Л.Дондог: Нягтлан бодогчдын ёс зүй гэдэг маш чухал асуудал
Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Л.Дондогтой ярилцлаа.
Сурвалжлагч: Манай сэтгүүлийн газраас таньтай анх удаа ярилцлага зохиож байна. Та өөрийнхөө ажил үйлсийн замналаас товч танилцуулна уу.
Л.Дондог: За баярлалаа. Би 1966 онд Санхүү-Эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 1976 онд ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1986 онд докторын зэрэг хамгаалсан, 2006 онд Монгол улсын гавъяат эдийн засагч цолоор шагнагдсан, 2007 онд профессор цол хүртсэн дээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор 7 жил, ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас хүрээлэнгийн захирал хүртэл албыг 19 жил хашсан, 1993 оноос хойш Сангийн сайдын дэргэдэх нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч, Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газрын дарга, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн зэрэг албыг хашиж ирлээ.
Энэ хугацаанд 1993 оны нягтлан бодох бүргэлийн тухай хууль, түүний 2001 оны шинэчилсэн найруулга, 1997 оны Аудитын тухай хууль, түүний 2006 оны шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байлаа.
Англи хэлнээс НББОУС, СТОУС болон 90-ээд оны эхэн үеийн бүртгэлийн сурах бичгүүдийг орчуулах ажлыг зохион байгуулах, өөрөө редакторлах, шинэ бүртгэлд нийцсэн олон арван журмыг удирдан боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх, бүх аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад олон улсын стандартыг нэвтрүүлэх, аудитын компаниудыг шинээр байгуулах, арга зүйн удирдлагаар хангах гэх мэт олон ажилд гар бие оролцож иржээ.
Сурвалжлагч: Тэдгээр хуулиудыг боловсруулж батлуулахад хэр зэрэг бэрхшээлтэй тулгарч байв. Ер нь хэцүү байсан уу. Төслүүдийг нь Та боловсруулж байв уу?
Л.Дондог: Амар хялбар бүтдэг юм гэж хаана байхав. 1990-ээд оны эхээр би ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв. Тэр үед АНУ-д сургалтад яваад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, аудитын талаар нилээд их зүйлс суралцаж ирсэн. Ингээд анхны хуулийн төсөл дээр ажилласан, түүнийг УИХ-аар батлуулалх гэж нилээд зүдэрсэн дээ. Нэг кинон дээр “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хаана байлаа” гэдэг шиг, мэдэхгүй чадахгүйн зовлон тохиолдож, УИХ-ын гишүүдэд хичээл зааж байж билээ.
Мөн 1997 онд Аудитын тухай хууль УИХ-д оруулах гэтэл өмнө нь гавъяат хуульч Чимэд гуай бас нэг Аудитын тухай гэсэн хуулийн төсөл өргөн барьсан байсан. Энэ хоёр төсөл зарчмын асар их зөрүүтэй. Чимэд гуайн хууль шүүх магадлангийн хууль гэмээр агуулгатай, миний төсөл орчин үеийн олон улсын аудитын тогтолцоог тусгасан байсан. Ингээд Чимэд гуайтай зохицох тохирох гэж том давааг давсан. Хожим нь Чимэд гуайтай уулзахад “Аудитын тухай хууль миний толгой дээр Дондогийн бөгсийг залгаад бүтсэн юм шүү” гэхээр нь “дан бөгс бишээ, миний чээж, бөгс, гар, хөлийг нэмж Аудитын хууль гарсан шүү” гээд хөхрөлдөж байж билээ.
Сурвалжлагч: Одоо энэ хоёр хуулийг хоёуланг нь өөрчилнө гэсэн биз дээ. Чухам ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
Л.Дондог: Нийгмийн амьдрал асар хурдацтай шинэчилэгдэж өөрчлөгдөж байна. Өнгөрсөн зууны сүүлчээр нийгмийн хөгжил 5-аас 10 жилд өөрчлөгддөг байсан бол одоо 2-3 жилийн дотор нийгэм эдийн засгийн үндсэн ойлголтууд шинэчилэгддэг болжээ. Иймээс энэ 2 хуульд шинэчилсэн найруулга хэрэгтэй болоод байна.
