Э.Бат-Үүл: АН-ын их хурлаар баталгаажаагүй Н.Алтанхуяг дарга эрх зүйн чадамжгүй
Баасан гарагийн орой эхэлсэн ҮЗХ-ны хуралдааны өмнөхөн Төрийн ордны “Б” танхимд АН-ын “Шонхор”, МоАХ, нийсэлийн АН-ынхан цуглан хуралдсан юм. Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хуралдаан хоёр өдөр үргэлжилсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөв. ҮЗХ-оо “эсэргүү” найман гишүүнээ намаас нь хөөж болохгүй гэдэг дээр л санал нэгдэв. Харин Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг яагаад ч шийдэж дөнгөсөнгүй. Тэрхүү хуралдааны завсарлагаанаар Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл баатартай ярилцав.
-Сая завсарлаад байгаа энэ хуралд АН-ын ямар бүлгүүд оролцож байгаа вэ. Лав л “Шонхор”, МоАХ, нийслэлийн намын бүлгийн гишүүд цугласан юм шиг харагдаж байна л даа?
Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны хуралдаан болж байгаа юм. Зөвлөлдөх хорооны хурлаар өнгөрсөн аравдугаар сарын 18-нд АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай гарын үсэг зурж баталгаажуулсан хууль бус гэрээг хүчингүй болгох саналыг АН-ын ҮЗХ-нд оруулах тухай шийдвэр гаргасан.
Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооноос яагаад ийм шийдвэр гарч байгаа гэхээр тэр гэрээний есдүгээр зүйлд нийслэл, орон нутгийн байгууллагуудад нэр дэвшигчдийг дэмжиж ажиллах үүрэг ногдуулсан байгаа юм. Ухаандаа АН, МАХН-ын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг нийслэл, орон нутгийн намын байгуулагуудад үүрэг болгоод тулган хүлээлгэсэн хэрэг юм л даа.
Энэ нь яах аргагүй АН-ын нийслэлийн Зөвлөлдөх хорооны эрх ашгийг хөндсөн асуудал юм. Ийм ч учраас энэ гэрээг хүчингүй болгох зайлшгүй шаардлага гарч ирсэн. Та бүхэн санаж байгаа бол энэхүү гэрээг нийслэлийн намын даргын хувьд би анхнаас нь эсэргүүцэн шүүмжилсний дараа Н.Алтанхуяг дарга Н.Энхбаяртай хамт гарч ирээд тэрхүү гэрээгээ хүчингүй гэж зарлаагүй. Зүгээр л ҮЗХ-нд оруулна гэж хэлсэн.
Тийм ч учраас МАХН-ынхан одоо ч энэ гэрээг хүчин төгөлдөр гэж л үзсээр яваа. Аливаа гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог ёсоор өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ үүднээс тэрхүү гэрээг албаг ёсоор хүчингүй болгох нь АН-ын хувьд зайлшгүй хийх ёстой зарчмын асуудал болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл албан ёсоор шийдвэрээ гаргах ёстой.
-Нийслэлийн АН-аас таны нэрийг дараагийн Ерөнхий сайдад дэвшүүлсэн гэсэн яриа хүчтэй явж байна. Та энэд ямар нэгэн тайлбар хийх үү?
Энд би маш хариуцлагатайгаар ганцхан үг буюу “үгүй” гэдэг тайлбарыг л дахиад хэлчихье. Миний хувьд хамгийн эхлээд Улаанбаатар хотыг сонгуульт хугацаандаа чадлынхаа хэрээр хөгжүүлж, хүн амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлсэн, орчин үеийн мега хот болгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх л хамгийн гол зорилго минь юм.
Улаанбаатар хотод хийх ажил маш их байна. Миний хувьд үнэндээ өдрийн 24 цаг хүрэлцэхгүй үе их байна. Яг энэ цаг үед Улаанбаатар хотын захирагч гэдэг бол хамгийн хариуцлагатай, маш их ажилтай, эрч хүч, эв дүй шаардсан ажил болоод байна. Өмнөх ажлаа л хоёргүй сэтгэлээр эрч хүчтэй, урам зоригтой хийж гүйцэтгэх нь л хамгийн чухал.
