Р.Бурмаа: Намын дарга хувь хүний үзлээр хандах ёсгүй
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.11.12

Р.Бурмаа: Намын дарга хувь хүний үзлээр хандах ёсгүй

АН-ын булэг өчигдөр үдээс өмнөх хурлаараа хэлэлцээд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе

-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэзээ тодруулах вэ?

Үдээс хойших бүлгийн хурлаар дээрх гурван гишүүн маань эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаараа хөтөлбөрөө танилцуулна. Түүний дагуу гишүүд нууц санал хураалтаар сонгоно.

-АН-ын дарга Н.Алтанхуяг мэдэгдэл хийхдээ өөрийг нь унагах товчлуур дарсан гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн?

ҮЗХ-ноос АН-ын бүлэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах үүрэг өгсөн. Түүний дагуу бид ажиллаж байна. Нууц санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигчийг цаашаа өргөн барих нь АН-ын даргын үүрэг. Түүнээс биш, тэр хүнд таалагдах эсэхээр, хувь хүний үзлээр хандах ёсгүй. Яагаад гэвэл энэ бол намын даргын эрх биш үүрэг.

-Нууц санал хураалтаар тодорсон нэр дэвшигчийг ҮЗХ-гоор хэлэлцэх үү ?

Бүлгээс тодорсон хүн бусад нам, эвсэлтэй Эвслийн Засгийн газар байгуулах талаар яриа хэлэлцээрээ хийнэ. Бүлгээс мөн Ажлын хэсэг байгуулж, уг хэлэлцээрийг хийх юм. Бүх зүйлийг хууль, дүрэм журмын дагуу явуулж байна. Тэгж байж ҮЗХ-нд танилцуулна.