж ярьдаг нь хоцронгуй улс орнуудыг сүйрэлд оруулах гэж зориулан гаргасан зохиомол үг. Төр угаасаа хэзээ ч менежер байх ёсгүй учраас муу менежер гэсэн ойлголт байхгүй.

Харин төрд ажиллаж байгаа менежерүүд нь муу байгаа тухай ярь.

Харин  төр зохицуулагч байх ёстой. Төр эзэн нь байх ёстой. Харин төрд ажиллаж байгаа менежерүүд нь муу байгаа тухай ярь.

 Зориуд төрийг хүчгүйдүүлж, төрийн ажлыг нурааж байна.  Муу эрх баригчид байгаа нь төр муу гэсэн үг биш.

-Манай улс 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхдээ эдийн засаг, улс төрөө хоёуланг нь чөлөөлсөн гэдэг. Бусад орнууд жишээ нь Хятад улс төрөө хатуу чанга барьж байгаад эдийн засгаа чөлөөлсөн нь өнөөдөр дэлхийд тэргүүлэхэд хүргэж байна. Манай хоёуланг чөлөөлснийг хүмүүс шүүмжилдэг. Өнөөгийн 40-50 настай хүмүүс их чөлөөлөлтийн давалгаанд барьц алдсан.

Ер нь ардчилсан нийгэмтэй холбоотойгоор орж ирсэн нэг чухал өөрчлөлт нь институтицийн зах зээлийн эдийн засаг. Гэтэл зах зээлийн эдийн засаг, ардчилсан улс төрийн тогтолцоо бол хоорондоо холбоогүй зүйл. Холбоогүй гэдгийг хойд урд хоёр хөршийнхөө жишээнээс харж болно.

Урд хөрш маань улс төрийн хувьд комммунист, эдийн засгийн хувьд чөлөөт. Тэгсэн мөртлөө биднээс илүү сайхан явж байна.  Дэлхийд гайхагдаж байна.  Хойш хөршийн зах зээл нь төрийн зохицуулалттай. Ингээд харахаар ардчилсан тогтолцооны хувьд улс төр болон эдийн засгийн хооронд нарийн холбоос байхгүй гэж хэлж болно.

-Одоо төр засгийн зүгээс хувийн хэвшил буюу хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдийг дэмжинэ гэж компаниудад найр тавьж байгаа?

Баялаг бүтээгч гэж ард түмнийг хэлдэг. Гэтэл компаниуд гэж ойлгоод байгаа нь төөрөгдөл. Гэхдээ байхгүй зүйлийг бүтээж байвал тэр баялаг бүтээгч. Гэтэл манайхан уул уурхайн компаниудыг баялаг бүтээгч гэж ойлгодог. Тэд баялгийг дундраагчид шүү дээ.  

Харин оймс үйлдвэрлэж байгаа бол баялаг бүтээгч.

Баялаг бүтээгч гэж ард түмнийг хэлдэг.
-Өнөөдрийн энэ гаж тогтолцоог буруу гэдгийг ухаараад зоригтой алхам хийхэд асар их эсэргүүцэлтэй нүүр тулах байх. Учир нь гадны хөл гар, хөрөнгө оруулагчид, томоохон олигархиуд хүчтэй байгаа шүү дээ?

Тэгэх нь тодорхой. Гэхдээ тулахгүй гээд яах вэ. Өөрчлөх л ёстой.  Өөр ямар ч зам байхгүй. Уул уурхайн эдийн засгийн хувьд хөгжлийн эхэн шатанд байх ёстой учир тэднээс капиталыг нь хурааж цуглуулж авах ёстой. Цуглуулж авснаараа баялгийг бүтээх учиртай.

Өнөөдрийн эдийн засгийн хүрээнд авч байгаа бодлогууд нь монголын эдийн засгийн аврахгүй. Зүгээр л өнөө маргаашаа аргацааж байна. Маргааш амьдрахгүй юм шиг шийдвэрүүдийг гаргаж байна.

1960 онд солир унана гээд бүх хүмүүс байгаа хоолоо идэж уугаад согтуурч солиорсон гэдэгтэй адилхан сэтгэхүйгээр өнөөдөр амьдраад байна.

Эргэн төлж чадахгүйгээ мэдсээр байж зээл аваад л.  Эдийн засгийн шийдэл гэхээс илүү зээл авах нөхцөл бололцоог бүрдүүлэх хууль батлах гэж л зүтгээд, өнгөцхөн сэтгээд байна.

Эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулах, мөлхүүлэх арга хэмжээг явуулсаар байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.