Тухайлбал, нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд нь өөрчлөлт оруулах бүр тодруулбал тухайн объектын удирдлага зохион байгуулалтын бүтэц, арга ажиллагаа буюу технологи түүнийг хөдөлгөгч мэргэжилтэн, мэргэжлийх нь хувьд ч шинэчлэл шаардагдаж байна.
Сурвалжлагч: Нягтлан бодох бүртгэл, аудитын салбарыг одоо Сангийн Яам удирддаг гэж хүмүүс ойлгодог, тэгэхээр үүнийг өөрчлөх гэсэн санаа байна уу?
Л.Дондог: Арай ч тийм биш л дээ. Нягтлан бодох бүртгэл, аудитын бодлогыг Сангийн сайд буюу Сангийн Яам барьж байх нь зөв гэж үздэг. Гэхдээ орчин үед төрийн захиргааны удирдлагын онолын төвшинд нэг чухал зарчмыг ярьдаг болсон.
Энэ нь төрийн бодлого тодорхойлох, уг бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих гэсэн 3 үүргийг нэг гарт төвлөрүүлж болохгүй. Хэрэв энэ гурав нэг гарт байвал хүнд суртал, хөшүүн хойрго байдал, авилгал үүсэх нөхцөл бүрдэнэ гэдэг.
Энэ онолын үүднээс авч үзвэл, Сангийн Яам салбарын бодлогыг тодорхойлж, дүрэм, журам баталдаг, тэр бодлогыг нь өөр нэг байгууллага хэрэгжүүлдэг, хэрэгжилтэнд нь Сангийн Яам эргээд хяналт тавьж, тайланг нь сонсдог байх явдал юм.
Ингэхлээр энэ хуульд тусгах ёстой нэг амин чухал асуудал бол Сангийн Яамны баталсан төрийн бодлогыг хэрэгжүүлдэг байгууллагыг бий болгох явдал мөн. Ийм байгууллага байхгүй учраас НББ-ийн талаарх төрийн бодлого хэрэгжихгүй байна.
Сурвалжлагч: Таны энэ ярьж байгаа шинэ байгууллага ямар зарчимаар ажилладаг, ямар санхүүжилттэй байх бол. Та юу гэж бодож байна?
Л.Дондог:Гадаадын бараг бүх оронд байдаг Нягтлан бодох бүртгэлийн стандартын хороо юм уу түүнтэй төстэй байгууллагыг байгуулах цаг нь болсон гэж үзэж байна. Стандартын хороог байгуулах хэд хэдэн арга хэлбэр байж болно.
Нэгдүгээрт, Сангийн яамны шууд харъяанд улсын төсвөөр санхүүждэг төсөвт байгууллагын хэлбэрээр, хоёрдугаарт, дээр дурдсан стандартын хорооны үүргийг аль нэгэн шаардлага хангасан төрийн бус байгууллагад гэрээгээр гүйцэтгүүлэх арга байж болно. Гадаад орнуудад хоёр дахь хэлбэр нь ихэд дэлгэрсэн байдаг. Энэ нь дараах шалтгаантай:
- Энэ стандартын хороо буюу төрийн бус байгууллага нь өөрсдийгөө санхүүжүүлэхийн тулд нягтлан бодох бүртгэлийн олон аргачлал, зөвлөмжийг боловсруулж, хэвлүүлж борлуулах, сургалт зохион байгуулах зэргээр маш идэвхитэй ажилладаг. Ингэснээр бүртгэлийн ажлыг сайжруулахад маш их нөлөөтэй.
