Экспертийн тойм: Ёс суртахуунгүйгээр хүн төрөлхтөн даяаршихгүй
Б.Оюунчимэг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн зөвлөх профессор, доктор (Ph.D), chimeg2454@yahoo.com,
2015.03.04

Экспертийн тойм: Ёс суртахуунгүйгээр хүн төрөлхтөн даяаршихгүй

Даяаршил, даяарчлалын мөн чанарыг ганц удаагийн илтгэлээр бүрэн гүйцэд илэрхийлэх боломжгүй ч өнөө цагийн Монголын нийгэм, эдийн засаг, монголчуудын соёл, ёс суртахуунд нөлөөлж байгаа зарим чанар, тэдгээрийн нөлөө, тэдгээрт хандах хандлага, сөргийг нь даван туулах арга замын талаар өгүүлэхийг зорьлоо. Аливаа юмс үзэгдлийн мөн чанар далд, цаана оршдог, түүнийг танин мэдэхэд хялбар биш байдаг жамтай. Энэ талаар уран үгийн нэрт мастер агсан Омар Хайям  “...Юмс үзэгдлийн нүдэнд харагдах гадаад тал нь дотоод мөн чанар нь байгаа тэр ёроолоос алс хол. Энэ дэлхийн нүдэнд харагдаж байгаа бүх зүйлийг ач холбогдол багатай гэж бодож бай. Учир нь юмс үзэгдлийн мөн чанар нүдэнд харагдахгүй далд, нууц байдаг” гэж хэлсэн байдаг. Гэсэн ч хүн төрөлхтөн танин мэдэхийг зорьсоор иржээ. Монголчууд энэ хоёр үзэгдлийн талаар үнэн зөв, шинжлэх ухаанч мэдлэгтэй болж, мөн чанарыг нь сайтар ухааран ойлгох шаардлагатай. Ингэж байж бид эерэгийг нь нутагшуулж, сөрөгийг нь даван туулж, бүр эерэгшүүлж чадна.

XX зууны хоёрдугаар хагасаас хүн төрөлхтөн “глобалчлал” хэмээх үгийг сонсож, хэрэглэж эхэлсэн. Глобалчлалын тухай ойлголт цоо шинэ зүйл биш юм. Түүнийг хөгжлийн үйл явц гэж үзсээр ирсэн байдаг. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор хэвлүүлсэн “Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь”-ийн Гадаад үгийн толь хэсэгт уг үгийг “даяаршил” хэмээн утгачилсан байна. “Глобалчлал” гэсэн нэр томьёоны үндэс болох “Глоб” нь бөмбөрцөг, дэлхий гэсэн утгатай “глобус” хэмээх латин үгнээс гаралтай бол “Глобалчлал” гэдэг үг бүхэлдээ дэлхийн, даян дэлхийн түгээмэл, нийтийн гэсэн утга санааг илэрхийлсэн франц үгийн хувилбар аж.

“Глобалчлал” хэмээх нэр томьёо гарч ирэхэд “Монголын нууц товчоо”-ны “Наран ургахаас шингэхүй хүртэл даяар...” гэсний утгыг бодож “даяаршил”, “даяарчлал” гэж нэрлэжээ.

 “Даяаршил” гэдэг нэр үгийн зэрэгцээгээр “даяарчлал”, “даяарших” хэмээх үйл үгийн хамтаар “даяарчлах” гэсэн үгсийг ч бид хэрэглэх болсон. Эдгээр үгсийн үндэс болох “даяар” нь  нийтээр, хотлоор, дэлхий даяар, даяар олноор гэсэн утга агуулгатай.

Глобалчлалыг “дэлхийчлэл”, харин даяаршлыг “дэлхийшил” гэвэл мөн чанарын хувьд тохирмоор. Хүн төрөлхтөн бид “Дэлхий” хэмээх нэг л гараг ертөнц дээр оршин амьдардгийн хувьд дэлхий даяар ойлголцох, суралцах, хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд нэгдэн нийлэх нь “дэлхийшиж” байгаа үйл явц.

