Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргалаа
Ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна.
2014.11.24

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг гаргалаа

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдөр ихэнх нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх ажээ.  Иймд малчид, тариаланчид болон ойрын үед хөдөө орон нутгийг зорих гэж буй бүх хүмүүст зориулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд анхаарах,

Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн 2-ний өдөр. Өвлийн сар хэдийнэ айлчлан ирсэн ч Монгол орны нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан болон олон жилийн дундаж орчим байна. Уулархаг нутгаар цас орсон ч тал хээр нутагт намрын уур амьсгалтай хэвээр байгаа газар цөөнгүй. Гол нуурын ус бүрэн хөлдөөгүй, гүн хэсэгтээ нимгэн зайрмагтах төдий байгаа нь цөөнгүй ажээ.Зарим голын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см-ээр нимгэн байгааг  Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна. Тус газраас гаргасан сэрэмжлүүлэгт:

“Хүйтний эрч чангарч зарим гол, мөрөн мөстсөн хэдий ч зарим хэсгээрээ зузаан мөсөн бүрхүүл үүсээгүй учир мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг нийт иргэдэд сэрэмжлүүлж байна. Арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байга. Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур,орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна” гэжээ.

Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны байдал

1. Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудад өнгөрсөн арав хоногт мөсөн зах өргөсөн зузаарч, зарим газраа 10-35 см зузаан битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-15 см их харин олон жилийн дунджаас 5-20 см бага байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй, Суман, Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голд 10-40 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-10 см бага харин олон жилийн дунджаас 5 см орчим их байна. Харин Эг голын эх болон Урдтамир ба Хойттамир голд мөсөн бүрхүүл хараахан үүсээгүй гол цэвэр байв.

Сэлэнгэ мөрний дагууд тогтвортой мөсөн бүрхүүл ажиглагдаагүй ба мөн л мөсөн зах өргөсөн шингэн ба дунд зэргийн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байгаа бол Орхон голын нийт уртын дагууд 10-25 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба энэ нь олон жилийн дундаж зузаанаас 5-10 см бага , 2013 оны мөн үеийнхээс 10-15 см ахиу зузаантай байна.

2. Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд өмнөх арав хоногийн турш 10-35 см зузаан мөсөн бүрхүүл тогтож, харз, тошин гүйх үзэгдэл зонхилон ажиглагдсан байна. Энэ нь 2013 оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруунаасусжих Ховд, Сагсай, Турган, Харбут, Дундцэнхэр, Долооннуур, Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Шаргалжуут, Цагаантурут, Онги зэрэг голуудад 10-55 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Буянт, Булган, Түй, Таац зэрэг голд мөсөн зах өргөсөн зузаарч өтгөн, шингэн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байна. Алтай, Хангай нуруунаас усжих дээрх голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-10 см ахиу байна.

Увс нуурын сав газрын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг зэрэг голуудад 10-45 см зузаан мөсөн бүрхүүл үүссэн байдалтай байна. Энэ нь олон жилийн дунджийн орчим байна.