Монголын мөнгө хаачив?
Саяхан л Монголоор дүүрсэн байсан мөнгө хаачив? Үүний шалтгаан нь Монголын банк, санхүүгийн тогтолцооны гажуудал.
Банк нь зээл олгох замаар мөнгөн хуримтлал бий болгодог. Хэдий чинээ их зээл олгоно, төдий чинээ ашигтай ажиллаж зах зээлээ тэлдэг. Баялаг бүтээгчид банкнаас авсан зээлээрээ бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Энэ процессыг тухайн улсын Төв банк зохицуулдаг бөгөөд оновчтой мөнгөний бодлого явуулах нь түүний гол ажил. Тэгэхгүй бол инфляцийг хөөрөгдөж, мөнгөний ханш унана. Үнийн хөөрөгдөл болно. Төв банкны буруутай үйл ажиллагаа нь арилжааны банкуудыг дампуурахад хүргэнэ.
Манай улсын санхүүгийн зах зээлд банкууд ноёрхдог. Санхүүгийн тогтолцоо бараг дан ганц банкнуудаас бүрдсэн учраас зээлийн хүү нь өндөр. Өрсөлдөх боломж байхгүй. Монголын арилжааны банкууд нийт зээлийн 97 хувийг олгож байгаа нөхцөлд том компаниуд бага хүүтэй зээл авдаг байхад гарааны компаниуд зээл авч чаддаггүй. Иргэдийн хувьд цалин, тэтгэвэр, үйлдвэрлэлийн гээд банканд зээлгүй хүн ховор. Өнөөдөр Монголын жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа тэлэхийн тулд санхүүжилт хайж байна. Хэдийгээр банкууд арилжааны зээл олгодог ч тэр нь хэтэрхий өндөр хүүтэй.
Шинэчлэлийн Засгийн газар 2012-2014 онд санхүүгийн зах зээлийг тэлэх зорилгоор Монголбанктай хамтраад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчийг хэрэгжүүлсэн. 3 их наяд цаасан мөнгө хэвлэж зээлийн хэлбэрээр арилжааны банкуудад тараав. Зээл авсан банкууд уралдан зээл олгож эхэллээ.
Мөнгөний нийлүүлэлт 2011 онд 6412,2 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 18,8 хувиар, 2013 онд 1,5 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 1,6 дахин өсөж, 10 070,6 тэрбум төгрөгт хүрэв. Банкны системээс гаргасан нийт зээл 5641,2 тэрбум төгрөг байсан бол, 2012 онд 23 хувиар, 2013 онд 1,9 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 2,2 дахин нэмэгдэж, 12611,5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 2 их наяд 132,9 тэрбум төгрөг гаргажээ. Ийм байдлаар мөнгөний нийлүүлэлт огцом өслөө.
Зах зээлд хөрөнгө оруулсан мөнгө импорт болон гадагшаа гарч Монголчууд асар их хэмжээний өртэй үлдэв.
Төсвийн хөрөнгө, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны зээл, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шугамаар орж ирсэн асар их хэмжээний мөнгө дотоодын үйлдвэрлэлд шингэлгүй импорт болон гадагшаа урсаж Монголчууд үлэмж хэмжээний өртэй болж үлдлээ.
Дотоодын нийт хадгаламж 2014 оны 10 дугаар сарын байдлаар 6,9 их наяд төгрөг, зээлийн өрийн үлдэгдэл 12,7 их наяд төгрөгт хүрч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал 5,8 их наяд төгрөгөөр алдагдсан үзүүлэлттэй гарчээ. Банкны систем тэр чигээрээ зээлийн эрсдэлтэй болж ирлээ.
Хугацаа хэтэрсэн зээл 2011 онд 73,7 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 1,5 дахин, 2013 онд 1,6 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 6,1 дахин тус тус өсч 450,6 тэрбум төгрөгт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн их хямралын үеийн 2009 оны 121,7 тэрбум төгрөгийн түвшингээс 3,7 дахин өссөн байна. Чанаргүй зээл 2012 онд 295,1 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 1,9 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 2 дахин тус тус өсч 606,3 тэрбум тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь дэлхийн эдийн засгийн их хямралын үеийн 2009 онд 461,9 тэрбум төгрөгийн түвшингээс 31,3 хувиар давжээ.
Гадаад валютын нөөц 2014 оны есдүгээр сарын байдлаар 1,52 тэрбум доллар болж 2012 оны эцсээс 2,6 тэрбум доллараар буурчээ.
Хэрэв ахиад зээл авъя гэвэл богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авах болно.
Олон улсын зах зээлд Монгол улсын зээлжих зэрэглэл буурч найдваргүй зээлдэгч орнуудын тоонд шилжив. Хэрэв ахиад зээл авъя гэвэл богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авах болно.
Гэнэт идвэл гэдсэнд халтай гэдгийн үлгэрээр Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг дотоодын эдийн засгийн бүтэцтэй уялдуулалгүй их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь зээлийн хэмжээг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулж, эцэстээ банк санхүүгийн системийг хамарсан хямрал үүсэх нөхцлийг бүрдүүлээд байна. Эцэстээ хамаг ачаалал иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирнэ.
Ялангуяа Монгол улс 2017 оноос бондын өрөө төлж эхлэхэд гадагш чиглэсэн мөнгөний урсгал нэмэгдэж дотоодод валют хомсдоно. Тэр цагт халаас хоосорч хямрал даамжирна. Хэрэв Азийн хөгжлийн банк, ОУВС, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк гэсэн байгууллагууд зээл өгөхөө боливол байдал улам хүндэрнэ. Тэгээд ч тэд буяны байгууллага биш. Цаанаа хөрөнгө оруулсан эзэдтэй.
Бондын хүүгийн төлбөрийн тооцоолол. USD/MNT=1440 гэж тооцов.
Санхүүгийн тогтолцооны энэхүү гажуудлыг засч, эдийн засгийн хүндрэлийг давахад юуны түрүүнд эдийн засаг дахь үргүй зардлыг багасгах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлдэг. Түүнчлэн зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болж байгаа ч бараг хөгжөөгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж үйлдвэрлэгчдэд мөнгө босгох үүд хаалгыг нээх хэрэгтэй юм.