- Төрөөс хараат бус улс төрийн оролцоогүй ,зөвхөн мэргэжлийн хүрээнд өөрийгөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг учраас салбарын шилдэг мэргэжилтнүүд удирдлагад ажилладаг. Иймээс мэргэжлийн үйл ажиллагааг удирдах үүргийг сайн хэрэгжүүлэх боломжтой.
- Энэ байгууллага Сангийн яамны тодорхойлсон бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ талаарх эрх үүрэг, хяналт тавих асуудал нь Засгийн газрын тухай хуулийн дагуу төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх зарчмаар зохицуулагдах боломжтой.
Сангийн яам, төрийн холбогдох байгууллага энэ стандартын хорооны үйл ажиллагаанд хяналт тавихын тулд удирдах зөвлөлд нь өөрийн төлөөлөгчдийг томилон ажиллуулдаг байж болно. Нягтлан бодох бүртгэлийн энэ удирдах шинэ байгууллага дараах үүргийг хэрэгжүүлдэг байх нь зүйтэй.
- СТОУС-ыг хэрэгжүүлэх салбар тус бүрийн онцлогт нийцсэн аргачлал зөвлөмжийг боловсруулж Сангийн яамаар батлуулах
- Шинэ байгууллага нь орон нутагт зөвлөгөө өгөх төвүүдтэй байх бөгөөд түүгээр дамжуулан олон улсын стандартыг аж ахуйн нэгж байгууллагад нь хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулдаг байх
- Байгууллагын нягтлан бодогч нарыг мэргэжлийн мэдээлэл зөвлөгөөгөөр хангах
Сурвалжлагч: Энэ шинэ байгууллага байгуулагдсаны дараа Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газар ямар үүрэгтэй байх вэ?
Л.Дондог: Нягтлан бодох бүртгэлийн шинэ байгууллага байгуулагдлаа гээд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын үйл ажилагаанд өөрчлөлт орохгүй.
Одоогийн гүйцэтгэж байгаа үүрэг цаашид үргэлжлүүлэхэд тэдэнд хангалттай ажил бий. Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлох, холбогдох аргачлал, заавар журам, стандартуудыг хянаж батлах гэдэг бол асар их үйл ажиллагаа шаардах том ажил юм.
Үүний зэрэгцээ төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай. Энэ бол Сангийн яамны нэг гол үүрэг байх болно.
Сурвалжлагч: Нягтлан бодогчдын ёс зүйн асуудлаар танай хүрээлэн нилээд ажил хийдэг гэсэн. Энэ асуудал хуулийн төсөлд тусгагдсан байгаа юу?
Л.Дондог: Нягтлан бодогчдын ёс зүй гэдэг бол маш чухал асуудал байдаг. Аливаа байгууллагын нягтлан бодогч бол төрийн эсвэл хувь хүмүүсийн өмч, хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар хөдөлгөх үүрэг бүхий санхүүгийн менежер, бас хөрөнгийг хамгаалагч нь байдаг. Бусдын үлэмж хэмжээний хөрөнгө дээр ажиллаж байгаа аливаа хүн ёс зүйтэй байх ёстой.
Энэ шаардлагаар Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбоо “Мэргэжлийн нягтлан бодогчын ёс зүйн дүрмийн үндсэн зарчмууд”-ыг баталж гаргасан байдаг. Үүнийг үндэслэн манай хүрээлэн “Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан. Манай хүрээлэнгийн гишүүн болж энэ дүрмийг мөрдөж явах сонирхолтой нягтлан бодогчдыг өнгөрсөн онд бүртгэх, тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулсан.
Олон нягтлан бодогчид манай хүрээлэнгийн гишүүн болж тангараг өргөсөн. Бид анх нэг их олон нягтлан бодогч тангараг өргөхгүй байх гэж бодож байтал хоёр сарын дотор 800 хүн элсэж тангараг өргөсөн. Үүний цаана ямар сонирхол байгааг судалж үзэхэд нягтлан бодогч хүний хувьд Мэргэжлийн нягтлан бодогчийн тангараг өргөнө гэдэг бол нэр төрийн хэрэг гэж үздэгт байгаа юм билээ.
