Хямралтай танилцсан түүх (Хошин өгүүллэг)
“Эдийн засгийн хямрал гэгчтэй танилцаад би удаагүй байна. Би дундаж орлоготой, хоёр идэж, хоосон хоночихооргүй жирийн нэгэн айлын хүүхэд. Манайх дэлгүүр ажиллуулдаг. Эцэг, эхийн буянаар баргийн юмаар дутсангүй өслөө.10-р анги төгсөх хирд тэд маань намайг гадаадад сургуульд явуулах юм болж нэг хэсэг бужигнав. Би ч нэг их сэтгэл хөдлөн хүлээж авсангүй, “явж дээ” гэж бодлоо. Найзууд гадаад явах тухай мэдээг сонсонгуут энэ чухал үйл явдлыг тэмдэглэхийг хүслээ. Үдэшлэг, зугаалга, үдэлт зуны хоёр сар үргэлжлэх нь тэр. Эцгийн гэрээс холдох гэж байгаа «том хүн» учир аав, ээж хоёр нэг их юм хэлсэнгүй. Тэнгэр бүүдийсэн, дотор эвгүйрсэн нэг өглөө явах цаг болсныг мэдлээ. Тэр өдөр ойр дотны хүмүүсийн ерөөл, сургаал хоёрт пологдож, эцэстээ чих шунгинах шиг болов. Эрдэм ном их сураад ирээрэй гэхэд нь, ахиухан мөнгө явуулж байгаарай, гадаадад мөнгөгүй л бол амьтан болно. Хангалттай мөнгөтэй бол сурахыг ч үзүүлээд өгнө гэж томорлоо. Тэр үед би насанд хүрсэн байсан ч, яг л хүний төлөө амьдарч байгаа юм шиг загнадаг байлаа. Сургуулийн төлбөрт хэдийг төлсөнийг сонирхож асуугаагүй гээд бод доо. Тэр байтугай онгоцны буудал руу явж байхдаа чирж яваа чемоданд юу бэлдэж хийснийг ч мэдээгүй байв. Айлын ийм нэг эрх танхи хүүхэд анх удаа хилийн дээс алхаж билээ.
Ирээд тун удалгүй дээд курсын хэдэн оюутантай танилцаад авлаа. Тэд дотуур байранд орох, эмнэлгийн үзлэгт орох зэрэгт надад тусалж, хичээлтэй холбоотой зарим зүйлийн нарийн ширийнийг хэлж өглөө. Энэ том хотын үзэх ёстой нэлээдгүй газраар дагуулан явж, би гэдэг хүн хэдэн өдрийн турш соёлыг гайхав. Тэдний хэлснээр гайгүй гэсэн хэдэн шөнийн клубээр ч «зочлоод» амжлаа. Гэхдээ мөнгө зөвхөн миний халааснаас гарна. Би ч тэдний тусыг санаад, нэг л их өгөөмөр зан гаргана. Гадаадад сурах тийм ч хэцүү бус санагдаж, ээжийн хэлсэн сүрхий сэрэмжлүүлсэн үгийг санаад битүүхэн инээд хүрэв.
Эхэндээ эцэг, эх маань амласнаараа сар болгон мөнгө явуулдаг байлаа. Гэтэл “эдийн засгийн хямрал нүүрлэлээ” хэмээн газар сайгүй ярих болов. Үүнийг сонсоод надтай хамт сурахаар ирсэн зарим оюутнууд сэтгэл зовсон царай гаргаж, хөмсгөө зангидаж байхийм. Телевизийн мэдээгээр ч өдөр алгасалгүй хямралын талаар ярьж, сүр бадруулж байв. Энэ бүхнийг хараад, “ надад ямар хамаа байнаа” гэх ухааны юм бодов.
