А.Бакей: Улс төр гэдэг учир мэдэхгүй хүүхдийн тоглоом шиг болчихлоо
УИХ-ын гишүүн А.Бакейгаас дараах тодруулгыг авлаа.
-УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах албан бланк дээр таныг гарын үсэг зурсан гэж байна. Нийт АН-ын 15 гишүүн нэгдсэн сурагтай?
Сүүлийн үед өөрөө ч мэдээгүй байхад зарим хүн намайг төлөөлж ярьдаг болчихсон юм шиг байна. Тийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Яагаад гэвэл эдийн засаг, улс орны нөхцөл байдал хүндрэлтэй байна. Ийм үед эрх барьж байгаа нам, эвслийн бүлэг өөр хоорондоо учраа олохгүйгээс улс төрийн хүндрэлийг давхар бий болгох нь зохимжгүй.
Тиймээс УИХ-ын гишүүний хувьд итгэл үнэмшлээрээ аливаа албан бичигт гарын үсэг зурахдаа их хариуцлагатай ханддаг. Надаас “Дэмжих үү" гэж асуусан. Би гарын үсэг зураагүй. Боломж байхгүй гэдгийг ч хэлсэн. Г.Батхүү, Б.Болор гээд АН-ын олон гишүүн гарын үсэг зурсан гэгдэж байгаа ч бүгд худал юм билээ.
-Бас Мальта, Румын улсаас цацагдсан хуурамч гэх мессежийн асуудалд ч УИХ-ын гишүүд өртлөө?
-Ойрын хэд хоногт улс төрийн хүрээнд байгаагүй сонин үйл явдлууд өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ- ын гишүүд өөрсдөө мэдээгүй байхад утасны дугаараас нь иргэдэд мессеж илгээгдсэн байсан. Түүний нэг ньби. Өнөөдөр мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ үед давуу талыг нь бид ашиглажбайгаа ч аюулгүй байдлыг төр засгаас онцгой анхаарах хэрэгтэй болсныг харуулж байна.
Цаашид улс төрийн зорилгоор ч юм уу, өшөө авах сэдлээр, ард түмнийг төрийн эсрэг турхирах, заналхийлэх шинжийг агуулах аваас сайн үр дүн дагахгүй. Тэгэхээр сонсоод өнгөрөх бус хаанаас юу явуулав гэдгийг албан ёсоор тогтоож дахин ийм зүйл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Би асуудалд эмзэглэж байгаадаа бус энэ байдал энгийн үзэгдэл болох вий гэдгээс сэрэмжлүүлж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол асар том асуудал.
Гэхдээ ирэх лхагва гаригт Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон.
-Улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор сөрөг PR их явж байх шиг. Ер нь Засгийн газрын асуудлаа хэзээ цэгцэлж, УИХ үндсэн ажлаа хэзээ хийж эхлэх гээд байна вэ?
Чин үнэнийг хэлэхэд энэ долоо хоногт багтааж цомхотгол, бүтцийн өөрчлөлтийн асуудлыг дуусгах ёстой гэж үзэж байгаа. Эцэс төгсгөлгүй хэрүүл үргэлжлээд байх аваас нийгмийн ухамсарт буруу төлөвшил бий болгоно.
Ялангуяа төрд итгэх ард түмний итгэлийг бууруулах, тэр нь улс оронд тогтворгүй байдал бий болгох, хямарч байгаа эдийн засгийг улам хүндрүүлэх, ард иргэдийн амьдралыг улам уруудуулах нөхцөл байдалд хүргэх вий гэдгээс болгоомжлох ёстой. Тиймээс Засгийн газрын бүтцийн цомхотгол, Ерөнхий сайдыг огцруулах эсэх гээд улстөржсөн асуудлуудаа нэн яаралтай нэг талд нь шийдэх шаардлагатай байна.
Мэдээж улстөрчид өөр өөрийн байр сууриас хандаж байгаа ч гэлээ улстөрчдийн хувийн үзэл бодлоос илүү улс орны эрх ашгаа харах хэрэгтэй байна. Өнгөрсөн сонгуульд амласан амлалтыг нь сонгогчид мартаагүй байгаа. Сонгогдсоныхоо дараа тангараг өргөснөө ч УИХ-ын гишүүд мартах ёсгүй. Улс төр гэдэг учир мэдэхгүй хүүхдийн тоглоом шиг болчихлоо.
Гэхдээ ирэх лхагва гаригт Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон. Шинээр сайдад нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн асуудлыг ч холбогдох байнгын хороо нь хэлэлцэнэ.
-АН-ынхан дотооддоо хэд хэд хуваагдах шиг болсон. Өнөөдөр ойлголцож, нэгдэж чадав уу. Засаг унах юм биш биз?
Энэ асуудлыг АН- ын бүлэг бас бус түвшинд зохих хэмжээгээр ярьж байгаа. Гишүүд ч зөв, нэгдсэн ойлголтод хүрч эерэг хандлага ажиглагдаж эхэлсэн. Бидэнд ч ухрах зав зай байхгүй болсон байна. Төсвөө арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Нэгнээ огцруулахаас түрүүнд нийгэм эдийн засгийн олон чухал асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.