Зарим том компани бүх нягтлан бодогч болох 60 гаруй хүнээ явуулж тангараг өргүүлсэн тохиолдол ч бий. Энэ дүрэм гарснаар нягтлан бодогчид ёс зүйн талаарх ойлголт мэдлэгтэй болж, хориглосон заалтуудыг ямагт санаж, элдэв зөрчлөөс өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн бэлэн байдлыг хангахад хамгийн гол ач холбогдол нь оршиж байдаг.
Мөн нягтлан бодогчид тангараг өргөсөн учраас буруу үйлдэл хийхгүй гэсэн сэтгэлгээг олон түмэнд ойлгуулах ач холбогдолтой. Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм манай сайтад тавигдсаны дараа нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг олон дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт орсон байсан.
Энэ ёс зүйн дүрмийг оюутан үеэс нь мэргэжилтнүүдийн ухамсарт суулгаж өгөх шаардлагатай. Цаашид бүх нягтлан бодогчоор судлуулах, хэрэгжилтийг нь хянадаг байх тогтолцоог энэ хуулийн төсөлд тусгах нь зүйтэй байгаа юм.
Сурвалжлагч: Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт манай улсад хэр нэвтэрч байгаа цаашдын хандлагын талаар ярина уу?
Л.Дондог:Олон улсын стандартын нэвтрэлтийн байдлыг хэлбэр талаас нь авч үзвэл улсын секторт бараг 100 хувь, компаниудын хувьд 80 орчим хувьтай байгаа. Харин чанар буюу агуулга талаас нь авч үзвэл дээрх тоо буурах байх. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын гурван стандарт бий. Үүнд:
- Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)
- Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)
- Жижиг дунд аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (ЖДААН-ийн СТОУС)
Эдгээрээс УСНББОУС-ыг нийт төсөвт байгууллагад мөрдөх юм. Харин СТОУС-ыг олон нийтийн ашиг сонирхол бүхий компани, том аж ахуйн нэгжид мөрдөнө. Мөн ЖДААН-ийн СТОУС-ыг жижиг болон дунд хэмжээний аж ахуйн нэгжид мөрдүүлнэ гэвэл түүнд Монгол улсын нийт аж ахуйн нэгжийн бараг 95 хувь нь хамаарагдах юм.
ЖДААН-ийн СТОУС-ыг мөрдүүлэхэд нилээд маргаан гардаг, ямар хэмжээний байгууллагыг түүнд хамааруулах асуудлыг хуульд тодорхой заахаас эхлээд зарим дунд хэмжээний аж ахуйн нэгж түүнийг мөрдөх нь нэр төрөө унагасан хэрэг болно гэж үздэг явдал бий.
Энэ стандарт анх батлагдахаасаа олон улсын хэмжээнд маргаан дагуулсан одоо ч тасраагүй байгаа юм. Манай орны хувьд бүх аж ахуйн нэгж адилхан СТОУС-ыг мөрдөж байхаар хуульчилбал олон талын ач холбогдолтой юм.
Өөр нэг чухал асуудал бол үндэсний стандарттай болох нь чухал байна. Олон улсын стандартыг орчуулахын оронд түүнийг хэрэглэх үндэсний стандартыг Сангийн яам батлан гаргадаг байвал зохино. Гэхдээ үндэсний стандарт нь олон улсын стандарт шиг биш, харин аргачлал, журам шиг агуулгатай байж болох юм.
Олон улсын стандарт шинээр батлагдсаны дараа түүнийг орчуулах, хэвлэх, олон түмэнд хүргэх гэсээр хоёр жилээс багагүй хугацаа зарцуулдаг, бас тэр нь мэргэжилтнүүдэд ойлгомжгүй хэрэглэхэд бэрхшээлтэй зүйл байдаг. Иймээс орчуулсны дараа хэрэглээний тайлбар гаргах гэж бөөн ажил болдог.