Гол учир нь АН-ын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн жилүүдэд ерөөсөө ротаци хийгээгүй
-АН-ын олон лидерүүдийн нэр дараагийн Ерөнхий сайдад яригдаж байгаа. Таны бодлоор хамгийн боломжтой, итгэл даах нэр дэвшигч нь хэн хэн байна вэ?
Манай намын нэр нь өөрөө ардчилсан нам шүү дээ. Тэгэхээр дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших эрх нь хүн бүхний өмнө нээлттэй гэсэн үг л дээ. Зүгээр дахин хэлэхэд миний хувьд метрогоо хэн ч харсан нүүр улайхааргүй болгочихоод хүлээлгэж өгнө. Улаанбаатарчуудынхаа өмнө амласан амлалт гэж байна.
Улс эх орны нүүр царай гэж байна. Энэ том хариуцлагыг үүрч яваагийн хувьд би энэ удаа Ерөнхий сайдын сунгааг гаднаас нь харах ёстой юм. Олон нэр дэвшигч байгаа. Харин яг одоо тэр нь тийм, энэ нь ийм гэж шулуухан хэлэх нь ёс суртахууны хувьд эвгүйгээс гадна арай эртэднэ гэж дүгнэж байна. Эхлээд ҮЗХ-ноос нэрийг нь албан ёсоор тодруулсны дараа дараагийн асуудал яригдах ёстой л доо.
-Дараагийн намын даргын хувьд ямар хүн байгаасай гэж та бодож, дүгнэж байгаа вэ?
-Дараагийн намын даргын хувьд ганц л шаардлага тавигдана. Ер нь АН-ын түүхэнд урьд өмнө нь намаа хувийн компани шиг, хувийн халаасны нам шиг хандаж байсан түүх байхгүй. Урьд өмнө намын эв нэгдлийг ингэж хамаагүй хөсөр хаяж, дэндүү хувийн ашиг сонирхлоо тулган хүлээлгэж байсан түүх байхгүй.
Н.Алтанхуягийн хувьд яах аргагүй ардчилсан хувьсгалын эхнээс нь оролцсон, найз нөхдийн минь л нэг. Гэхдээ энэ хүн хэний ч үгийг сонсдоггүй, дэндүү хэнэггүй ганцаарчилсан тоглолт хийж АН-ын эв нэгдэл, маргаашийн ирээдүйд ноцтой хохирол учруулсан.
Н.Алтанхуяг даргын гаргасан удаа дараагийн алдаа дутагдал нь сүүлдээ бүр ёс суртахуун, хувь хүний моралийн хувьд ч хэтэрхий увайгүй шинж рүүгээ орчихсон. Ийм явдлыг гаргадаггүй, тэвчдэггүй хүнийг л дараагийн намын даргаар сонгох ёстой юм.
-Н.Алтанхуяг даргыг огцруулахаар кноп дарсан найман гишүүнээ АН-аас хөөх шийдвэр гарчихсан. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
Энэ шийдвэр нь өөрөө АН-ын дүрмийг зөрчиж байгаа юм. Бүр наад захын шаардлага хангахгүй, дүрмийн эсрэг шийдвэр гаргачихсан. Нэгдүгээрт Хяналтын ерөнхий хороо эрх зүйн чадамжгүй. Хоёрдугаарт Хяналтын ерөнхий хороо АН-ын дүрмийн нэг ч заалтыг баримтлаагүй. АН-ын дүрэмд намаас хасах гэж байгаа бол заавал гурав хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан.
Гэтэл сая 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдсан болоод л тэр өдөртөө намаас хасах шийдвэр гаргачихаж байгаа юм. Нөгөөтэйгүүр Хяналтын хороогоор хэлэлцүүлэхдээ мэтгэлцээний зарчим дээр үндэслэсэн байна гэж заасан. Гэтэл түүнийг ч огт авц хэлэлцээгүй байх жишээтэй. Хамгийн гол нь эрхзүйн чадамжгүй Хяналтын ерөнхий хороо, бүх процедураа зөрчсөн шийдвэр гаргасан.
