Д.Оюунхорол: Үүргээ ухамсарлаж ажиллана
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2014.12.09

Д.Оюунхорол: Үүргээ ухамсарлаж ажиллана

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, зарим сайдыг үүрэгт ажилд нь томилоод байна.

Тэдний нэг нь  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Тэрбээр цаашид энэ салбарт ямар ажлуудыг хийхээр төлөвлаж байгаа, нэн тулгамдсан ямар асуудлаас ажлаа эхлэх вэ гэх мэт асуултад хариуллаа.

Тэрбээр “Боломж олгож, итгэл хүлээлгэсэн учраас  үүргээ ухамсарлаж ажиллана” гэлээ. 

-БОНХАЖ-ны сайд боллоо. Цаашдаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?

- Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах асуудлаар иргэний нийгмийн байгууллагаа, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамгийн эхэнд хамтарч ажиллана. 

 - Байгаль орчны салбараас хамгийн түрүүнд засч, залруулах шаардлагатай зүйлийг юу гэж харж байгаа вэ? 

-Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зарчмын асуудал. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой. Мөн тус салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг горимын дагуу хийдэг байх хэрэгтэй. Тэгэхээр байгаль орчныг хамгаалж, ногоон хөгжлийн бодлогыг дэмжих ажлыг цогцоор нь шийдвэрлэнэ.

Ингэхийн тулд мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллана. Манай зарим гишүүд Богд уулын дархан цаазат газарт газар олгосон асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асууж байна. Энэ асуудлыг хууль өргөн барьж шийдүүлэх ёстой гэж бодож байна.

Тухайн бүс нутагт олон иргэн, аж ахуйн нэгж газар худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр зах зээлийн хүнд хэцүү энэ цаг үед хүний барьчихсан үл хөдлөх хөрөнгийг нураана гэдэг шийдвэрийг төр гаргах нь зохимжгүй. Тиймээс дархан цаазат газрын хилийн бүс нутгийг хэрхэн тогтоох вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулж, хамгийн зүй зохистойгоор шийдвэрлэнэ. 

-Аялал жуулчлалыг хөгжүүлснээр улс орны эдийн засгийг тодорхой хэмжээнд дээшлүүлнэ гэж ярьдаг. Тус салбарыг авч явах хүний хувьд энэ чиглэлд яаж ажиллах вэ?

-Ер нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар нь монголын нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж амьдарч байгаа хүмүүстэй салшгүй холбоотой.  Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Ингэж Монгол Улсын эдийн засгийн хөшүүргийн нэг хөл болно.

Аялал жуулчлалын дэд бүтцийг боловсронгуй болгох тал дээр бодолгоо илүү их төвлөрүүлэн ажиллана. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед бүтэц орон тоог цомхон, чадварлаг болгоё, баялаг бүтээдэг яамдуудынхаа тоог нэмье гэдэг зарчмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Үүнийг би зөв гэж бодож байна. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалыг нэгтгээд аваад явах боломжтой.