Үүний оронд шинэ стандартыг шууд аргачлал, журам хэлбэрээр гаргавал цаг хөрөнгө хэмнэхийн зэрэгцээ олон түмэнд ойлгомжтой байх талаасаа ач холбогдолтой юм.
Сурвалжлагч: Нягтлан бодогч гэдэг" сайхан мэргэжил" гээд зарим нь ярьдаг. Мэргэжлийн хүний хувьд Та юу гэж боддог вэ?Мөн тэдний цалин хангамж, нийгмийн асуудал нь хэр байдаг вэ?
Л.Дондог: Аливаа юм сайн муу, сайхан муухай талуудтай байдаг. Сайн тал нь ажлын байр ихтэй, хичээвэл өсөж өндийх өргөн боломжтой, саар тал нь эрсдэл ихтэй л дээ. Аж ахуйн нэгж байгууллагын нийт мэргэжилтнүүдийн дотроос хамгийн их илүү цаг ажилладаг нь нягтлан бодогчид болох нь судалгаанаас харагддаг.
600 нягтлан бодогчдын дунд явуулсан судалгаагаар ажлын өдрийн үргэлжлэл дунджаар 10-13 цаг байдаг ажээ. Үүнээс болж эрүүл мэндийн эрсдэлд орох нь бусад мэргэжилтнээс илүү, тархи, мэдрэл, бодисын солилцоо, үе мөчний өвчнөөр илүү өвчлөмтгий байдаг байна.
Энэ нь тэдний амьдралын өртгийг өндөрсгөж байдаг. Мөн нягтлан бодогчид ингэж илүү цагаар ажилладагаас болж гэр бүлдээ анхаарал халамж тавьж чаддаггүй, гэр бүлийн дотор нэр хүнд тааруу, ийм учраас танилцах зарлалд "нягтлан бодогчоос өөр мэргэжлийн хүнтэй гэрлэнэ" гэсэн байх нь элбэг тохиолддог. Түүгээр ч барахгүй "Нягтлан битгий болоорой" гэсэн томоохон нийтлэл/Өнөөдөр2013.08.19/ зарим хэвлэлд гарах боллоо. Нягтлан бодогч бол эрсдэл ихтэй ажил юм.
Хоёр жилийн өмнө НӨАТ-ын хэргээр 1000 шахам компанийн захирал, нягтлан бодогчид хэрэгт холбогдсон. Энэ бол захиралынхаа тушаалыг биелүүлснээс болж гэмгүй хүн хэрэгт холбогдож байгаа юм. Зөвхөн 2010 онд Татвараас зайлсхийсэн 116 гэмт хэрэг Давж заалдах шатны шүүхээр орж шийтгүүлж байжээ. Ийм хүнд бөгөөд эрсдэлтэй ажил мөртлөө нягтлан бодогчийн цалин, нийгмийн халамж харцангуй бага байна.
Төрийн байгууллагын нягтлан бодогч 465.0-550.0 мянган төгрөгийн, харин том аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нэг сая гаруй төгрөгийн цалинтай байна. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ихэнхи нь ажилласан хугацааны болон тэтгэвэрт гарах үеийн хангамж, зэрэг, дэвийн нэмэгдэл эдэлдэг бол нягтлан бодогчдод тийм зүйл байдаггүй.
Дээр дурьдсан жишээгээр, төрийн байгууллагад сургууль төгсөөд орсон нягтлан бодогч 465,0 мянган төгрөгийн цалинтай байхад 20 жил ажилласан туршлагатай нягтлан бодогч 550.0 мянган төгрөгийн цалинтай байгаа нь зохисгүй байна. Цаашдаа нягтлан бодогчдын цалин, тэтгэмжийн талаар дараах 2 асуудлыг хуульд оруулах шаардлагатай:
-
нягтлан бодогчдыг тэргүүлэх, ахлах гэсэн мэргэжлийн зэрэгтэй болгож, цалинг нь тус бүр 20-30 орчим хувийн интервалаар өсгөх замаар цалинг нэмэгдүүлэх. нягтлан бодогчийг тэтгэвэрт гарахад нь улсын төсвөөс ажилласан жилтэй нь тэнцэх сарын цалингийн хэмжээний тэтгэмж олгодог болох.
-
Энэ тэтгэмжийг зөвхөн төсөвт байгууллагаар хязгаарлахгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажилладаг нягтлан бодогчдод ч улсын төсвөөс олгодог байвал зохино. Гэхдээ нэг болзол байх ёстой.
-
Энэ нь тухайн нягтлан бодогч аж ахуйн нэгж байгууллагад ажиллах хугацаандаа аливаа албан татварын талаар ямар нэгэн зөрчилд холбогдоогүй байх явдал юм. Хэрэв ийм урамшуулалтай бочихвол нягтлан бодогчид компанийн захиралын үгээр татварын тооцоо тайланд буруу зүйл хийхгүй болох юм.
-
Нягтлан бодогчдод урамшуулалын ийм хөшүүлэг хэрэглэхэд улсын төсвөөс зохих хэмжээний мөнгө гарах болно. Гэхдээ түүний үр өгөөж нь нягтлан бодогчдод олгосон мөнгөнөөс хавьгүй их байх юм. Энэ талаар нэг товчхон тооцоо хийж үзье. Жилд нэг зуу орчим нягтлан бодогч тэтгэвэрт гардаг юм билээ. Нэг хүнд 12.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно гэвэл нийт 1200.0 сая төгрөг төсвөөс гарна.
-
Татварын байгууллагын мэдээлэлээр 2010 онд татвартай холбоотой 98.8 тэрбум төгрөгийн зөрчил гарч байжээ. Энэ зөрчлийг дөнгөж 1.3 хувиар бууруулахад улсын төсвөөс нягтлан бодогчдод олгосон мөнгө бүрэн нөхөгдөх өөр байна. Яг энэ хөшүүргийг оновчтой хэрэглэж чадвал татварын зөрчил эрс буурах болно.
-
Бидний тооцоогоор дээр дурьдсан зөрчил 80 орчим хувиар буурахаар байгаа юм. Энэ нөхцөлд улсын төсвийн орлого 79,0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зарцуулсан мөнгөний өгөөж 66 дахин өсөх боломжтой юм. Ухаалаг төр гэдэг бол дутагдлаа ингэж засах ёстой болов уу гэж бодож байна. Энэ хоёр асуудлыг шинээр батлах гэж байгаа хуулийн төсөлд оруулж өгөөсэй гэж туйлын ихээр хүсч байгаа даа.
Сурвалжлагч: Шинээр томилогдсон байгууллагын дарга нар хамгийн эхлээд л нягтлан бодогчоо халж байгаа дуулддаг. Ер нь ингэх ёстой юу?
Л.Дондог Та маш чухал зүйл асуулаа, энэ бол хамгийн буруу зуршил даа. Улсын төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн шинээр томилогдсон дарга нягтлан бодогчоо сольдог нь гэм биш зан болсон.
Үүнийгээ тэд хамтран ажиллах багаа бүрдүүлж байгаа гэдгээр тайлбарладаг. Энэ бол үнэн хэрэгтээ төрийн өмчийг идэж завших нөхцөлөө бүрдүүлж байгаа хэрэг мөн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төрийн өмчийг идэж завшсан хэргийн цаана дарга, нягтлан бодогч хоёрын ямар нэгэн холбоо сүлбээ байдаг.
Ийм ойлгомжтой байхад төрийн өмчийг хамгаалах үүрэгтэй төрийн олон яам, агентлаг, албан тушаалтнуудын хэн нь ч дуугардаггүй, Энэ асуудлыг хуульд оруулъя гэхээр элдэв шалтаг хэлээд оруулдаггүй. Ийм шалтаг хэлж байгаа хүмүүс бол нөгөө идэгч нараа л хамгаалж байгаа хэрэг шүү дээ, өөр юу ч биш.
Хуулийн шинэ төсөлд төр өмчөө хамгаалахын тулд төсөвт байгууллага болон төрийн ба орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогчийг хэн нэгэн дарга дураараа халчихдаггүй, мэргэжлийн комиссын дүгнэлтээр халдаг болох талаар маш тодорхой заалтыг тусгаж, хэрэгжилтийг нь хянадаг байх хэрэгтэй.
Сурвалжлагч: Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг маш олон сургууль байгаа юм шиг байдаг. Ажлын байрны хэрэгцээнээс л ингэдэг байх даа. Одоо их, дээд сургуулиудын төгсөлт болж байна, бүх төгсөгчид ажилтай болно биз?
Л.Дондог: Манай улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо нэг зуун мянгаас хол давсан, тэднээс үйл ажиллагаа явуулдаг нь 60-70 мянга орчим. Тэгвэл нягтлан бодогч мэргэжилтэй хүний тоо 30 мянгаас их хэтрэхгүй. Ингэхээр ажлын байр байгаа хэрэг, гэхдээ шинэ төгсөгчид ажилд орно гэдэг нилээд сүрхий шалгуурыг давах хэрэгтэй болдог. Хамаг хөрөнгөө хүнээр мануулах вэ гэдэг зүй ёсны асуулт гарах нь ойлгомжтой.
Гэхдээ нэн даруй заларуулбаас зохих нэг гажиг байгаа л даа. Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэх ажиллагаа замбараагүй. Улсын сургуулийн НББ-ийн тэнхимд 20-30 багш байхад зарим хувийн сургууль нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг атал 2-3 багштай, их сургуульд 6 кредит цагаар үздэг хичээлийг зарим нь 2 кредитээр үздэг.
СТОУС-ыг ихэнхи хувийн сургууль заадаггүй. Ийм сургууль төгссөн хүн яаж байгууллагын нягтлан бодогч хийх юм бэ? чадахгүй ш дээ. Иймээс нягтлан бодогч мэргэжлээр төгсөгчдийг нэг шалгуураар хэмждэг болох хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл нягтлан бодогч мэргэжлээр төгсч байгаа бүх оюутнаас мэргэжлийн улсын шалгалтыг мэргэжлийн ТББ-аас бүрдсэн комисс нэг шалгуураар авдаг болох хэрэгтэй. Үүнийг хуульд тусгах шаардлагатай.
Сурвалжлагч: Тэгвэл сайн муу нягтлан гэж байхнээ дээ?
Л.Дондог: Тэгэлгүй яахав. Сайн нягтлан санхүүгийн менежментийг илүү сайн хийдэг учраас байгууллагыг өөд татна, харин муу нь байгууллагыг алдагдалд оруулна, хөрөнгийг нь хүнд өгөөд алдчихна, татварын тайланг буруу гаргаад торгуулна, даргаа ч хөөдөж магадгүй, бас өөрөө ч эрсдэлд орж мэднэ.
Байгууллагын дарга нар нягтлан бодох бүртгэлийн талаар тааруу мэдлэгтэй учраас нягтлан бодогчоосоо хараат болчихсон байх нь олонтаа байдаг. Компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллах чадвартай мэргэжилтэн мөн эсэхийг мэдлэг туршлага талаас нь шалгаж тогтоох, мөн ерөнхий нягтлангаар ажиллаж байгаа мэргэжилтэнг тухайн албан тушаалд нь мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Үүнтэй холбогдоод тэргүүлэх, ахлах гэсэн мэргэжлийн зэрэг байх талаар дээр ярьсан зүйл үүнтэй бас холбогдож байгаа юм. Шинээр гарах хуульд энэ асуудлыг бас оруулах шаардлагатай байгаа юм.