Удамшил, нийгэмшил, иргэншил, цэвэршил гэх зэргээр аяндаа болж байгаа үзэгдлийг нэрлэхэд “-шил” дагавар хэрэглэдэг. Даяаршил, дэлхийшил нь зөнгөөрөө болж байгаа, зүй ёсны үзэгдэл. “...Дэлхийн хөгжилд жамаар болж буй үзэгдэл бүхэн даяаршил мөн”. /6/ Даяаршил нь зөвхөн нийгэм, эдийн засгийн амьдралд тохиолдож байгаа зүйл бус, түүнчлэн байгалийн төрөлх жам ёсны түгээмэл үзэгдэлд ч хамаатай. Даяарших үзэгдэл байгалиас үүдэлтэй гэж үздэг. Дэлхийн олон улс гүрэн газар орны ойр дөт байршилаа ашиглан илүү дотно хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Доктор, профессор Ц.Балхаажав “Даяаршил нь магадгүй хүн төрөлхтнийг байнга дагаж яваа ердийн том хууль ч байж болох юм” гэж үзсэн байдаг.  

Даяаршил нь шинэ үзэгдэл биш. Сүүлийн 500 жилийн хугацаанд техник, технологийн өөрчлөлтийн ачаар үндэстэн хоорондын хаалт, саад, газар нутгийн хол, ойрын нөлөөлөл багасч, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бэхжиж иржээ. Даяаршил тэгш шулуун өрнөлтэй үйл явц биш аж.

Харин даяарчлал нь гаднаас тусаж буй, жам ёсны бус, олдмол шинжтэй, бусдаас хамааралтай зүйл. Даяарчлалыг гаднаас тулгасан үйлдлийн үр дүн гэж үзэж болохоор. Жишээ нь, том гүрнүүдийн явуулж буй бодлого. Дэлхийд хүчээр хэрэгжүүлж байгаа тул уг үйлдлийг “даяарчлах” гэж нэрлэж байна.

Даяаршил нь гадны элдэв нөлөөгүй аясаараа, зөнгөөрөө явагдаж буй үйл явц, хөгжлийн жам ёсны, гарцаагүй зүй тогтлоор дэлхийн хөгжилд болж буй үзэгдэл бол даяарчлал нь хар аяндаа биш, бусдын хүсэл зоригоор, албадлагын шинжтэйгээр, ёс бусаар явагддаг үйл явц аж. Даяарчлал нь энэ зууны гол шинж болох бололтой.

“Даяаршил нь боломжууд ба сорилтуудыг хоёуланг өргөн барьж байна. Магадгүй гол учир нь боломжуудаас ашиг тусыг нь хүртэж, сорилтуудад нь хариу барихад оршиж байж болох юм”.                                        

Өнөөдөр даяаршлыг тогтвортой хөгжилтэй холбон ойлгож, хөгжлийг тогтвортой байлгах, даяаршлын үнэт зүйлсийг эрхэмлэх явдал нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндэс гэж тодорхойлж байна. Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаа, зарчимд тулгуурлан Монгол Улс XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байгаа. Даяаршлын үнэт зүйлс хөгжил дэвшлийн үндэс болно гэж онолын үүднээс үздэг бол даяаршлын нэг гол чанар тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмждэгт оршдог. “Даяаршлын ач холбогдлыг хүртэх бодлогын онолын үндэс нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”.

Даяаршихад барих үндсэн бодлого бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлал юм гэж судлаачид хүлээн зөвшөөрч байна.Тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль, нийгмийн хөгжлийн зүй тогтлыг алдагдуулахгүй байх, ёс суртахууныг дээдлэх тухайлбал, үүргээ ухамсарлах, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, сахилга бат сахих явдал юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал загварчлалаас хавьгүй чөлөөтэй, илүү өргөн бололцоо олгоно. Даяаршил тогтвортой хөгжил хоёрыг салгахын аргагүй аж. Тогтвортой хөгжлийг хангахад Дорно дахинд боловсруулсан дасан зохицох үзэл чухал үүрэгтэй. Тогтвортой хөгжлийн мөнхийн шинжтэй үнэт зүйлс нь шилжиж өөрчлөгдөж байх шинж чанартай капиталист ертөнцийн дэг журамтай нийцэхэд төвөгтэй.

