Монгол, Оросын хамтарсан комиссын 13 дугаар хуралдааныг зохион байгуулж байна
Хил орчмын гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хоёр улсын ард иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол, Оросын хамтарсан комиссын ээлжит XIII хуралдааныг 2014 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж ОХУ-ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч, Комиссын оросын хэсгийн дарга, дэслэгч-генерал Э.Н.Чижиков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Энэ удаагийн XIII хуралдаан зохион байгуулагдахаас хэдхэн долоо хоногийн өмнө Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэсэн. Тус хэлэлцээрт талууд ойн болон хээрийн газар нутгийн түймрээс хамгаалах бүсийг тогтоох, Монгол Улс болон ОХУ-ын хилийн шугамаас тал тус бүрийн нутаг дэвсгэр дээрх 10км өргөн зурвас хамаарах, талуудын төрийн захиргааны байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага хооронд хамтран ажиллана” гэж заасан юм.
Комиссын хуралдааныг хоёр улсын гамшгаас хамгаалах, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хамтран 1995 оноос хойш зохион байгуулж, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг осол, тухайлбал хил дамнасан гамшиг аюулт үзэгдэл, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг туршлага солилцож, ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах их үйлсийн төлөө хамтран ажиллаж байна.
2012 онд ОХУ-д ээлжит XII хуралдааныг зохион байгуулж Монгол Улс, ОХУ-ын хил орчмын аймаг, субъектууд хоорондын харилцан ажиллагаа, хил дамнасан онцгой байдал, ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, онцгой байдал үүсэж болзошгүй болон үүссэн тохиолдолд цаг хугацаа алдалгүй харилцан мэдээлж, шуурхай арга хэмжээ авч ажиллах, хил дамнасан түймэр, тэдгээрээс учрах хохиролыг бууруулах, Монгол Улсын Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдыг ОХУ-ын ОБЯ-ны академиуд болон сургалтын төвүүдэд сургах зэрэг цаг үеийн тулгамдсан олон асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож байсан юм.
Сүүлийн жилүүдэд манай хоёр улсад гамшиг ослын цагийн байдал хүндхэн, байгалийн гамшгаас үүдэн хүний амь нас, улс эх орны эдийн засагт учрах хохирол буурахгүй он жилүүд болж өнгөрсөн.
2013 онд Монгол Улсын хэмжээнд нийт 19 аймгийн 89 суманд 198 удаагийн ой, хээрийн түймэр гарч 5854 га ой, 5.601.953 га хээрийн бүс шатсан.
Тухайлбал 2013 онд Монгол Улсын хэмжээнд нийт 19 аймгийн 89 суманд 198 удаагийн ой, хээрийн түймэр гарч 5854 га ой, 5.601.953 га хээрийн бүс шатсанаас хил орчмын бүс нутгаар 20 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 9.2 сая га хээрийн бүс шатаж, 135.2 сая төгрөгийн хохирол учирсан бол хоёр улсын хил дамнасан 3 удаагийн түймэр гарсан байдаг. Харин 2014 он гарсаар Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 74 суманд 178 удаагийн ой, хээрийн түймэр гарч 3491 га ой, 1.603.958 га хээрийн бүс шатсан бол хоёр улсын хил орчимд 4 удаагийн түймэр гарч 14011 га хээрийн бүс сүйдсэн байна.
Байгалийн болон хүний хүчин зүйлтэй холбоотой эдгээр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын ажлын уулзалтыг 2014 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулсан бол Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөр байгалийн хязгаар дахь Ерөнхий газартай, Завхан, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газартай ажлын уулзалтуудыг 2014 онд багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
2012-2014 онд Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдаас ОХУ-ын ОБЯ-ны Гал эсэргүүцэх албаны академид зохион байгуулдаг "Гал унтраах ангийн захирагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт"-д 20, "Галын улсын хяналтын байцаагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-д10,ОХУ-ын Онцгой байдлын яамнаас Москва хотноо зохион байгуулдаг “Нэгдсэн аюулгүй байдлын үзэсгэлэн (ISSE)”-д 2, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх сургалтын төвд зохион байгуулагддаг “Усанд аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт”, “Усанд аврах ажиллагааны аврагч бэлтгэх сургалт”-д нийт 38 албан хаагч тус тус хамрагдсан бол Иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын мэргэжлээр магистрын зэрэг олгох хөтөлбөрт 2012-2014 онд нийт 30 албан хаагч элсэн суралцаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР