Ц.Оюундарь: Дотоод сонгуулийн хороог шинээр байгуулсан
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ҮЗХ-ны хурлын талаар өчигдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-ҮЗХ-ны 228 гишүүний 31 нь төрийн албан хаагч болчихсон. Одоо болтол нөхөн сонгууль явуулахгүй байгаа. Үүнийг хэзээ хийх вэ?
Энэ ажлыг намын Дотоод сонгуулийн хороо зохион байгуулдаг. Гэтэл сонгуулийн дараа уг хорооны долоон гишүүний дөрөв нь төрийн албан хаагч болоод бүрэлдэхүүнгүй болчихсон. Энэ асуудлыг сая ҮЗХ-гоор шийдэж, орны хүмүүсийг томиллоо. Одоо ямар ч сонгуулийг тэд зохион байгуулах эрхтэй.
-Төрийн албан хаагч болчихсон атлаа Г.Дэнзэн ҮЗХ-ны хуралд оролцлоо гэх шүүмжлэл байна.
Төрийн болон төрийн захиргааны албан тушаалтан болсон хүмүүс л ҮЗХ-нд хамаарахгүй болно. Төрийн үйлчилгээний албан хаагч бол хамаагүй. Үүнийг хүмүүс хольж ойлгоод байна.
-Ерөнхий сайдыг огцруулах тухай санал хураалтад оролцоогүй гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
Эс үйлдэл хийсэн бол сануулах, улс төрийн албан тушаалд дэвшүүлэхгүй байх, сонгуульт албанаас нь чөлөөлөх гэх мэт заалт бий. Гэхдээ зөвхөн өргөдөл ирүүлсэн тохиолдолд л Хяналтын ерөнхий хороо хуралдаж, асуудлыг шийддэг. Одоогоор эсрэг санал өгсөн найман гишүүнтэй холбоотой гомдол л ирүүлсэн юм билээ.
-Хуралдааныг хаалттай явуулсан ч танай гишүүд энэ тухай байнга жиргэсэн. Тэдэнд ямар нэг хариуцлага тооцох уу?
Хэдийгээр хурал хаалттай болсон ч мэдээлэл гарсан. Гэхдээ энэ бол зөвхөн гишүүдийн хувийн байр суурь, албан ёсны мэдээллийг одоо л хийж байна. Мэдээж гишүүд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.