Даяаршил ижилсэхийг тал бүрээр дэмжинэ. Даяарших явцад хүн төрөлхтөн, улс үндэстнүүд ижилсэж болно гэж үздэг. Даяаршил нь бага үндэстнүүдийн хувьд зайлшгүй үзэгдэл ч гэдэг. Даяаршлыг гарцаагүй, зүй тогтолт үзэгдэл хэмээн хэт хөл алдах нь зожигорч үлдэхээс дутахааргүй сөрөг үр дагавартай аж.  Даяаршил олон талын боломжийг олгож байна гэж үздэг. Тэдгээрийн заримаас дурдвал:

  1. Мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, хүн хүчээ ч дэлхий даяар солилцох боломжтой болж байна. Мэдээлэл холбооны технологи үсрэнгүй хөгжлийн үр дүнд ямар ч төрлийн мэдээллийг хоромхон зуурт авах боллоо.
  2. Чөлөөт худалдаа, олон улсын худалдаа хөгжиж байна. Эдийн засаг даяаршиснаар бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд борлуулах боломж нээгдэж, түүхий эдийн томоохон захуудаас түүхий эд авах болж, дэлхий дахинд борлуулж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ олон дахин өсөж, гаднаас хөрөнгө олоход хялбар болж, шууд хөрөнгө оруулалт өсөж байна. Хятадын эдийн засаг түргэн хөгжих байга нь  даяаршлын үр дүн хэмээн жишээ татсан байдаг.
  3. Бизнесийг олон улсын хэмжээнд эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа тэлэн хөгжүүлэх боломж нээгдэж, бизнес олон улсын шинжтэй болсоор. Даяаршлын үрээр үндэстэн хальсан, дамнасан корпорациуд бий болж, хамтран ажиллаж, хамтдаа  хөгжих боломжтой болж.
  4. Соёл, боловсролын талаар шинэ ойголтууд бий болж, олон ургальч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж ихсэж, олон улсын аялал жуулчлал хүрээгээ тэлсээр. Гадаадын бүтээгдэхүүн, соёлыг хэрэглэж, шинэ арга технологит суралцах болж. Улс үндэстнүүд соёлоо солилцох бололцоотой болж байна. Янз бүрийн соёлын өвөрмөц шинжүүд дэлхий даяар хаа сайгүй тархах болж. Соёл, урлаг, спортын тэмцээнүүдийн цар хүрээ, хэлбэр улам бүр өргөжиж, өндөр хөгжилтэй орнуудад суралцагчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь Монгол Улсын өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх нь лавтай. /2/
  5. Даяаршлын үр дүнд олон нийтийн байгууллагуудын үүрэг өсөн нэмэгдэж байна.
  6. Олон улсын шинжтэй гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа сайжирсаар.
  7. Дэлхий даяар ядуурлыг багасгах, ядууралтай тэмцэх “Ядуурлыг түүх болгон үлдээе” гэх мэт хөдөлгөөн өрнүүлж, ядуу орнуудтай худалдаа хийх, өрийг нь цуцлах явдлыг хөхиүлэн дэмжиж байна.
  8. Муу хүч, муухай үзэгдлийн эсрэг хүн төрөлхтөн, улс орнууд, хүмүүс нэгдэх, хамтран ажиллаж, олон улс хамтран терроризмаас олныг хамгаалж, террористуудын харгис үйл ажиллагаатай тэмцэж байна.

Даяарчлал 1500-гаад оны үед Барууны ертөнцийнхний эзэмшил нутаг орноо тэлэх, шинэ газар нутаг эзэмших гэсэн эрэл хайгуулаар анх эхэлж, сүүлийн 40-50 жилд ид хүчээ авч, түүний нөлөөнд автаагүй газар нутаг дэлхий дээр бараг байхгүй болж байна. АНУ-ын нэрт улс төр судлаач Томас Фрийдман даяарчлалыг XX зууны сүүлийн арван жилд болсон үзэгдэл  гэсэн байдаг.

