Намаасаа хасах тогтоолыг ҮЗХ-оор баталгаажуулна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодрууллаа.
2014.11.07

Намаасаа хасах тогтоолыг ҮЗХ-оор баталгаажуулна

Ерөнхий сайдыг огцруулах саналыг АН-ын нэр бүхий гишүүд дэмжсэн, мөн тус намын долоон гишүүн учир шалтгаангүй чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүйгээс Засгийн газар огцроход хүрсэн. Тэгвэл АН-ын дүрмээр намын гишүүн Засгийн газрынхаа эсрэг санал дарж, тэр нь засгаа огцруулахад хүргэсэн бол намаас хөөнө гэж заасан. 

Тэгвэл тус намын Хяналтын ерөнхий хороо хоёр өдрийн өмнө хуралдаж, МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг дэмжиж, санал өгсөн найман гишүүнийг намаасаа хасах тогтоол гаргаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодрууллаа.

-АН-ын Хяналтын хороо найман гишүүнээс намаас хөөх тогтоол гаргасан байна.  Энэ тогтоол хэзээ хүчин төгөлдөр болох вэ?

-Хяналтын хорооны  тогтоол дангаараа хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны тогтоолыг ҮЗХ дэмжвэл хүчин төгөлдөр болно. ҮЗХ өнөөдөр хуралдаж, тэр асуудлыг мөн шийднэ.

-Хэрэв ҮЗХ дэмжвэл АН-ын гишүүдийн тоо багасна. Тэгэхээр Засгийн газраа байгуулахад МАН-аас цөөн гишүүнтэй болчих гээд байна?

-Намаас хөөгдсөн ч тэр хүмүүс УИХ-ын гишүүн хэвээрээ байна. Сонгуулийн үр дүнгээрээ олон суудал авсан нам Засгийн газраа байгуулах учиртай. Тэгэхээр  АН засгаа байгуулаад явна.

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж, бүлгээсээ эсрэг санал өгсөн гишүүдээ хариуцлага тооцох асуудлыг АН-ын Хяналтын хорооны хурлаар хэлэлцээд, Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д,Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг хөөх тогтоол гаргаад байгаа юм.