Сарын эцэс дөхөөд, дараа сарын мөнгө картанд орж ирэх цаг болж, дансаа шалгатал мөнгө байсангүй. Гайхсан гэж жигтэйхэн. Хэргийн учрыг олохоор гэрлүүгээ залгахад, “барааны үнэ тэнгэрт гарч, төгрөгийн үнэ навс унасан, манай дэлгүүр орлого өгөхгүй байна. Тиймээс энэ сард чамд мөнгө явуулж чадахгүй нь. Чи ер нь их мөнгө үрдэг. Яаж ийгээд өөрийгөө аргацаа. Чи эдийн засгийн чиглэлээр сурч байгаа хүн үүнийг ойлгох ёстой” гэх нь тэр. Аянга ниргэх шиг л болов. “Төгрөгийн үнэ унах надад ямар хамаатай юм. Би энд мөнгөгүй хэцүүдэж байна. Хурдан мөнгө явуул” хэмээн харилцуураар зандрав. Эцэст нь гэрийнхний арга тасарсан яриаг сонсоод энэ сард мөнгө авч чадахгүй гэдэгтэй эвлэрлээ. Хэтэвч, хөргөгч хоёр хоосон, энэ сард мөнгө авахгүйг санах тусам айдас төрнө.
Энэ л үед би хямрал гэж юу болохыг ойлгов. Намайг мөнгөгүй болсныг мэдээд дээд курсын нөгөө хэдэн нөхдөөс утсаа авах хүн олдсонгүй. Хамт ирсэн нэг таньдаг оюутнаас гуйж, гувшин жаахан мөнгө зээлдлээ. Хямрал надад яаж харгис хандаж, хүнд цохилт буулгасныг өдөр өнгөрөх тутам ойлгож байлаа. Амралтын өдрүүдээр зугаалахаар явдаг байсан ойролцоох хотууд холын Америк шиг, заримдаа үүр цайтал суудаг байсан шөнийн клубууд хааны ордон шиг санагдана. Хямрал намайг зүгээр нэг дайраад өнгөрсөнгүй, газар сайгүй мөшгөж эхлэв. Дэлгүүрт ороход юуг худалдаж авах хэрэгтэй, юуг хэрэггүйг нэгд нэггүй зааварчилна. Урьд өмнө эцэг, эх маань ч ингэж зааварчилж байгаагүй. Юу хүснэ, түүнийгээ би авдаг байв. Шөнө унтаж байхдаа, дараа сард бас л мөнгө авч чадсангүй гэж зүүдэлнэ. Ийм зүүд дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киноноос ч илүүтэй айдас төрүүлэхийг яана.
Хямрал намайг найзгүй, ганцаардмал нэгэн болгож хувиргалаа. “Хөргөгч ахиад хоосрох цагт яана даа ” гэж бодохоос дотор муухайрна. Хэн нэгнийг хоол хийгээд өгөөч гэж гуйх ичгүүртэй. Хичээл тараад ирэхэд ширээн дээр халуунаараа байдаг байсан ээжийн гарын хоолыг үе үе дурсаж шүлсээ гоожуулна. Хямрал толгойноос хөл хүртэл миний биеийн бүх хэсгийг дайрч гарлаа. Зовлонгоо мартагнахын тулд номын сангаас авчихаад мартах дөхсөн сурах бичгээ сөхлөө . Өгүүлбэр бүрээр нь орчуулаад үзтэл энэ номонд эдийн засгийн хямралын тухай бичсэн болж таарав. Хэсэг хугацааны дараа, ходоод дундуур ч, согтож шартаагүй эрүүл толгой өмнөхөөсөө үр бүтээлтэй ажиллаж, би хичээлдээ дур сонирхолтой хандаж эхэллээ. Гадуур зугаалж, гутлын ул элээхээ ч болилоо. Сарын дараа гэхэд би нэгэн үйлчилгээний газар цагийн ажилтан болсноо эцэг, эхдээ дуулгав. Ингэж л би мөнгөний үнэ, хүчийг мэдэрч, мөнгийг яаж зарцуулах хэрэгтэйг ухаарсан юм даа. Хямрал чамд би их баярлаж явдаг шүү".
Москва хот. 2011 он.