Даяарчлал хүрээгээ улам бүр тэлж, улмаар энэ зууны гол шинж болох бололтой. Өнөөдөр даяарчлалын нөлөөний талаар дэлхий даяар ихээхэн ярих болж. Даяарчлал сөрөг үр нөлөөтэй байгааг илтгэн харуулах “анти-глобализм” хэмээх нэр томьёог ч бий болгож. Бидний олонх даяарчлалыг хол зүйл гэж үзэх нь бий. Гэтэл даяарчлал бидний өдөр тутмын амьдралд, иддэг хоол хүнс, өмсдөг хувцас хунар, уудаг эм, үздэг телевиз, уншдаг номонд хэдийнээ тусгалаа олжээ. Капиталист даяарчлалын нөлөөгөөр дэлхий ертөнц баруун тийш хүчтэй татагдан хэлбийв.

Нийгмийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхолтой ингэж адилтгах, бүр хувийн ашиг сонирхлыг нийтийнхээс илүүд үзэх нь хүн төрөлхтний шинжийг хэт гуйвуулж байгаа хэрэг. 

 Хүн төрөлхтнийг бүхэлд нь эрхшээн удирдах бүхий л хэрэгсэл тухайлбал, мөнгө, санхүү, эдийн засаг, соёл, байгалийн нөөц баялаг, мэдлэг боловсрол, хямд ажиллах хүч гэх мэт боломжууд, хүн төрөлхтний үнэт зүйлсийг булаан эзлэх үйл явц бол даяарчлал аж. Даяарчлал /глобалчлал/ хэмээн зальтайхан нэрлэсэн ч цаад мөн чанар нь дэлхийн улс орнууд, ард түмнүүдийг эрхшээлдээ оруулах гэсэн колоничлолын орчин үеийн халхавч, хүн төрөлхтнийг “нэг гарт хийж базах” гэсэн оролдлого гэсэн тодорхойлолт ч байх юм.

Даяарчлалын үйл явцыг хэрэгжүүлдэг арга хэрэгслүүд бий. Тэдгээрийн тоонд тухайлбал, эдийн засгийн хувьд хараат болгох, GMO буюу хүний генид өөрчлөлт оруулдаг орцтой  бүтээгдэхүүн, эм, “хүнсний” гэж тодотгосон элдэв төрлийн нэмэгдлүүд орно. Хүний генид өөрчлөлт оруулах бүтээгдэхүүнүүд зөвхөн өнөө цагт амьдарч байгаа хүмүүсийн төдийгүй үр удам, хойч үеийг нь удамшлын өвчтэй болгож, дархлааг нь сулруулж, улмаар устгаж ч мэднэ. Улс орнуудыг эдийн засгийн хараат болгох зорилгоо дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаар дамжуулан хангасаар байна гэж үздэг судлаачид ч байна. Бага буурай орнууд улс орныхоо хувьд шийдвэр гаргахдаа Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас “асуух”, тэдэнтэй “зөвлөх” хэрэгтэй болдог нь эрх, үүргийг нь “хязгаарлаж” байгаа хэрэг.

Даяарчлалын мөн чанарыг илэрхийлдэг, түүний зарчим нь болсон үүэгдлүүд байна. Үүнд:

Нэг. Өрсөлдөөн. Өрсөлдөөн нь даяарчлалын суурь зарчим. /7/ Даяарчлал газар авах тусам өрсөлдөөн чангарсаар иржээ.

Даяарчлалын баримталдаг нэг гол үзэл баримтлал бол геополитикийн реализм.  Геополитикийн реализм нь улс орны эрх ашигт тулгуурладаг бол нээлттэй нийгмийн идеализм нь хүн төрөлхтний эрх ашгийг илэрхийлдэг. XVIII зууны Европын соён гэгээрүүлэх үеэс эхлэн хүн төрөлхтний нийтлэг зарчмууд тусгаар улсын эрх ашигтай байнга зөрчилдсөөр иржээ. АНУ хүчирхэгжихийн хэрээр уг зөрчил улам бүр илэрхий болж, энэ хоёр мөргөлдөх бүрт

эхнийх нь ялж гардаг байж.

АНУ ихээхэн амжилтад хүрч, эдийн засаг, цэрэг дайны салбарт ноёрхож байна. АНУ-ын манлайлал эргэлзэшгүй, маргашгүй зүйл болов. Оргилд хүрсэн учир түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Эдийн засаг, цэрэг дайны явдалд өрсөлдөөн л удирдах зарчим болдог, түүний зорилго нь ялж гарах явдал. Эдийн засгийн салбарт ашиг орлого олоход саад болох бүхнийг зайлуулсаар энэ зорилгод хүрэх замыг засна.  Геополитикийн реализмыг цааш газар авахад хүргэж буй зүйл бол зах зээлийн фундаментализм.