Энд би нэг зүйлийг маш хариуцлагатайгаар мэдэгдэхэд тэр найман гишүүнийг хөөсөн шийдвэр ерөөсөө гараагүй шүү. АН-ын дүрмээр Хяналтын ерөнхий хороо дүгнэлт л гаргадаг юм. Яг эцсийн шийдвэрийг намын удирдлага гаргах дүрэмтэй. Тэр удирдлагын нэг гишүүн нь би байхгүй юу.
Улаанбаатар хотод хийх ажил маш их байна. Миний хувьд үнэндээ өдрийн 24 цаг хүрэлцэхгүй үе их байна.
-Тэгвэл тэдгээр найман гишүүнд өөр ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үү?
Энэ асуудлын тухайд яриад байвал олон юм хэлж болно. Яг үнэнийг хэлэхэд намын даргын эсрэг кноп дарах нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй л дээ. Яагаад хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй вэ гэвэл нэгдүгээрт УИХ дахь намын бүлэг Н.Алтанхуяг даргаас ҮЗХ-г хуралдуулъя гэж шаардсан. ҮЗХ бол намын их хурлын чөлөөт цагт шийдвэр гаргах хамгийн том байгууллага шүү дээ.
Засгийн газрын талаар ҮЗХ-гоор шийдвэр гаргуулъя гэхэд Н.Алтанхуяг дарга эсэргүүцсээр байгаад хуралдуулаагүй. Олон жилийн өмнө М.Энхсайханыг огцруулах асуудлыг ҮЗХ-оо шиг намын дээд байгууллагаар хэлэлцэн шийдвэрлэж байсан юм. Гэтэл энэ удаа асуудлыг тэгж шийдээгүй.
Хоёрдугаарт Н.Алтанхуяг дарга өөрөө АН-ын дүрэм зөрчсөн. Ер нь бол Н.Алтанхуяг дарга өөрөө эрхзүйн чадамжгүй. Энэ хүнийг АН-ын их хурлаар баталгаажуулаагүй байхгүй юу. Хоёрдугаарт АН-ын дарга нь дөрвөн жилийн бүрэн эрхтэй байх ёстой юм. Гэтэл Н.Алтанхуяг дарга одоо зургаа дахь жилдээ явж байгаа.
-Сүүлийн үед ардчилсан хувьсгалын олон партизан АН-ын ҮЗХ-оог эрх зүйн болон ёс суртахууны эрхгүй гэж шүүмжилж байгаа. Нөхөн сонгууль явагдахгүй, ҮЗХ-ны бүрэлдэхүүнд ерөөсөө шинэчлэл хийгдэхгүй байна гэж шүүмжилж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
Би ардчилсан хувьсгалын нэг партизан нь л даа. Уг нь өнөөдрийн ҮЗХ-оо эрхзүйн чадамжтай юу гэвэл чадамжтай. Гол учир нь АН-ын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн жилүүдэд ерөөсөө ротаци хийгээгүй. Эрч хүчтэй шинэ залуу хүмүүсийг ҮЗХ-нд оруулж ирэх ёстой.
ҮЗХ-оо шинэ сэтгэлгээгээр ажиллаж, АН-ыг амьд эрч хүчтэй байлгахын тулд заавал ротаци хийгдэж шинэ хүмүүсээр цус сэлбэж байх учиртай юм. Гэтэл энэ чухал ажил сүүлийн зургаан жилд ерөөсөө хийгдээгүй гэхэд болно.
Өнөөдөр АН-ын ҮЗХ-нд нөгөө л Алтангадас, МҮДН-ынхан олонх болж хамаг гол шийдвэрт нөлөөлсөөр байгаа нь яалт ч үгүй үнэн. Хамгийн гол нь энэ байдлыг бид тэмцэж байж өөрчлөх л ёстой. Удахгүй ҮЗХ-гоор АН-ын дараагийн даргыг ярилцах үед энэ асуудлыг ярилцана. Бид энэ асуудлаар тодорхой чиг шугам баримтална. Байр сууриндаа ч хатуу зогсоно.