Д.Баттулга: Намын даргыг солих асуудлыг Их хурлаар хэлэлцэнэ
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.11.10

Д.Баттулга: Намын даргыг солих асуудлыг Их хурлаар хэлэлцэнэ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны  ээлжит бус 43 дугаар хурал Төрийн ордонд хоёр өдөр хаалттай үргэлжилсэн билээ.

Тус хурлаараа хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн талаараа хурлын тэргүүлэгчид болох НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Мөн ҮЗХ-ныхурлаар улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч намын ээлжит бус Их хурлыг ирэх сарын 8-нд хуралдуулах шийдвэрийг гаргажээ. Мөн Хяналтын Ерөнхий хорооны гаргасан тогтоолыг авч хэлэлцсэн байна. Түүнчлэн намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьж, дараа нь МАХН-тай байгуулсан гэрээний талаар хэлэлцэж ҮЗХ-ны гишүүдийн олонхи нь тус гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзжээ.

Ирэх сарын 8-нд хуралдах ээлжит бус Их хурлаараа “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үр дүн болон намын үндсэн дүрэмд хамаарах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн намын даргыг солих асуудлыг Их хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргана гэлээ. Их хурлыг хуралдуулахтай холбогдуулан Ардчилсан намын генсек Ц.Оюундариар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад санал өгсөн найман гишүүнийг намаас хөөх тухай яригдаж байсан. Үүний дараа Хяналтын Ерөнхий хорооноос хариуцлага тооцох тухай тогтоол гаргасан байна. Тус тогтоолыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд гишүүд дэмжээгүй аж.

Мөн ҮЗХ-ны хоёр өдрийн хаалттай хуралдаанаар зарим гишүүд хоорондоо муудалцаж, гар зөрүүлэх нь холгүй байсан гэх мэдээлэлийг Д.Баттулга үгүйсгэлээ.