Зах зээлийн фундаментализм нь учир шалтгааны хувьд алдаатай гаргалгаатай, нэг бол энэ, үгүй бол тэр, хар эсвэл цагаан гэсэн хандлагатай, төрийн оролцоог эс зөвшөөрдөг, чөлөөт зах зээлийг “туйлын зөв зүйл” гэж үздэг. Зах зээлийн реализм 1980-аад оноос бодлогод давамгай үүрэг гүйцэтгэх болжээ.

Хоёр. Ёс суртахууныг эс хэрэгсэх байдал. Даяарчлалд дутагддаг зүйл бол ёс суртахуун, ёс суртахууны хариуцлага, ёс суртахууны ач холбогдлыг эс ойшоох явдал.

АНУ-ын бодлогод ч дутагдаж байгаа зүйл. Ёс суртахуун ор тас байхгүй биш боловч байхдаа зах зээлийн фундаментализм, геополитикийн реализмын номчирхолд шахагдан гадуурхагдсан байдалтай байна. Ёс суртахууны зарчим туйлбартай бус байдаг гэдгээр шалтаглан түүний ач холбогдолд эргэлзсээр ирсэн гэж Жорж Сорос “Даяаршлын тухай” номондоо бичжээ.

Ёс суртахуунтай байхын ач холбогдлыг гуйвуулсаар аливааг ёс суртахуунгүй хийдэг болгож байна. Зах зээлийн фундаментализм, геополитикийн реализмын гол шинж нь ёс суртахуунгүйд байдаг аж. Өөрийн ашиг сонирхолд хориг тавихгүйгээр, огт хязгаарлахгүйгээр дагах нь бүх нийтийн эрх ашигт үйлчилнэ, хувийн ашиг сонирхлоо  хангах боломжийг аль болох сайн ашиглах ёстой гэж зах зээлийн фундаментализм үздэг.  Нийгмийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхолтой ингэж адилтгах, бүр хувийн ашиг сонирхлыг нийтийнхээс илүүд үзэх нь хүн төрөлхтний шинжийг хэт гуйвуулж байгаа хэрэг. Нийтийн ашиг сонирхол  нь  олны нийтлэг сонирхол юм. Хүн төрөлхтөн хүнийхээ хувьд нийтийн ашиг сонирхлыг хувийнхаас дээгүүрт тавих үүрэгтэй. Харин геополитикийн реализм нь хувийн сонирхлыг чухалчлах, үндсэрхэх үзлийг дэвэргэх, эх оронч үзлийн мөн чанарыг алдагдуулах зорилготой.

Хүн нэг бүрийн болон бүлэг хамт олны ашигч үзэл тогтвортой хөгжилд муугаар нөлөөлсөөр. Хувийн ашгийг дээдлэгч, ашигч үзлийг хязгаарласан нийгмийн ёс суртахуун хэрэгтэй байна. Барууныханд ч ёс суртахуун хэрэгтэй.  Хувийн ашиг сонирхлоо бүхнээс дээгүүр тавих, хар амиа хаацайлах үзэл ардчилалд аюул учруулж байна.

“Ёс суртахууныг огт авч хэлэлцдэггүй явдал нь онолын хувьд амжилт олох үндэс болсон бөгөөд тэр амжилт нь аливааг ёс суртахуунгүйгээр хийж болно гэж сэтгэдэг болгожээ. Бид амжилтыг шүтсээр ирэв. Баян чинээлэг бизнес эрхлэгч, сонгуульд ялсан улстөрчийг биширдэг. Тэд амжилтад хэрхэн хүрсэн нь бидэнд огт падгүй. Бидний алдаа энд байгаа юм” гэж Жорж Сорос тэмдэглэжээ.

Монголчууд бид даяарчлалын эдгээр нөлөөнд  автаж,  ёс суртахууныг эрхэмлэдэг уламжлалт сэтгэлгээгээ алдах ёсгүй. “Олны хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Олны хүч  оломгүй далай”,  “Олны төлөө явахад үйлс бүтнэ”, “Олзыг олуулаа” гэсэн философтой ард түмэн болох монголчууд даяарчлалын мөн чанар болох хар амиа хичээх үзлийн шуурганд тэсэж үлдэх шаардлагатай юм. 

Ямар ч нийгэм ёс суртахуунгүйгээр оршин тогтнох боломжгүй. Даяар нийгмийг ёс суртахуунгүйгээр байгуулж чадахгүй юм. Олон улсад хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтууд улс орон болгоны бүрэн эрх, ашиг сонирхолд нийцсэн байх ёстой атал ялангуяа улс төрийн бодлого нийт хүн төрөлхтний ашиг сонирхолд нийцэх нь улам бүр багассаар. Нийт хүн төрөлхтний ашиг сонирхлыг хамгаалахад илүү анхаарах хэрэгтэй байна.

Даяарчлалын сөрөг үр нөлөөнд автахгүй, даван гарахад ёс суртахууны зохицуулалт чухал үүрэгтэй. “Зохицуулалт” гэдэг нэр томьёог зохицуулах үндсэн зорилгын дагуу олон нийтийн эрх ашгийг хамгаалах зүйл гэдэг утгаар эдийн засгийн онолын салбарт анх хэрэглэсэн байдаг.   

Ёс суртахуун жам ёсны хууль тул түүнийг нийгэм, эдийн засгийн бусад зохицуулалтуудаас дээгүүр тавьж, жинхэнэ хүн ёсны хууль гэж дэвшилтэт  хүн төрөлхтөн үзсээр ирсэн, ийм ч байх ёстой. Ёс суртахууны зорилго эцсийн дүндээ хүний санаа бодол, үйл ажиллагаа, харилцааг зөв, сайн, зохистой руу чиглүүлэхэд оршдог. Ёс суртахуунгүйгээр хүн төрөлхтөн даяаршина гэдгийг төсөөлөхийн ч аргагүй.

Бид ямар нийгэмд аж төрж байна вэ?

 Мөнгө чухал болохыг ёрлосон (б. Хюбнер), хөгжил цэцэглэлт хөрөнгөжих явдалтай хосолсон (Дж. Грей), хөрөнгө мөнгө гол үнэлэмж болсон капиталист даяарчлалын эрин үед бид амьдарч байна гэж 2008 онд Сөүл хотноо хуралдсан Дэлхийн философийн XXII их хурлын материалд үндэслэн ОХУ-ын Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат ажилтан Вячеслав Мантатовын бичсэн “Капиталист даяарчлал бол хүн төрөлхтнийг боолчилж устгах шинэ хэлбэр мөн” нийтлэлд өгүүлжээ.  Тус хуралд оролцогсодын олонх ашиг олохыг хөөрөгдсөн капитализмаар хянагдаж буй даяарчлал нь хүн төрөлхтнийг боолчлон устгах шинэ хэлбэр юм гэж үзсэн бол Хятадын философич Куан Ши Ли “Технологиийн капиталист загвар экологийн хямрал, хүрээлэн буй орчны сүйрэл, байгалийн баялгийн хомсдол, баян хоосны туйлын ялгаа, ёс суртахууны доройтол авчирлаа” гэж хэлжээ. Хүний замбараагүй явдлыг даяарчилж байгаад сэтгэл зовинож явдгаа хуралд оролцогчид илэрхийлж, даяарчлалын уг чанарыг, хор уршгийг нь ухамсарлахын чухлыг тэмдэглэсэн байна.

Ёс суртахууныг үл ойшоосноор бохир мөнгө угаах, хар тамхи, зэвсэг, хүн наймаалах, биеэ үнэлэх, байгаль орчныг сүйрүүлэх зэрэг хөгжил дэвшилд саар нөлөө үзүүлэх муу муухай үзэгдлүүд даяарчлагдаж байна.

Гурав. Тэгш бус байдал. Даяарчлал нь дангаар ноёрхох санаархлыг агуулдаг. Дангаар ноёрхох үзэл нь бусад улсын бүрэн эрхт байдлыг хязгаарлах атлаа АНУ-ын бүрэн эрхийг бүх талаар хамгаалахыг шаарддаг байна.  

Улс орнууд зах зээлийн хувьд даяар болж байгаа ч даяар нийгэмтэй болоогүй байна. Даяар нийгэм ёс суртахуунгүйгээр, тэгш ёсыг баримтлахгүйгээр биелэлээ олохгүй. Тэгш ёс нь шударга ёсны нэг бүрэлдүүн хэсэг юм. Шударга ёс нь үнэн ёс, тэгш ёс, зүй ёсны нэгдэл. Алагчлалгүй, ялгаварлалгүй, адил тэгш хандах, харилцах, хуваарилах нь тэгш ёсонд нийцнэ. Тэгш бус байдлыг устгах, тэгш ёсыг тогтооход универсаль /дэлхий нийтийн, хүн төрөлхтний/ ёс суртахууны ач холбогдлыг дээшлүүлэх, хүн төрөлхтний ёс суртахууныг хаа сайгүй мөрддөг болох шаардлагатай юм. Хүн амын ядуурал, хүн амын эмзэг хэсгийн хамгаалалтгүй байдал нийгмийн шинжтэй үзэгдэл болжээ.

Дөрөв. Дорой буурай орнуудын баялгийг цөлмөх явдал. “Өөрийн газар шороог сүйтгэсэн улс үндэстэн өөрийгөө ч егүүтгэнэ” хэмээн Фрэнклин Д. Рузьвельт хэлсэн. “Газрын хэвлийд улсын гурав дахь хэлийг тогтоох ёстой”.  Газрын хэвлий дэх баялгаа бид олборлож болох ч өөрсдийгөө хордуулах, хохироох, гадныхны идэш ууш болгох замаар ашиглах ёсгүй юм. Дэлхийн их гүрнүүдийг уул уурхайн түүхий эдээр хангадаг олборлолтын хавсарга орон болж болохгүй.  Гадаадын компаниудын дарангуйлалд автах ёсгүй.

Эрдэс баялгаа олборлох замаар ашиг олж, эдийн засгаа өсгөх хүсэл улс орнуудад байсаар ирсэн ч бүгд баяжин хөлжиж, хөгжин дэвшиж чадаагүй байдаг. Ихэнх буурай орон байгалийн баялгаа нээн илрүүлж, гадаадад гаргаж эхэлмэгц дийлэнх иргэд нь улам ядуурдаг болохыг эдийн засагчид хэдийнээ ажиглажээ. Байгалийн баялгаа олборлож, гадаадад гаргасны дараа дотоодын үйлдвэрлэл буурч, зарим нь дампуурч, ажиллах хүсэлгүй хүн олширсноос ажилгүйдэл ихэсдэг амьдралын гашуун туршлага олон бий. Монголын эдийн засаг эрүүл бус байна гэж үздэг хүн цөөнгүй, бүр ямар өвчтэй болохыг нь ч тодорхойлсон байна. “Голланд” хэмээх өвчин манай эдийн засагт байдаг аж. Манай гавьяат эдийн засагч Ц.Даваадорж “Голланд өвчин”-ий монгол загварыг томьёолжээ,  Энэ өвчин уул уурхайн салбарыг нэрвээд зогсохгүй төр, засгийн үйл ажиллагаа, нүүдлийн мал аж ахуйд халдварладаг ажээ.

Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох хэмжүүр, үзүүлэлтүүдийг өөрийн нөхцөл байдалд тохируулалгүй, гадны улс орнуудын туршлагыг тэр чигт нь авч хэрэглэдэг нь эдийн засгийн бодит хөгжилд сөргөөр нөлөөлсөөр…

Өнөөгийнхөн гадаад хөгжил, гадаад эдийн засагт анхаарлаа илүүтэй хандуулж байна. “Эдийн засаг хэрэгтэй ч үүнээс илүү чухал зүйл бол бидний өвөг дээдсээсээ уламжилж ирсэн оюуны өндөр соёл, сэтгэлийн амар амгаланг бий болгодог ёс суртахуун юм.

Зах зээлийн эдийн засаг нь баяжихын цорын ганц эх үүсвэр, тансаг амьдрах боломж гэж томьёолдог “хэт чөлөөт зах зээлийн” хэмээх чиглэлийг баримтлагчдын ам, ажил хоёр тохирохгүй болж. Сүүлийн жилүүдэд дэлхий баян тансаг болж байгаа ч тэгш бусаар хөгжиж, өөрөөр хэлбэл хөгжлийн ба баялгийн ялгаа ихсэж, ядуу зүдүү хүний тоо олширсоор. Эрдэс баялгаа олборлох замаар ашиг олж, эдийн засгаа өсгөх хүсэл улс орнуудад байсаар ирсэн ч бүгд баяжин хөлжиж, хөгжин дэвшиж чадаагүй байдаг.

Тав. Янз бүрийн соёлуудыг бүдгэрүүлэх, алга болгох явууртай.

Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс пицца, гамбургер, кари, шарсан төмс идэж, кока-кола, пепси ууж, дэлхий нийтээрээ телевизийн нэг үзмэр /шоу/ үзэж, адилхан хэв маягаар хувцаслаж, нэг төрлийн хөгжим сонсож, чадсан чадаагүй нэг хэл /англи/-ээр ярьж байна. Төрөлх монгол хэлээрээ зөв ярьж, алдаагүй бичиж сурахыг эхэнд тавьж чухалчлахын оронд даяарчлалынхны хэл болох англи хэл рүү шуурч байна.

Ажил албыг ураг төрлийн холбоо харилцаанаас илүү чухалд тооцох болж, хүмүүс харь оронд очиж ажиллах, эх нутаг, гэр орондоо удаан хугацаагаар ирэхгүй байх нь хэвийн үзэгдэл болжээ.

Европын холбооны гишүүн болохын тулд улс орнууд өөрийн мөнгөн тэмдэгт, тусгаар эрх мэдлээсээ тодорхой хэмжээнд татгалзахад хүрч байна.

Зургаа. Даяарчлал хүрээгээ тэлэхийн хэрээр тусгаар үндэс, соёл, ёс заншил, уламжлал, шашнаа хадгалах гэсэн эрмэлзэл дэлхийн өнцөг булан бүрт бий болж, улам бүр хүчээ авч, эсэргүүцэл болох шинжтэй. Үүнийг С. Хантингтон “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” хэмээн тэмдэглэсэн байна. Энэ нь соёл иргэншлээ хэвээр нь авч үлдэх гэсэн жам ёсны эрмэлзэл юм.                                                        

Даяаршил, даяарчлалын   эрин үед монгол гэсэн болгоноо, монгол соёлоо тухайлбал, монгол хэл, ёс заншил, уламжлал, ялангуяа ёс суртахууны уламжлалт хэм хэмжээнүүдийг хамгаалах, үрэгдүүлэхгүй  үлдээх, улам хөгжүүлэн баяжуулах, уламжлуулан өвлүүлэх хэрэгтэй байна.

Хөгжлийн гадагшаа харсан, зөвхөн  эд зүйлсийг үйлдвэрлэх, борлуулах, хэрэглэхийг чухалчилсан, байгалийн баялгийг шамдан олборлох бодлогыг хөгжлийн дотогш хандсан бодлого болох өөрсдөө бүхнийг үйлдвэрлэх, оюуны баялгийг бүтээх, улс эх орныхоо, нийгмийн төлөө сэтгэлтэй хүмүүсийг хүмүүжүүлэн төрүүлэх бодлогоор солих, үгүй ядаж энэ хоёр бодлогыг хослуулах шаардлагатай байгаа юм.

Монгол Улс даяаршлын үйл явцад идэвхтэй оролцох бодлого явуулахдаа юм бүхнээ дэлхийн жишгээр болгоно хэмээн механикаар хуулбарлахгүй, өөрийн орны өвөрмөц, ухаалаг  загвартай болууштай. Даяаршил хэмээх дэлхийн хэмжээний усан санд сайн, зөв сэлэхийн тулд өөрийн орны хөгжлийн онцлогийг тусгасан, зарим талаар дангааршсан хөгжлийн шинэ загвар хэрэгтэй байна.

Ойлголт, нэр томьёог нэг мөр болгох шаардлагатай байна. Тухайлбал, даяаршил-дэлхийшил, даяарчлал-дэлхийчлэл, глоболчлал-даяарчлал гэж хэрэглэх нь үзэгдлүүдийн мөн чанарт нийцэж байгаа юм.